Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2020.01.22/ Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор шинэ он гарахын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг Болгар улсад суух Элчин сайдаар томилохоор дэмжсэн нь анхаарал татаад байна.
Өмнө нь түүнийг ОХУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдад санаархаж байна гэх мэдээлэл цацагдсан ч Ерөнхийлөгчид гологдсон. Харин энэ удаад намын нөхөд нь Болгарт суух Элчин болгохоор зүтгүүлсэн нь Ерөнхийлөгчийн таалалд нийцэх үү гэдэг асуултыг үлдээгээд буй.
Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эзгүй, Швейцарын Холбооны улсын Давос хотод зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна. Чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Норвегид айлчилна. Иймээс Ерөнхийлөгч Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудлаар энэ долоо хоногт хараахан шийдвэрээ гаргахгүй, харин шинэ долоо хоногт эх орондоо ирсний дараа саналаа өгөх боломж бүрдэх бөгөөд Ц.Цэнгэлийг дахиад голох уу, эсвэл МАН-ын хүсэлтийг хүлээн авах уу гэдэг тодорно.
Хэрэв Ерөнхийлөгч түүнд виз олговол УИХ-ын сонгуульд Булган аймагт МАН-аас нэр дэвших сонирхолтой байгаа горилогчдод нэг өрсөлдөгч нь явж санааг нь амраах болоод байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ