Тэртээ 2000-аад оны эхэн үед эдийн засагт бага хувь нэмэртэй байсан уул уурхайн салбар өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн салбар болтлоо хөгжиж, энэ хэрээр эдийн засаг гурав дахин томорсон. Цаашид ч уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийг тодорхойлох гол хүчин зүйл байсаар байна. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн ажиглалтаар манай улсын эдийн засгийн бүтцэд өөрчлөлт гарах болжээ. Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газрууд олноор бий болсон нь худалдаа, үйлчилгээний салбар манай улсын эдийн засагт томоохон байр суурийг эзлэх болов
Худалдааны салбар нь ДНБ-ий 16.7 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 38.8 хувийг бүрдүүлж байна.
Тодруулбал, эдийн засгийн салбарын бүтцийг авч үзвэл сүүлийн хэдэн жилийн дунджийг авч үзвэл уул уурхайн салбар 19.6 хувь, бөөний болон жижиглэн худалдааны салбар 18.07 хувь, хөдөө аж ахуйн салбар 11.93 хувь бол боловсруулах үйлдвэрийн салбар 9.57 хувийг тус тус эзэлж байна.
2018 онд худалдааны салбарын нийт борлуулалт 21 мянга 639.3 тэрбум төгрөг байсан бол нийт үйлдвэрлэл /татвар хассан дүнгээр/ нь 5516.8 тэрбум төгрөг болжээ. Үүний зэрэгцээ худалдааны салбарт үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллагын тоо ч жилээс жилд өсч байна. Жишээлбэл 2014 онд энэ салбарт 22 мянга 793 аж ахуй нэгж, байгууллага байсан бол 2018 онд 33 мянга 390 болтлоо өсчээ.
Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт аж ахуй нэгж байгууллагын тоо 2014 онд 59 мянга 843 байсан бол 2018 онд 85 мянга 749 болтлоо өссөн байна. Энэ салбар ДНБ-д 1 хувийг эзэлж байна.
Монгол Улсад 2018 оны байдлаар статистикийн мэдээнд хамрагдсан зэрэглэлийн одтой 374 буудал байгаагаас 5 одтой долоо, 4 одтой найм, 3 одтой 22, 2 одтой 11, 1 одтой 326 буудал байна. Манай улсад дээд зэрэглэлийн буудлууд ашиглалтад орсон хэдий ч үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний жилүүдэд зэрэглэл тогтоодоггүй, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь тогтворжсоны дараа зэрэглэл тогтоодог байна. Тиймээс тэдгээр шинэ буудлуудын мэдээлэл ангилалд бүртгэгдэж байгаа нь энгийн буудлын тоо болон өрөөний тоо өсөхөд нөлөөлжээ.