БНХАУ-ын Статистикийн газрын мэдээгээр ДНБ-нийх нь өсөлт 6,9 хувь болж 2009 оны гуравдугаар сараас хойш хамгийн доогуур үзүүлэлт болжээ.
"Урьдчилсан мэдээгээр, Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилийн үзүүлэлтээр эхний улиралд 7%, хоёрдугаар улиралд 7%, гуравдугаар улиралд 6,9%" байна” гэж Хятадын Статистикийн товчооны мэдэгдэлд өгүүлжээ.
"2015 оны эхний гурван улиралд дэлхийн эдийн засгийн өсөлт сулхан сэргэлттэй байгаагийн дарамтад Хятадын эдийн засаг байлаа. Энэ ээдрээтэй цагаар ХКН-ын Төв хороо, Хятадын Төрийн зөвлөл эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах цуврал арга хэмжээг авлаа. Үүний үр дүнд эдийн засаг ерөнхийдаа тогтвортой, эерэг хандлагаар өсч байна” хэмээн илтгэлд өгүүлжээ.
Гэхдээ Хятадын эдийн засгийн үзүүлэлт нь эдийн засагчдын 6,8% хувь хүртэл өсөлт саарна гэдгээс дээгүүр гарлаа. Энэ жилийн гуравдугаар сард ерөнхий сайд Ли Кэцян 2015 онд 7%-ийн өсөлтийг хүлээж байгаа гэсэн юм. Эхний хоёр улиралд ДНБ нь тус бүр 7%-ийн өсөлттэй байсан нь шинжээчдийн дүгнэлтээс бас л дээгүүр байсан юм. Гэхдээ олон шинжээчид үнэн хэрэгтээ тэрхүү хоёр улиралд үнэлгээний үзүүлэлт нь доогуур байсан гэдэг.
Есдүгээр сарын эхээр, Хятадын Статистикийн алба улирлын үзүүлэлтийг тооцох аргачлалаа өөрчилсөн бөгөөд уг алба 2014 оны ДНБ-ний өсөлтийг 7,4 хувь гэж байсныг нь 7,3 хувьд хүргэн буулгасан байлаа. Энэ удаагийн Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 1998 оныхтой харьцуулбал хамгийн удаан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР