У.Хүрэлсүх, Ц.Нямдорж хоёрын сэлэм одоо л гялалзах цаг

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх, Ц.Нямдорж хоёрын сэлэм одоо л гялалзах цаг

У.Хүрэлсүх, Ц.Нямдорж хоёрын сэлэм одоо л гялалзах цаг

Тендерт шалгараад ажил гүйцэтгэснийхээ төлөө бизнес эрхлэгч яагаад цагдаагийн хурандаа нарт 2 пентхаус, 30 байр бэлэглэх ёстой юм бэ,  Хууль зүйн сайд аа!.  Зөвхөн нэг пентхаусынх нь өртөг  тэрбум төгрөг гэнэ.  Бас болоогүй “143 м.кв байрыг сайд Ц.Нямдоржид өгөх ёстой, чи өг” гэж бизнес эрхлэгчийг дарамталжээ. Рекетчидтэй тэмцэх ёстой хурандаа нар нэрийг тань барив уу, эсвэл угаасаа ийм аймшгийн аргаар ажил үүргээ гүйцэтгэдэг болсон юм уу.

Уг нь “Бавгар” ХХК-ийн ерөнхий захирал Х.Оюун энэ асуудлаар 2018, 2019 онд Цагдаагийн ерөнхий газарт хандсан юм байна. Гэвч буцааж дарамтлуулсан.

Хамар доор нь шахам цагдаагийн хурандаа нь “Алтан загасны” үлгэрт гардаг эмгэн шиг бизнес эрхлэгчээс байр, пентхаус нэхэж суухад салбарын сайд нь мэдээгүй гэвэл сонин л юм болох байх.  Салбартаа битгий хэл Авлигатай тэмцэх газар, Тагнуул, прокурорын газарт болсон бүхнийг алдалгүй  сонсчихдог хүнд ийм ноцтой мэдээ чихнийх нь хажуугаар өнгөрсөн байж таарах уу, эрхэлж байгаа алба үүргийг нь бодсончиг л…

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2020.01.22/ дээрх мэдээллийн мөрөөр Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлсөн, дотооддоо шалгана гэж мэдэгдлээ. Хамгийн гол нь цагдаа нь хурандаагаа шалгаж чадах уу, чадахгүй шүү дээ.

Хэдэн жилийн өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагад өөрчлөлт хийхээр болж хөдөлж эхлэхэд л тэд салбарынхаа сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулаад зогссонгүй, нэг бүсгүйтэй нэр холбон  хар тамхичин болгож, албанаас нь чөлөөлүүлсэн.  Тийм л нэг адгийн аргатай. Иймээс Авлигатай тэмцэх газар хэргийг шалгадаг уу, ямар ч байсан цагдаагийн харьяанаас гаргаж л шалгах ёстой.

Сар гаруйн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шалгагдаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан ч албаныхан шалгаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг хоёр үзүүртэй зүү шиг хариулт өгөн бөөрөнхийлсөөр эдүгээ энэ хэрэг бас л цейфэнд орж олны анхаарлаас гараад байна.

Хэвлэлүүдэд бичсэнээр энэ хэрэгт түүнийг маргааны эзэд болох хятадуудын авлигын мөнгийг нь зөөж дамжуулсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн гэж мэдээлэгдсэн юм.

Уг нь цагдаагийн хурандаа нартай холбоотой хэрэг энэ мэтчлэн ганц нэгээр задардаг ч хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөн. Эцсийн дүндээ хэргийг нь илчилсэн нэг нь гэмт хэрэгтэн болж, бурууддаг буруу жишигтэй. Өөрөөр хэлбэл, энэхүү бохир тоглоомыг зогсоож чадах эсэх  шударга бус зүйлтэй эвлэрэхгүй тэмцэнэ гэх амлалт өгсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн яамыг удирдаж байгаа сайд Ц.Нямдорж хоёроос л шалтгаалах болоод байна.  Хариуцлагын сэлмээ суйлж, одоо л буруутай этгээдүүдэд нь хариуцлага хүлээлгэх цаг ирлээ. Шударга ажиллаж чадах эсэхийг нь ард түмэн хүлээж байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ч бизнес эрхлэгчдээ хамгаалж, “Бавгар” ХХК-ийн ерөнхий захирал Х.Оюун шиг хуулийнханд дарамтлуулж, аргагүйн эрхэнд авлига өгсөн бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг нэгтгэж, баримтуудыг нэгтгэн олон нийтэд ил болгон зарла. "Шүгэл" үлээгчдээ ч хамгаал. Тэгж байж хуулийн байгууллагад бугшаад байгаа бусдын бизнесийг дээрэмддэг, тендерт ялж ажил авсных нь төлөө авлига нэхдэг, бизнесийг нь хамгаалах нэрээр хувь авч, сааж амьдардаг хурандаа нарт хариуцлага тооцож чадна.

Хуулийн байгууллагад ажилладаг бүхэн авлигач, рекетчин болсон гэж бодохгүй байна. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө нойр, хоолгүй, цаг наргүй амь амьдралаа эрсдэлд оруулан зүтгэж яваа тангарагтаа үнэнч албан хаагч нар олон бий. Тэдний ажлыг харлуулах ч гэсэнгүй. Хамгийн гол нь  хуулийн салбарыг завхруулж, шударга бус зүйлийг өөгшүүлж,  авлига цэцэглүүлж, ард түмнээ, бизнес эрхлэгчдээ рекетэлж  байгаа албан тушаалтныг зайлуулж, их цэвэрлэгээ хийж гэмээнэ нийгэмд шударга ёс тогтоно.

Хууль зүйн сайд аа, та энэ хэрэгт холбогдолгүй бол салбартаа их цэвэрлэгээ эхлүүлэх цаг нь болжээ. Сэлэм одоо л гялалзахгүй бол оройтох нь.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж