Сонгуулийн хуулийн төслийг яаравчлах шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн төслийг яаравчлах шаардлагатай гэв

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон төсвийн тухай хуулиудыг хэлэлцлээ.

“2016 оны сонгууль болох дөхөж байна. Энэхүү сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь улс төрийн намуудын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй” хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.

Мөн тэрээр “УИХ-аас байгуулагдсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг олон сар ажилласан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг тун удахгүй өргөн барихаар төлөвлөөд байна. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар сонгуультай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг өргөн барьсаны дараа нарийн хэлэлцэх болно.

2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг энэ долоо хоногт төсөвт оруулах санал, дүгнэлтээ боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо” гэв.

Хэвлэлийн бага хурлын дараа “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгт бид санал нэгдсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэх хэрэгтэй.

-Төсвийн тухай хуулийн хүрээнд яригдаж байгаа 3000 хүнийг цомхотгох, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг дэмжих үү?

-Манай бүлгээс байгуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Одоогоор төсвийн төслийн талаар олон нийт ямар байр суурьтай байгаа талаар судалгаа явуулж байна. Цаашдаа 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төслийн зүйл заалт бүрийг нарийн судлах болно.

-Сонгуулийн тухай хуульд ажлын хэсгийн гишүүд 2-3 асуудалд санал нэгдэж чадахгүй байгаа учраас өргөн барих боломжгүй гэж Р.Бурмаа гишүүн хэлж байсан. Та Сонгуулийн тухай хуульд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн ахалсан ажлын хэсэг бол том ажлын хэсэг. Энэ ажлын хэсэг холимог системд өөрчлөлт оруулах уу, намын жагсаалтаар сонгох бол ямар байх вэ гэдэг дээр өөрчлөлт оруулахаар ярьсан. Бидний хувьд сонгогч ямар ч тохиолдолд хүнээ сонгоно гэсэн байр суурьтай байгаа. Сонгогч намын рейтэнгийг тодорхойлно гэдэг байр суурийг ч дэмжиж байгаа. Засгийн газраас санал авахаар өргөн барьсан Сонгуулийн хуульд найман зүйл заалтын санал хүргүүлсэн. Хяналтын тооллого хийх, төрийн байгууллагуудын ажиллах эрх хэмжээ, нэр дэвшүүлэх тухай, төрийн албан хаагчийн оролцооны тухай нийт найман зүйл заалтад өөрчлөлт оруулах санал хүргүүлээд байна.

МҮАН-ын тухайд орон даяар нэгж бүр дээр гишүүнчлэлтэй байхыг зорилт тавьдаггүй. Намын төв байрандаа ирээд манай ажилд идэвхтэй оролцоод явах бололцоотой. Хувь хүний хувьд ч би намын гишүүнчлэлийн батлах барьж гүйхээс илүү идэвхтэй оролцоод явахыг дэмждэг. Хэт хавтгайрсан улстөржилт сайн зүйлд хүргэдэггүй.

Т.ДАВААНЯМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж