Хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр /2020.01.22/ мэдээлэл хийлээ.
Шатахуун импортлогчид хуурамч шатахуун нийлүүлж байгаагаас тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна гэж талууд мэдээллээ. Мөн “Монгол Улсад импортолж байгаа шатахуун нь хуурамч гэдгийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өмнө нь мэдээлж байсан бөгөөд энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрын хэмжээнд судалж, шалгах ажлын хэсэг байгуулсан ч өнөөдрийг хүртэл дүгнэлт гараагүй, тодорхой шийдэлгүй , байгаагаас хуурамч шатахуун зах зээлд борлогдсоор байна” гэлээ. Түүнчлэн хуурамч шатахууны асуудлыг шийдвэрлэхүй удаж байгаа тул энэ бүхний эсрэг цаашид тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
“ХУУРАМЧ ШАТАХУУНААС БОЛЖ ЖИЛД 50-60 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧ БАЙНА”
Энэ асуудлыг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяраас тодрууллаа.
-Хуурамч шатахуун хэрэглэснээс жилд 50-60 тэрбум төгрөг ийн хохирол учирдаг гэдгийг яаж тооцож гаргасан юм бэ?
-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй олон засварын газар бий. Эдгээр газруудаар судалгаа явуулсан. “Land cruiser-200”, “Lexus-570” зэрэг үнэтэй машинууд орон нутагт явж байгаад шатахуунаас шалтгаалан эвдэрч байна. Ингээд эвдэрсэн машиныг Улаанбаатарт авчрах зардал нь хоёр сая, засвар нь жилд 20-25 сая төгрөг болж байна лээ. Энэ хоёр компаниас явуулсан судалгаа. Мөн иргэдийн нийтлэг хэрэглэдэг “Crown” машин нь шатахуунаас болж хамгийн эхэнд яндан, яндангийн мэдрэгч нь эвдэрч байна. Яндан мэдрэгч нь л гэхэд 100-120 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна.Ингээд тооцохоор хуурамч шатахуунаас болж нэг айлд жилд 500-600 мянган төгрөгийн хохирол учирч байна. Энэ мэт 1000 гаруй жолооч нарын санал гомдол дээр үндэслэн гарсан тооцоо. Ингээд хуурамч шатахуунаас болж нийт 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байна.
-Нийт хэрэглээний хэдэн хувийг хуурамч шатахуун эзэлж байна вэ?
-Монгол Улсын газрын тосны жилийн хэрэглээ 1.86 сая тонн. Үүний 70 хувийг дизелийн түлш эзэлж байна. Харин газрын тосны нэмэлт бүтээгдэхүүн жилд 200-250 мянган тонн орж ирж байна. Энэ нь нийт газрын тосны хэрэглээний 15-18 хувийг эзэлж байгаа юм. Ингээд тооцвол таван машин тутмын нэг нь газрын нэмэлт бүтээгдэхүүнээр явж, эвдэрч байна. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 15 компани бий. Эдгээр компани ч газрын тосны нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа.
-Энэ асуудлын гаргалгаа нь юу вэ?
-Газрын тосны татварыг чөлөөлснөөр энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирэхгүй болно. Тиймээс холбогдох байгуулалгууд нэгдэн хуурамч шатахууны хэрэглээг халахын төрлөө тэмцэх болно.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ