УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар намын даргын мэдээлэл, Ерөнхий сайдын мэдээллийг тус тус авч хэлэлцсэн байна. Түүнчлэн төсөвтэй холбоотойгоор бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагчийн мэдээлэл, тариалангийн тухай шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг авч шийджээ. Хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийн эхэнд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар АН хоёр хуваагдана гэдэг мэдээлэл олон нийтэд тараад байна. АН-ын хувьд ямар нэгэн өөр нам байгуулж, салж, бутарч байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхий сайдын мэдээлэлд дурьдсанаар, Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлэлцээр тохиролцоонд хүрсэн гэж байна. Тиймээс УИХ-ын чуулганаар хэлэлцэхдээ Ноён уулыг тусгай хамгаалалтанд авах хуулийн төсөлтэй хамт оруулж ирэх шаардлагатай гэсэн чиглэлийг бүлгийн гишүүд өгсөн байна.
Төсвийн тодотголтой холбоотойгоор төрийн захиргааны 3000 ажилтан, албан хаагчыг цомхотгох тухай асуудал яригдаж байгаа. Эдгээр ажилчдыг давтан сургалтанд хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжыг нээж өгөх талаар санал солилцсон байна. Мөн төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулах асуудал бол хувийн хэвшилд илүү боломжийг нээж өгч байгаа гэж АН бүлгийн гишүүд үзжээ.
АН бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас дараах асуудлуудыг тодрууллаа.
-3000 хүнийг ажлаас чөлөөлж давтан сургалтанд хамруулах нь эргээд төсөвт дарамт авчрах юм биш үү? Энэ нь хэмнэлт болж чадах болов уу?
-Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад төрийн захиргааны байгууллагын бүтцийг томрууллаа. Энэ нь төсөвт хүндрэл үүсгэнэ гэдэг асуудлыг МАН-ын зүгээс ярьж байсан. Гэтэл өнөөдөр АН алдаагаа засч, залруулаад 3000 хүнийг цомхотгох тухай яриад эхлэхээр эсэргүүцэж байна. Тиймээс сургалтанд хамруулж, хувийн хэвшилд ажиллах боломжийг нээж өгч байгаа.
-Хувийн хэвшил 3000 хүнийг шингээх боломж байна уу?
-Зах зээлийн жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломжийг нээж өгч байгаа. Цомхотголд орсон албан хаагчид өөрсдөө хувийн хэвшил байгуулаад явах боломжтой гэж харж байна.
-Төрийн захиргааны бүтцийн өөрчлөлтийг АН бүрэн дэмжиж байна гэж ойгож болох уу?
-Төсөвт оруулж ирсэн байдлаар нь бүрэн дэмжинэ.
-Гацууртын ордтой холбоотой асуудал УИХ хурал дээр хэд хэдэн удаа орж ирээд буцаагдсан. Гэтэл Засгийн газар өргөн барихаар болж байна. Үүнийг бүлэг дэмжиж байгаа юм уу. Байн байн өргөн барих гээд байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Гарцууртын орд багагүй хэл амтай байгаа. Одоогийн байдлаар ямар байдалтай болчихсон байгааг та бид бүгдээрээ мэдэж буй. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих байр суурьтай байна. Засгийн газар харилцан тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс УИХ-д энэ асуудлыг оруулж ирвэл АН дэмжинэ. Харин Ноён уулыг тусгай хамгаалалтанд оруулах хуулийн төслийг хамт оруулж ирэх шаардлага тавьсан.
– Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг яагаад наймдугаар сарын 1-нээс хийх шийдвэр гарсан бэ? Энэ нь сонгуулийн дараах засгийн газрын эрхэнд халдсан асуудал болох юм биш үү?
-Дараагийн Засгийн газрын эрх мэдэлд халдаж байна гэсэн шүүмжлэлийг хүлээж авах боломжтой. Нөгөө талаараа 2016 оны төсвийн төсөл дээр тодотголын асуудал яригдаагүй байна. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын өгч байгаа мэдээллээр 2015 оны төсвийн тодотголыг дагалдаж бүтцийн өөрчлөлт орж ирж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явчих юм бол 2016 оны Засгийн газар өөр бүтцээр ажиллах боломж бүрдэнэ. 2016 оны наймдугаар сарын 1 гэдэг бол үүнийг дагасан асуудал. Яагаад гэвэл нэгдүгээр сарын 1-нээс өөрчилж болно гэж МАН ярьж байна. Гэтэл Ерөнхий сайдын өгч байгаа мэдээллээр энэ хуулийг баталж гаргасны дараа хэрэгжих хугацаа болтол зохион байгуулалтын асуудалд цаг хугацаа орно. Тиймээс сонгодог утгаараа хэрэгжиж эхлэх хугацаа нь ирэх оны наймдугаар сарын 1 юм.
Т.ДАВААНЯМ