Ерөнхийлөгчтэй байсан 25 жил

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчтэй байсан 25 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн 25 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” он дарааллын товчоон номын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсноороо онцлог юм.

Уг бүтээлд Пунсалмаагийн Очирбат /1990-1997/, Нацагийн Багабанди /1997-2005/, Намбарын Энхбаяр /2005-2009/, Цахиагийн Элбэгдорж /2009 оноос/ нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны тойм, Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эх болон архивын гэрэл зураг, баримтуудыг багтаажээ. Нийтдээ 500 гаруй богино өгүүлэл, 2500 гаруй үйл явдал, 500 гаруй гэрэл зураг багтсан байна. Энэхүү бүтээлийн нээлтэд үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан эрхмүүд оролцлоо.

Түүх сөхвөл, 1990 оны есдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгчийг сонгоод есдүгээр сарын 18-нд анхны Ерөнхийлөгчийн Тамгын газрыг байгуулсан байна. Ингэхдээ тухайн үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн газарт ажиллаж байсан хүний нөөцийг хоёр хувааж, нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт, нөгөө хэсэг нь УИХ-ын Тамгын газарт хуваарилагдаж, ажлаа эхлүүлж байсан аж. Тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны даргаар Ч.Дашдэмбэрэл ажиллаж байжээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Багабанди сонгогдоход тус газрын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Б.Очирбат удирдсан аж. Тэрээр “Монголын ард түмний эрх ашгийг хамгаалсан цорын ганц хүн нь Ерөнхийлөгч. Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш Ерөнхийлөгчийн институцийг боловсронгуй болгох тал дээр хууль тогтоогч нар дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Эрхийг нь нэмэгдүүлэх шаардлагатай нь өнөөдөр үүссэн нөхцөл байдлаас тодоос тод харагдаж байна” гэж номын нээлтийн үеэр хуучиллаа.

Шийдлийн Засгийн газарт Монгол Улсын сайдын алба хашиж буй М.Энхсайхан нь 1993-1996 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байжээ. Тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын бүтэц нь Хэвлэл мэдээллийн алба, ард түмнээс Ерөнхийлөгчтэй холбогдох алба нь гомдол захидал харилцааны алба нэртэйгээр ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш Ерөнхийлөгчийн алба улам нарийн зохион байгуулалтад орж, өнөөгийн хэлбэрээ олсныг дээрх арга хэмжээний үеэр онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дөрөв дэх үеийн удирдлагаар ажиллаж байсан Л.Амарсанаа тухайн үед хийж гүйцэтгэсэн ажлынхаа тухай “Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын дархлаажуулалтыг нь сайжруулахад онцлон анхаарч ажиллаж байсныг тэмдэглэхийг хүсч байна. Ерөнхийлөгчийн институцийн нэгдүгээр үүрэг бол Монгол Улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг баталгаажуулах явдал” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дээрх арга хэмжээний үеэр “Монгол Улс 1990 онд ардчилалтай золгож, 1960 оны Үндсэн хуульд нэмэлт оруулж, Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа бий болгож, Монгол Улс Төрийн тэргүүнтэй болсон. Улмаар монголчууд шинэ Үндсэн хууль боловсруулж, Ерөнхийлөгчийн институцийг улам баяжуулж, баталгаажуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс идэвхтэй гадаад бодлого явуулж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлэхээс гадна Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийг дээдэлж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.

Ерөнхийлөгчийн институц хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй харьцуулбал өнгөрсөн хугацаанд хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй ажиллаж ирсэн юм” гэлээ.

БНМАУ-ын Ардын Их Хурал 1990 оны есдүгээр сарын 3-ны өдөр П. Очирбатыг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр томилж, 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг томилж, мөн сарын 19-ний өдөр Тамгын газрынхаа бүтэц, орон тоог баталсан байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж