Давосын чуулга уулзалтын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Давосын чуулга уулзалтын эргэн тойронд

Давосын чуулга уулзалтын эргэн тойронд

Дэлхийн эдийн засгийн чуулга  уулзалт Швейцарийн Давос хотноо өчигдөр /2020.01.21/ эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 117 орны 3000 орчим төлөөлөгч, түүний дотор 53 орны төр засгийн тэргүүнүүд оролцож байна. Чуулга уулзалт нэгдүгээр сарын 21-24-ны хооронд дөрвөн хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр 400 гаруй салбар хуралдаан болж улстөрч, эдийн засагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн зэрэг 600 гаруй хүн үг хэлэх юм. Энэ хүрээнд Давос хотноо 5000 орчим цэргийн алба хаагч, цагдаагийн ажилтан ажиллаж байна.

Уулзалтад оролцогчдын 24 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хангалттай үзүүлэлт биш гэж хэвлэлүүд онцолсон байна.

Өдгөө 50 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Давос 2020” чуулга уулзалтын онцлох зочдоор Засгийн газрын хямралаас үүдэн өнгөрсөн жил өнжсөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський, хамгийн сүүлд 2009 онд уг чуулга уулзалтад оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, цаг уурын өөрчлөлттэй тэмцэгч залуу идэвхтэн Грета Тунберг нарыг нэрлэж байна.

Уг чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб “Эв нэгдэлтэй, тогтвортой энхтайвны төлөөх талуудын ашиг сонирхол” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн уулзалтаар олон улсыг хамарсан томоохон хоёр санаачилгыг хэрэгжүүлэх эхлэлийг тавина хэмээн онцолсон. Үүний нэг нь дэлхий нийтийг хамарсан боловсролын хөтөлбөр юм. Энэ санаачилгын хүрээнд дэлхийн нэг тэрбум хүнийг сурч боловсрох нөхцөлөөр хангах аж. Харин удаах санаачилга бол дэлхийн хэмжээнд нэг тэрбум мод суулгах хөтөлбөр бөгөөд экосистемийг шинэчлэх нь ирэх арван жилийн гол зорилт гэдгийг онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илтгэлдээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч нарыг шүүмжилж, АНУ-ын эдийн засгийн өсөлтийг сайшаан магтав.

Дональд Трамп АНУ худалдааны томоохон хэлэлцээрүүдэд маш том ялалт байгуулж, эдийн засгийн өсөлт урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлттэй гарсан хэмээн онцолжээ. Мөн тэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчдийг “дэлхийн сүйрлийг зөгнөгчид”, “гутранги үзэлтнүүд” хэмээн нэрлээд тэдний гол зорилго бол эрх мэдлийг гартаа оруулах байсаар ирсэн хэмээн буруутгасан байна. Түүнчлэн чуулга уулзалтад оролцож байгаа эрхмүүдэд тэднийг сонсохгүй байхыг уриалжээ. Гэхдээ тэр унаган байгалийг хөндөхгүй байх нь чухал гэдгийг ч онцолсон юм.

Харин Дональд Трампыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг залуу идэвхтэн Грета Тунберг хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дэлхийн хэвлэлүүд үл тоомсорлож байна хэмээн дурдсан байна. Түүнчлэн залуу үе, эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт тэр бүр идвэхтэй хандахгүй байгааг шүүмжилжээ. Мөн тэрбээр нүүрс, газрын тос зэрэг шатдаг түлшний хөрөнгө оруулалт, татаас хөнгөлөлт зэргийг бүр мөсөн зогсоохыг эрх баригчдад уриалсан.

Эх сурвалж: QZ, CNN, GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж