"Би харсан, 13 секундийн бичлэг байгаа" гэсэн мессеж ирүүлсэн

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

"Би харсан, 13 секундийн бичлэг байгаа" гэсэн мессеж ирүүлсэн

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд  охин  Б.Цэлмэг, хүү Б.Ганхөлөг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар оролцлоо.

Өмгөөлөгч Ж.Батхуяг “Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан зуурдаар нас барсан. Цагдаагийн байгууллагаас  энэ хэргийг шалгаад найман сар өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Хэргийн үйл явцын талаар гаднын нөлөөгүй юм байна гэсэн мэдээлэл хэвлэлээр явахад ар гэрийнхний зүгээс хүлээцтэй тэвчээртэй явсан.

Монгол заншлаа бодсон ч гэсэн бурхан болоочийг байнга ярих хэцүү. Энэ ч утгаараа албан ёсны мэдээлэл хийгээгүй байсан. Сүүлийн үед хэргийг улс төртэй хутгах, улс төрийн зорилгоор ашиглах явдал илт болоод ирлээ.

Нэгдүгээрт, энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн багийн дүгнэлт эцэлж гарсан. Дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе.

Баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн. Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь  боолтын улмаас үүсэж болдог.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвчний улмаас ухаан алдсан цус харвасан гэх зэрэг мэдээлэл гарсан. Тэгвэл уг дүгнэлтээр өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэдэг дүгнэлт гарсан.

УИХ-ын нэр бүхий гишүүний полиграфын тест авсан. Энэ нь үнэн, худлыг шалгах багаж. "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэсэн полиграфын тестийн дүгнэлт гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлэн өгсөн. Гэвч гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундийн бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр бусад асуудал байсан. Ялангуяа, шүүх эмнэлэгтэй холбоотой. Задлангийн өмнө рентгэн зураг авхуулах гэр бүлийнхний саналыг хүлээж аваагүй, яаралтай шинжилгээнд оруулсан. Онош дутуу, шинжилгээ дутуу хийсэн зүйлс тогтоогдсон. Дүгнэлттэй танилцахад л тийм байгаа.

Гар утасны хувьд цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээнд өгч, тогтоох ёстой. Гэтэл түүнээс нь өмнө дотор нь юу байна вэ гэдгийг тогтоох шинжээч томилсон. Иймэрхүү зөрчил, эргэлзээ бүхий байдлууд байна” гэлээ.

Шинжилгээний явцад оношийг дутуу тавьсан ийм зүйл тогтоогдсон” гэлээ.

Хүү Б.Ганхөлөг "Өнөөдөр бид гурав хэвлэлийн бага хурал зарладаг нь гэр бүлээ төлөөлж хамгийн анхны албан ёсны мэдэгдэл хийж байгаа юм. Найман сарын хугацаа өнгөрөхөд бид маш их тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд хүндхэн өдрүүд өнгөрч байна. Хамгийн гол нь дөрвөн настай үлдсэн манай бага дүү бэтгэрээд хоол ундаа идэж чадахгүй байдалтай байна.  2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Ийм өдрийг хэзээ ч бодож төсөөлж байсангүй.

Цоо эрүүл аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн хамгаалалттай газар, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад ордонд орсон ч буцаж гарч ирээгүй. Энийг гаднын нөлөөтэй гэж үзэж байна.

Өндрөөс унасан гэж байгаа юм. Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унахад нүд нь яагаа ч үгүй. Баруун талын нүд бол тэр хэсэгтээ нэлээн том хавдартай байсан.  Манай өмгөөлөгч ярилаа. Хүзүүн дээр гарсан улайлт бол ойлгомжтой, заамдалцсаны улмаас улайсан тийм улайлт. Өндрөөс унасан хүн хүзүүндээ тийм улайлттай байх уу. Би итгэхгүй байна.

Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм. Амьд явах баталгаагүй болчихсон юм биш үү.Бид цаашдаа яаж амьдрах вэ. Төр нийгмийн зүтгэлтэн, Их хурлын дэд дарга, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан хүн Төрийн ордны тусгай хамгаалалт обьектэд ажлын цагаар амь насаа алдсан байна. Тэгэхэд гудамжинд алхаж яваа жирийн иргэд бид яах вэ. Ийм хэрэг үйлдэгдээд найман сар өнгөрчхөөд байхад ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Жирийн ард иргэдэд иймэрхүү юм тохиолдвол яах вэ, би ойлгохгүй юм байна. Түрүүн хэлсэнчлэн найман сар маш хүнд байлаа. Аавыгаа санаж байна. Бага дүүгийн маань дуу нь ч гарахаа байсан. Монгол Улс төртэй шүүх засаглалтай улс. Хуулийн байгууллага хурдан яаралтай үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Итгэл алдраагүй хүлээж байна” гэлээ.

Охин Б.Цэлмэг “Эмээ өвөө маань өдөр бүр аавын минь зурагны урд олон цаг сууж, залбирч ээж маань ханиа алдсандаа сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноосоо гарсан. Үнэхээр бэтгэрч байна. Аавыгаа ороод ирэх юм шиг санагдаад хааяа чихэнд сонсогдоод байна. Аавынхаа хэргийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно. Аавыгаа маш их санаж үгүйлж байна” гэлээ.

Зургийг ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр нийтэд дэлгэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж