Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа

“Төрийн ордны нээлттэй сонсголын танхим”-д Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд холбогдон өнөөдөр /2015.10.19/ дүрст хурлыг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ.

Төслийн хүрээнд төлөөлөгчдийн, сэдэвчилсэн, эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд эдгээр сургалтуудын ач холбогдол, үр дүнтэй танилцахаар дүрст хурлын системээр дээрх дөрвөн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй санал солилцож, харилцан ярилцлаа.

Дүрст хуралд оролцсон төлөөлөгчид төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтууд үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй болсны зэрэгцээ цаг үеэ олсон, харилцан туршлага солилцсон, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах, төр иргэний итгэлцэл болон хамтын ажиллагаа сайжирсан, төлөөлөгчдийн бодлого боловсруулах оролцоо дээшилсэн зэрэг олон чухал ач холбогдолтой байсан гэдгийг илэрхийлж байв. Мөн сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа энэ үеэр хэлж байсан юм.

Өнөөдрийн дүрст хурлыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Баянхонгор аймгаас удирдан явууллаа. Энэхүү дүрст хурлын системийг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаан нь цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэсэн хурал болж байгааг төлөөлөгчид онцолж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж