РИА Новости агентлагийн Оросын хууль тогтоогчдын дунд явуулсан судалгаагаар Улаан талбайд байгаа Владимир Ленины шарилыг өөр газар шилжүүлэх хэрэгтэй, эсвэл одоо байгаа бунханд нь үлдээгээд арчлал, хамгаалалтын зардлыг харин Оросын Коммунист нам хариуцах ёстой гэж үзэж байгаа хүмүүс дийлэнх байжээ.
Энэ сарын 24-нд Оросын большевик хувьсгалын удирдагч Владимир Ленины насан эцэслэсний 96 жил тохиож байна. Хувьсгалын удирдагчийн амьсгал хураасны дараа шарилыг нь занданшуулж, Москва хотын төв талбай болох Улаан талбайд бунханд хүндэтгэлтэй залсаар өнөөг хүрсэн билээ.
Төрийн Думын "Гражданское содействие" хорооны тэргүүн Светлана Ганнушкина “насан эцэслэсэн хүнийг ном ёсоор оршуулах нь амьд үлдэж байгаа хүмүүсийн ариун үүрэг. Энэ бунхан бол хуучны тоталитар дэглэмийн бэлгэ тэмдэг” гэжээ.
Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн гишүүн Роман Романов Ленины бунхныг шилжүүлсэн нь зөв гэсэн байна. “Төв талбайдаа бунхан байлгах нь 21-р зуунтай зохицохгүй зүйл. Хүн ёсны үүднээс бодсон ч ном ёсоор нь оршуулах нв зөв” хэмээн тэр хэлжээ.
Всемирный русский народный собор байгууллагын ерөнхийлөгч Роман Силантьевын үзэж байгаагаар Ленины шарилыг бунханд нь үлдээж болох ч, тэгсэн нөхцөлд бунхны арчилгаа, хамгаалалтын зардлыг Коммунист нам хариуцах ёстой гэжээ. "Коммунист намын зүгээс Ленины бунхныг шилжүүлж, өөрсдийн өмчлөлд оруулах санал хүртэл гарч байсан, би хувьдаа энэ саналыг дэмжиж байна” хэмээн Роман Силантьев хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ