Согтуу жолоочийн балгаар өдөрт нэг хүн хорвоог орхиж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Согтуу жолоочийн балгаар өдөрт нэг хүн хорвоог орхиж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэх, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс зам тээврийн осолд орж, амь насаа алдах харамсалтай хэргүүд буурахгүй байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэчнээн зөрчил бүртгэгдсэн бэ?

-Нийтдээ 2019 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 35491 зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн. Үүнээс жолоодох эрхгүй ангилал нь таараагүй, эрхээ хасуулсан үедээ давтан хөдөлгөөнд оролцсон 6951 хүн бий.

34591 нийт зөрчлийн 6400 нь эмэгтэй жолооч эзэлж байна. Энэ 6400 эмэгтэй жолоочийн 2800 нь давтан буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, шүүхээр баривчилгаанд орсон ийм тоо байгаа.

-Өнгөрөгч долоо хоногт Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарч нэг хүний амь нас эрсдэлээ. Жолоочийн хувьд согтуу байсан гэсэн мэдээлэл бий. Тухайн жолоочид ямар хариуцлага тооцсон бэ?

-Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монголын гудамж Маршал таун хотхоны арын замд Мерседес бенз маркийн авто машин Тоёото премио маркийн авто машинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тухайн үед Мерседес бенз маркийн авто машиныг унаж авсан А гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тоёота маркийн автомашиныг жолоодож явсан 45 насны эрэгтэй ослын улмаас газар дээрээ амь насаа алдсан. Осол хэргийн цар хүрээнээс шалтгаалаад хугацаа шаарддаг. Уг ослыг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.

-Согтуугаар үйлдсэн осол хэргийн тоо төдийлөн буурахгүй байна. Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүнийг 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгож жолоо барих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хасна. Эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох юм бол 7-30 хоног шүүхийн шийдвэрээр баривчилгаанд явж байгаа.

Харин тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулна. Жолооч өөрөө драйвер багаж үлээх чадвартай биеийн байцаалт бүрэн, жолооны үнэмлэх, машины гэрчилгээ бүрэн байх юм бол жолоочийг хариуцах хүнд хүлээлгэн өгөөд явуулах боломжтой. Биедээ бичиг баримтгүй, багаж үлээх чадваргүй байх юм бол эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгнө.

-Өнгөрсөн онд зам тээврийн осол хэрэг үйлдээд ослын газраас зугтсан нийт хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-2019 онд Тээврийн цагдаагийн албанд нийт 16 эзэнгүй буюу хүний амь насыг хохироогоод орхиод явсан хэрэг бүртгэгдсэн. Үүнийг бид зуун хувь илрүүлсэн. Тэгэхээр зөвхөн жолооч гэлтгүй явган зорчигч жолоодох хэсэг дээр согтуугаар явж байгаад зам тээврийн ослын хохирогч болж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центрийн баруун талд 50 орчим насны хүн машинд мөргүүлээд унасан байсан. Уг хэргийг үйлдсэн жолооч хэргийн газраас зугтаасан байсан. Он гарахтай зэрэгцээд хөдөлгөөн ачаалалтай байсан ч жолооч нар зам дээр унасан хүнийг тоолгүй тойроод явсан. Тиймээс жолоочийн үүргээ биелүүлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй буюу осолд орсон хүнд анхан шатны тусламж үзүүлээгүй гэдгээр тухайн тээврийн хэрэгслүүдэд анхан шатны арга хэмжээг тооцсон. Осол гаргасан жолоочийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр өглөө илрүүлсэн.

Өчигдрийн байдлаар нийслэлд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 23 зөрчлийг илрүүлсэн. Өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн замд Тоёота приус маркийн авто машин Хонда болон маркийн авто машин Дээвоо маркийн автомашинтай мөргөлдсөн. Улмаар суудлын тэрэгт зорчиж явсан 4-8 насны гурван хүүхэд гэмтсэн. Ингээд мөргөсөн гэх Тоёота приус маркийн жолоочийг шалгахад согтууруулах ундаа согтолтын зэрэг нь 2.44 байсан.

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна уу?

-Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэний тоо өнгөрсөн оны тоон үзүүлэлттэй харьцуулахад улсын хэмжээнд 0.2 хувь, нийслэлийн хэмжээнд 6.4 хувиар буурсан боловч орон нутагт 1.9 хувиар өсөлттэй байгаа. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хөдөлгөөнт байдлаар зам талбайд хяналт тавиад явж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт дунджаар энгийн өдрүүдэд 30 орчим зөрчил бүртгэгддэг. Тухайлбал, архи уучихсан хаанаас явснаа мэдэхгүй дэргэдээ хүүхдээ суулгачихсан жолооч нар зөндөө байдаг. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийн ухамсар чухал байна.

-Дуудлагын жолоочийн тухайд иргэдэд юуг зөвлөх вэ?

-Манай улсын хувьд дуудлагын жолоочийн асуудал эрх зүйн талаас дутмаг байна. Зарим даатгалтай газруудад хариуцлагатай жолооч нар бий. Харин энэ төрлийн тусгай зөвшөөрөл өгдөг хариуцсан аж ахуй нэгж цөөхөн байна. Дуудлагын жолооч нарын дийлэнх нь жолоодох эрхгүй, өмнөх өдөр уусан архи нь гараагүй эсвэл эрхээ хасуулсан, тухайн тээврийн хэрэгслийг барьж үзээгүй хүмүүс мөнгө олох санаа зорилготойгоор иргэдэд үйлчилж байдаг. Тиймээс баталгаатай газраас дуудлагын жолооч дуудахыг зөвлөе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж