“Сайн бүтээл хийхэд үнэтэй будаг, хэрэгсэл хэрэггүй” | News.MN

“Сайн бүтээл хийхэд үнэтэй будаг, хэрэгсэл хэрэггүй”

“Сайн бүтээл хийхэд үнэтэй будаг, хэрэгсэл хэрэггүй”

“Сайн бүтээл хийхэд үнэтэй будаг, хэрэгсэл хэрэггүй”

Амьдралын олон “өнгө” дундаас хайр, элбэрэл, амар амгалан, аз жаргалыг өгүүлэхийг хүсдэг нэгэн зураачийн урланд саатлаа. Дэгдээхийгээ дагуулсан хос хун, янзагаа дагуулсан халиу буга, цуутын цагаагч гүү гээд эх, үрийн хайр, энэрэлийг байгальтай нь дүрслэх энэ урлан бол зураач Х.Баярынх. Тэрбээр хайпер реализм чиглэлийн зураач бөгөөд сүүлийн нэг жил өнгийн харандаагаар бүтээл туурвиж буй уран бүтээлч.


Түүний урланд усан, тосон будаг, өнгийн гуаш, нарийн бийрээс илүүтэй өнгийн харандаа харагдана. Энд тэндгүй харандаа. Тэрбээр хөх тэнгэрийн дор хөдөө талд малаа хариулж буй охиныг дүрсэлжээ. Энэ бүтээлийн нэр нь “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”.

Зураач Х.Баяр энэ бүтээлээ Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн тоглосон “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” уран сайхны киноны нэрээр нэрлэсэн гэх. Учрыг асуувал “Тэр киноны нэр энэ бүтээлд яг таараад байгаа юм” хэмээн товчхон хариулна.

Хонио хариулж буй охины зүүдэнд бурхан болсон ээж нь ирэхдээ уншиж буй номынх нь баатар болох үзэсгэлэнт лусын дагинын дүрээр ирнэ. Хариулж яваа мал сүрэг, нохой нь зүүдэнд нь хамт. Хөх тэнгэр нь далай тэнгисийн ус болон хувирчээ. Зураг хараахан дуусаагүй байв.

Зураач Х.Баяр ирэх тавдугаар сард өөрийн бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар бэлдэж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн 2017, 2018 онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд 2019 онд өнгийн харандаан бүтээл дээр түлхүү ажиллажээ. “Монголд өнгийн харандаагаар олон зураач зурдаггүй. Үүгээр дагнаж уран бүтээл хийдэг зураач байхгүй. Энэ бол цоо шинэ төрөл учраас дагнан уран бүтээл хийхэд их цаг хугацаа шаардсан” гэдгийг зураач тодотгон хэлсэн юм.

“САЙН БҮТЭЭЛ ХИЙХЭД ҮНЭТЭЙ БУДАГ, ХЭРЭГСЭЛ ХЭРЭГГҮЙ”

Тэрбээр “Заавал үнэтэй брэндийн будаг, эд хэрэгсэл хэрэглэж гоё бүтээл төрдөггүй юм. Энгийн харандаагаар маш сайн бүтээл хийж болно” гэдгийг хүүхэд, залууст харуулахыг зорьсон гэв. Түүний үзэсгэлэнд өнгийн харандаагаар зурсан 20 гаруй бүтээлээс гадна тосон будгаар урласан шинэхэн бүтээлүүд нь ноёлох гэнэ.

Өнгийн харандаан бүтээлээс гадна түүнийг бүтэн жил “шаналгасан” усан будгаар зурсан бүтээл бол Маршал Г.К.Жуковын хөрөг. Урлангийн хананд Жанжин Д.Сүхбаатар, Ж.Лхагвасүрэн жанжин, Маршал Г.Дэмид, Л.Дандар баатар зэрэг Монголын түүхэн баатрууд эгнэх аж. Тэдний нэг болох ЗХУ-ын баатар, Маршал Г.К.Жуковын Монголд үзүүлсэн нөлөө, Халх голын дайны тухай бүтээл маш нарийн ажиллагаатай, хугацаа их шаардсан бүтээл болсон нь нүднээ илт харагдана. Зөвхөн энэ бүтээлийг зурахад тав, зургаан сарын хугацаа шаарджээ.

Зураач болгон өөр өөрийн ертөнц, арга барилтай. Өнгийн харандаагаар бүтээл хийхэд цэвэр нарийн үзүүрээр ажилладаг. Харандаагаа маш урт үзүүрлэнэ. Үзүүр нь жаахан сарнивал дахин үзүүрлэнэ. Тийм учраас харандаа маш хурдан дуусдаг гэнэ.

“ӨНГИЙН ХАРАНДААГААР ЗУРАГ ЗУРАХАД ЦАГ ХУГАЦАА ИХ ШААРДДАГ”

“Харандаагаар зураг зурахад их хугацаа шаардана. Жижиг бүтээл гэлтгүй. Хүмүүс А4 цаасан дээр өдөртөө зураг зурчихна гэж боддог. Гэтэл тэр хэмжээний зургийг бүтэн сарын хугацаанд зурах тохиолдол ч бий. Жишээлбэл, жүжигчин Р.Анхнямын хөргийг бараг нэг сар зурсан. Ер нь зураачийн арга техникээс гадна өнгийн харандаагаар зураг зурахад цаг хугацаа их шаарддаг” талаар зураач ярьсан юм.

Зураач Х.Баяр Дүрслэх урлагийн сургуулийг 1994 онд зураач, дизайн чиглэлээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ сургууль төгссөнөөс хойш тууштай 20-иод жил зургаа зурж буй уран бүтээлч юм.

Тэрбээр Оросын алдарт зураач Иван Шишкиний бүтээлийг хуулж зурахаас гадна байгалийн зургийг хуулж зурдаг байсан нь одоогийн реалист урсгалаар зурахад их нөлөөлжээ. Тэр дундаа хайпер реализм чиглэл нь бодит байгалийн зураг дээр илүү нарийн ажиллана гэсэн үг. Зарим зураач амьтан эсвэл хөргөө зурчихаад бусад хэсгийг нь уусгаад орхичихдог бол хайпер реализм нь зургийн бүх талбай дээр ажиллаж, нарийн ажиллагаа шаарддаг төрөл ажээ.

“УРЛАНДАА ӨДРИЙН 12-16 ЦАГИЙГ ӨНГӨРҮҮЛДЭГ”

Урландаа өдрийн 12-16 цагийг өнгөрүүлдэг зураач “Ер нь айхтар хар бараан зүйл дүрслэх дургүй” гэх. Тэрбээр “Би өөрөө их тайван, дөлгөөн хүн. Энэ зан араншин маань бүтээлийн өнгөнд их нөлөөлдөг байх. Магадгүй хурц зантай хүний бүтээлд тод өнгө голлохыг үгүйсгэхгүй. Миний бүтээлүүдийг харахад огцом хөдөлгөөнтэй зураг бага. Налайсан амар амгаланг уран бүтээлээрээ илэрхийлэхийг хүсдэг” гэлээ.

Зураач шинэхэн үзэсгэлэндээ зориулан 10 хангал бурхны нэг Лхам бурхныг хайпер реализм чиглэлээр зурахаар судалгаа ажлаа хэдийнэ эхлүүлжээ. Мөн Монгол орны “Улаан ном”-нд бүртгэлтэй ирвэс, буга, шонхор зэрэг зэрлэг ан амьтдыг зурахаар суурийг нь тавьсан байлаа.

Түүнийг зураач болоход төрсөн ах нь их нөлөөлсөн гэнэ. Урлагийн хүрээнийхэн шаазан урлалын мастер Х.Хадхүүг андахгүй. Ах нь дүүдээ зураг зурахыг зааж, шалгалтад нь хамт бэлддэг байсан тухай зураач Х.Баяр дурсан ярьсан. Магадгүй төрсөн ах, дүү уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргахыг ч үгүйсгэхгүй юм.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-22 66.181.189.165

Жинхэнэ сайн дурын уран сайханч гарын дуйтэй гар гэдэг чинь энэ дээ мэргэжлийн болоод урлагын талаар А ч угуй эр бн гэхдээ манайхан яг чиний наадхыг чинь л сонирхох хэмжээны хумуус бд юм

Avatar

Artist London 2020-01-22 90.207.127.157

Great !

Avatar

Зочин 2020-01-22 150.129.140.144

ДУУ АЛДМААР БҮТЭЭЛҮҮД БАЙНА . ЭНЭ СӨРӨГ КОММЕНТЧИД ӨӨРСДӨӨ ЮУ ЧАДДАГ ЮМ БОЛ ДОО .

Avatar

Зочин 2020-01-22 202.126.88.133

За яахав дэ фото зурагнаас хуулж Монтаж маягаа хооронд н эвлүүлж зурдаг хүн бн. Уран зураг гэхэд хэцүү л юм бн

Avatar

жагаа 2020-01-22 122.201.23.44

манай зураач барималчид аймаар онгироо зурж бгаа зургаа дандаа миний Бүтээл, уран бүтээл гж сагсуурна. даруухан байлда бөгст монголчууд аа. Барууны зураачид Миний хийж бгаа юм, миний ажил, миний зурсан зураг гж даруухан ярьдаг.

Avatar

Б. Мандах 2020-01-22 202.21.120.190

Реалист зураач Х.Баярын уран бүтээл бүрийг шимтэн үздэг, шүтэн бишрэг чинь билээ би. Би өөрөө уран зураг сонирхогчийн хувьд бүтээл бүрийн цаана ямар асар их хөдөлмөр байгааг сайн гадарлаж байна. Бие бодоорой. Дасгал хөдөлгөөн их хийж байхыг зөвлөж уран бүтээлийн их амжилт хүсэн ерөе.

Avatar

Hyper 2020-01-22 202.126.88.174

Hyperrealism гж шаал өөр юм бдаг юм. номын чимэг маягийн л зураг зурдаг юм бн

Avatar

Зочин 2020-01-22 202.170.80.25

Mash saikhan buteel tuurvijee, mundag zuraach bna.

Avatar

Good job 2020-01-22 98.253.30.34

Saihan zurjee.

Avatar

zochin 2020-01-22 122.201.22.151

Гайхалтай

Avatar

Зочин 2020-01-22 202.179.27.92

Танд уран бүтээлийн арвин их амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-01-22 202.9.46.100

Урланг нь хаана байдгийг мэдэж яахнав? Элбэгдорж шиг зураг хулгайлах нь уу?

Avatar

Зочин 2020-01-22 103.212.118.75

Энэ хуний урлан хаана байдаг вэ?

Avatar

Зочин 2020-01-22 66.181.165.160

gaihamshigtai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж