С.Эрдэнэ: "АН-аас нэр дэвшинэ гэж өөрийгөө зарлах нь дүрмийн бус"

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: "АН-аас нэр дэвшинэ гэж өөрийгөө зарлах нь дүрмийн бус"

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө тогтоох хуулийн заалттай. Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг багасгахгүй байх талаар УИХ-ын даргад санал хүргүүлсэн. Эрх баригчдын хувьд зарим аймагт мандатын тоог нэмэх чиглэлтэй байх шиг байна?

-Сонгуулийн тойрог, мандатын тоог хуваарилах асуудалд хот, хөдөө гэж ялгаварлахгүйгээр сонгогчдын төлөөллийг тэгш, тэнцвэртэй байлгах нь туйлын чухал. Энэ зарчмаар АН асуудалд хандаж байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудын жишиг болон парламент бүрдсэн нөхцөл байдлыг харахад дийлэнхдээ орон нутагт мандатын тоо нь илүү байж ирсэн. Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаагаас харвал Улаанбаатар хотод 38-аас доошгүй мандат ногдохоор байна. Хот, хөдөөгийн мандат 38:38 гэсэн тэнцүү байх боломжтой. Гэтэл эрх баригчид хөдөөд тойрог, мандатын тоог нэмэгдүүлэх гэсэн сонирхлоо илт илэрхийлж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл нийслэлийн сонгогчдоос эрх баригчид дайжиж, айж байна гэсэн үг. Нийслэлийн иргэд илүү мэдээлэлд ойр, аливаа мэдээлэлд бодитой хандаж чаддаг зэрэг олон давуу талтай учраас тэд болгоомжилж  байгаа бололтой.

УИХ-ын сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. АН-ын хувьд сонгууль угтсан ямар ажил хийж байна. Сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн үү?

-Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө 2018 онд байгуулсан. Ингэхдээ нийгэм, эдийн засгийг хамарсан нийт 16 бодлогын зөвлөл нь тухайн чиглэлийн салбарынхаа хүрээнд судалгаа шинжилгээ хийж, мөн эрх баригчдын явуулж буй үйл ажиллагаанд дүгнэлт хийх байдлаар ажиллаж ирсэн. Ялангуяа сүүлийн нэг жилд нийгэм, улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж улмаар цаашдаа улс оронд хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай асуудлуудыг шийдэхэд бодлого боловсруулах тал дээр түлхүүтэй ажиллалаа. Саяхан бүх бодлогын зөвлөлийн саналуудыг нэгтгэж, 2020-2024 онд АН-ын хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн төслийг бэлдэх ажлын хэсэг байгуулагдсан.

Мөрийн хөтөлбөрийн төслийн талаарх хэлэлцүүлгийг улс орон даяар буюу нийслэлийн дүүргүүд, хороод, 21 аймаг, сумдын гишүүдийнхээ хүрээнд удахгүй зохион байгуулна. Манай намын үндсэн гол зарчим бол гишүүдийн оролцоотой, тэдний үзэл санааг чухалчилсан аливаа шийдвэр гаргадаг нам болж шинэчлэгдэхийн төлөө явж ирсэн. Тухайн намын мөрийн хөтөлбөр бол хэн нэгэн дарга, удирдлагын дангаар шийдэх асуудал биш, намын нийт гишүүдийн хүсэл сонирхол, оролцооноос бий болох ёстой. Намын гишүүд анхан, дунд шатандаа мэдээлэл дунд, нөгөө талдаа иргэд, олон нийтийнхээ дунд нь байгаа учраас амьдралын илүү үнэн, бодит байдлыг мэдэрч байдаг. Тийм учраас гишүүдийнхээ оролцоо, тэдний санал бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгана. Удахгүй мөрийн хөтөлбөрийн төслөө танилцуулах ажлууд Үндэсний дөрөвдүгээр аяны хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Нэр дэвшигчдийн хувьд ямар цензур тавих вэ. Цензур тавиагүйгээс чамбай улстөрчийг гаргаж ирж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий?

 -Хуулиар тогтоосон үндсэн хэм хэмжээний шаардлагуудыг тавина.

-Тухайлбал?

-Тухайн нэр дэвшигч өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх, хөрөнгө орлогын мэдүүлэг бусад мэдээллээ үнэн зөв мэдээлсэн байх зэрэг хуулиар тавигддаг үндсэн шаардлагуудыг хангасан байх шаардлага тавигдана. Хоёрдугаарт, намын үйл ажиллагааны оролцоо, манлайллыг харгалзахаас гадна олон нийтийн дэмжлэг, нийгэм дэх рейтинг, нэр хүнд нь ямар байна зэрэг олон талын шалгуур тавьж судалгаагаар шийднэ.

Монголын улс төрийн намууд санхүүжилтийн эрүүл саруул, зөв хэлбэрийг өнөөг хүртэл олоогүй байна. Танай намын хувьд эрэгтэй горилогч 100 сая, эмэгтэйчүүдийн хувьд 60 сая төгрөгийн хандив намдаа өгснөөр сонгуульд нэр дэвших эрх нь үүснэ. Энэ босго залуучуудад хэт хатуу нөхцөл биш үү?

-Хэн нэгэнд сонгуульд нэр дэвших эрхийг худалдаагүй. Намаас 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох бэлтгэл ажлыг хангах үүднээс нэр дэвшихээ илэрхийлсэн гишүүд маань урьдчилгаа татвар төлөх замаар намынхаа санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлье гэдгийг манай намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооноос шийдсэн. Энэ зарчмын дагуу урьдчилгаа татвараа төлж байгаа. Түүнээс биш нэр дэвших эрх худалдан авах эсвэл дэнчингийн хэлбэр биш. Хуулиараа нэр дэвших хүмүүс ирэх тавдугаар сард тодорхой болно.

Залуучуудын хувьд 100 сая төгрөг намдаа төлөөд сонгуульд нэр дэвшихэд хүндрэлтэй. Эсрэгээрээ хөрөнгө мөнгөтэй, хүмүүст АН-ын нэрээр сонгуульд өрсөлдөх боломжтой гэсэн шүүмжлэл нийгэмд байна?

-Халаасандаа бэлэн 100 сая төгрөгтэй хүн нэр дэвшинэ гэж шууд утгаар нь ойлгож байхыг үгүйсгэхгүй. Дээр нь өрсөлдөгч намууд улс төрийн тоглолтууд хийж байгаа. Гэхдээ бид асуудалд хоёрхон зарчмыг барьсан. Нэгдүгээрт, санхүүгийн нээлттэй ил тод зарчим. Ямар эх үүсвэрээс АН сонгуулийн зардлаа бүрдүүлэх вэ гэдэгт нээлттэй байх. Хоёрдугаарт, хувь хүний өөрийнх нь чадамж, чадварт нь том шалгуур болно.

Нэг үгээр хэлбэл, халаасандаа бэлэн 100 сая төгрөгтэй хүн биш, тэр хүнийг дэмждэг тодорхой хүрээлэл, найз нөхөдтэй хүн нэр дэвших болзлоо хангана гэсэн үг. Манайхаас бусад улс оронд улс төрийн сонгуульд тухайн нэр дэвшигч хандивын арга хэмжээ зохион байгуул, мөнгө босгож, сонгуульд ордог.

Жишээ нь, саяхан Сөүл хотын даргад бие даан нэр дэвшигч иргэдийн олонхын саналыг авч чадсан. Тэрбээр “Сөүл хотыг дэлхийн шилдэг 10 хотын нэг болгож чадна. Хэрэв дэмжиж байгаа бол нэг ам.долларын хандив өгнө үү” гэхэд түүний хандивын дансанд нь 3 сая ам.доллар төвлөрч дараа нь сонгуульд ялсан саяхны жишээг дурдаж болно. Эндээс юуг харуулж байна вэ гэвэл тухайн хүн бусдад өөрийгөө итгүүлж, ойлгуулж бусдын дэмжлэгийг авч чадвал мөнгө ч босгоно, дэмжлэг авах боломжтой гэдгийг харууллаа.

“100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв” гэж ардын зүйр цэцэн үг бий. Тэр хүн өөрийн дэмжигч 100 сайн найз нөхөдтэй юм бол яаж улс төрд явах юм, хэн дэмжхэв дээ. Өөрийг нь дэмждэг 200 найз нөхөд, хүрээлэл нь найзыгаа дэмжээд 100 сая төгрөг хандивлаж яагаад болдоггүй юм. Энэ үр дүнд 100 сая төгрөг амархан бүрдэнэ. Тэр хүн үнэхээр нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын төрд хэрэгтэй гэвэл түүнийг хэдэн мянган хүн ч дэмжиж болно.

Одоогоор намдаа хандиваа тушаасан хэчнээн хүн байна вэ?

-Нарийн тоог хэлэх боломжгүй. Байгууллагын нууц гэж байдагтай адил энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-100 болон 60 сая төгрөгийн хандиваа намдаа тушаагаагүй тохиолдолд?

-Намын болзол шаардлагыг хангаагүй тохиолдолд нэр дэвшихгүй. Дээр хэлсэнчлэн, өөртөө тодорхой хэмжээний капитал хуримтлуулах чадваргүй, тухайн тогтоосон урьдчилгаа татварыг төлөх боломжгүй хүмүүст нэр дэвших эрхийг нээж чадахгүй. Энэ нь нэг талаасаа хариуцлагын асуудал. Хөндлөнгийн Доржийн зардлыг Туяа төлдөггүйтэй адил биз дээ. Тухайн хүн үүргээ ч биелүүлдэг, хариуцлагаа ч хүлээдэг байх ёстой.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг намын даргын хувьд та шийдэх үү?  

-Үгүй. ҮБХ-ны тогтоолоор шийднэ. Улс төрийн намуудын тухай хуульд тухайн намаас нэр дэвшигчийг намын төлөөллийн төв байгууллагаас тодруулах эсвэл Их хурлаар шийдвэрлэнэ гэсэн заалттай.

-МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны сонгуульд нэр дэвших гишүүдээсээ хандив авахгүй гэж мэдэгдсэн. Энэ нь хэр боломжтой юм бэ?

-Дэлхийд өнөөдөр ямар нэгэн хөрөнгө мөнгөгүйгээр улс төрийн сонгуульд оролцдог, улс төрийн нам, улстөрч гэж хаана ч байхгүй, үлгэр. Тэр тусмаа өнөөдөр эрх баригч нам нэг ч төгрөгийн хандив тусламжгүйгээр сонгуульд оролцоно гэдгийн цаана “Бид төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийнэ” гэсэнтэй агаар нэг. Нөгөөтэйгүүр авлига, хээл хахуулаар бид хангалттай мөнгө цуглуулчихсан, одоо бидэнд нэр дэвшигчээсээ мөнгө авах шаардлагагүй байхгүй гэж хэлсэнтэй адилхан. Магадгүй намын даргынх нь энэ мэдэгдэл бусдаас нэр хүнд олж авах оролдлого. Харамсалтай нь боломжгүй зүйл. Дайн байлдаанд зэвсэггүй арми удирдаж орохтой адилхан.

"Г.УЯНГЫГ РОТАЦИЙН СОНГУУЛЬД БҮРТГҮҮЛЭХ ГЭЭД ОЧСОН ГЭЖ СОНССОН"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ мэдэгдсэн ч таныг татгалзсан талаар сошиал хуудсанд бичсэн байсан. Г.Уянгыг намаасаа нэр дэвшүүлэхгүй татгалзах шалтгаан нь юу байв?

-Намаас нэр дэвшигчдийн талаарх шийдвэр огт гараагүй байгаа. Нэгдүгээрт, хуулийн хугацаа нь ч болоогүй байна. Хоёрдугаарт, өмнө нь тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтүүд мөн үе шаттай үйл ажиллагаанууд явагдана. Энэ бүхний аль аль нь дуусаагүй байна.  Яригдаагүй асуудалд “Би АН-аас нэр дэвшинэ” гэж хэн нэгэн зарлах нь өөрөө дүрмийн бус байж болохгүй асуудал. Одоо манай намын ҮБХ-ны гишүүдийн эргэлт ротацийн сонгууль есөн аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт явагдаж байна.

Г.Уянгыг ротацийн сонгуульд бүртгүүлэх гээд очсон гэсэн мэдээллийг би сонссон. Гэхдээ бүртгүүлэхэд тавигддаг шаардлагуудыг Г.Уянга хангаагүй юм билээ. Түүнээс биш Г.Уянгыг битгий бүртгээрэй гэдэг ч юм уу, ямар нэгэн үүрэг, чиглэл өгсөн зүйл байхгүй. Ийм асуудал ч манай намд байхгүй. Тодорхой шалгуурын болзол шаардлагыг хангасан хэн ч АН-д элсэх эрхтэй. Мөн АН-ын аль ч шатны сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй.

УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн ҮБХ-ны гишүүн байх ёстой юу?

Тийм ээ. ҮБХ-ны төлөөллийн төв байгууллагын гишүүн байж, УИХ-д нэр дэвших эрхийн нэг үзүүлэлт нь болдог. ҮБХ-ны гишүүн биш бол хэн ч байсан нэр дэвших эрхгүй.

Г.Уянга ҮБХ-ны гишүүн мөн үү?

-Биш. ҮБХ-ны гишүүн ч биш, АН-ын ч гишүүн биш. Өөр намын бүртгэлтэй байсан хүн шүү дээ.

-Хэрэв танай намд элсэх хүсэлт тавилбал хүлээж авах уу?

-Манай намын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөн элсээд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод цаашдаа АН-аар дамжиж улс төрд карьер хөөгөөд явах хэнийг ч хориглоогүй, нээлттэй. Дорж, Батын хэнд нь ч гэсэн нээлттэй.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан танай намын ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхөөс харахад УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж ойлгох уу?

– Г.Баасан Хэнтий аймагт ҮБХ-ны нөхөн сонгуульд нэр дэвшсэн. Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Ротацийн сонгууль бол Ардчилсан нам ажлаа дүгнэж байгаа хэлбэр. Сонгуульт гишүүд намынхаа үйл ажиллагаанд тухайн жилд хэрхэн оролцсоноос хамаарч дөрвөн шатны байгууллагаас үнэлгээ өгч, дунд шат, тухайн харьяалагдаж буй Бодлогын зөвлөл, төв нам, залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллагаас үнэлгээ өгдөг. Тухайн жилдээ идэвхтэй ажиллаагүй, татвараа төлөөгүй, намын дүрмийн дагуу үүрэг даалгавраа биелүүлээгүй тэр гишүүд эргэлтийн сонгуульд ордоггүй.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын сонгуульд Өвөрхангайд нэр дэвших гэсэн үү?

-Нэр дэвшигчид тавдугаар сард тодорхой болно.

"ЭРҮҮ, ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ДАГНАСАН ХЭДЭН НӨХӨД ЭНЭ УИХ-Д СУУЖ БАЙНА"

УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийг  баталлаа. Уг хуулиар сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрх чөлөөнд халдсан заалтыг оруулсан. Уг нь Танай намын хувьд сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллаж болохгүй гэж эсэргүүцсээр ирсэн. Гэтэл энэ байр сууриа яагаад  хамгаалж чадсангүй вэ?

-Цөөнхийн бидэнд хамгаалах боломж ч байхгүй. Гэхдээ бид цөөхүүлээ гээд аливаа асуудлаас ухарч байсангүй. Бид өнөөдөр бүх асуудлыг хуулийн хүрээнд тавьдаг, шийдвэрлэхийг шаарддаг, оролцдог. Сая Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө эрх баригчид 2017 онд мөн нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийг засах нэрийдлээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хулгайгаар өөрчлөж, хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байсныг таван жил болгож нэг дахин бууруулсан. Энэ хуулиар маш олон хүн ял завшсан гэдэг асуудал одоо ч яригдаж байна.

Ер нь бол Эрүүгийн хуулиар хэн дуртай нь оролддог боллоо. “Би УИХ-ын гишүүн” гэж цээжээ дэлдээд, Эрүүгийн хуулийн талаар ямар ч мэдлэггүй, дадлагагүй нөхдүүд өнөөдөр Эрүүгийн хуулиар оролдож байгаа нь маш аюултай. Эрүү, Зөрчлийн хуулиар дагнасан хэдэн нөхөд энэ УИХ-д сууж байна.

Тэдний боловсруулсан хуулийн ерөнхий чиг, хандлага нь дандаа Үндсэн хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий заалтыг зөрчсөн шийдвэрүүд байдаг. Хуучин  хуулиар бол сэтгүүлчдийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг байсан бол одоо Эрүүгийн хуулиар шийтгэхээр болж байна. Энэ нь олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн мөн Үндсэн хуулийг зөрчсөн заалт болсон. Аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл шинээр хууль боловсруулахдаа тухай хуульд иргэний эрхзүйн байдлыг дордуулсан заалт оруулж болохгүй гэсэн заалт бий. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдийн эрхзүйн байдлыг дордуулчихлаа. Зөрчлийн хуулиар шийддэг байсан асуудлыг Эрүүгийн хууль руу оруулж сэтгүүлчдийн эрхзүйн байдлыг дордуулсан гэсэн үг. Шударга дүр эсгэгчдийн ард нь дандаа хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэсэн, нээлттэй нийгмийн эсрэг алхам хийсэн, Эрүүгийн хуулиар айлгах гэсэн хандлага сүүлийн үед гарч байгаад харамсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж