ДЭМБ Хятадад гарсан вирусийг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлэв

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

ДЭМБ Хятадад гарсан вирусийг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлэв

ДЭМБ Хятадад гарсан вирусийг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлэв

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод гарсан коронавирусийн халдвараар 224 хүн өвчилж, 3 хүн (гадны хэвлэлүүдэд дөрвөн хүн гэж мэдээлж буй. сурв) нас баржээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд буй юм.

Вирусын тархалттай холбоотой нөхцөл байдал

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан эхний 41 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 224 тохиолдол бүртгэгдсэнээс Уханьд 198, Бээжинд 5, Гуандун мужид 14, Сычуан мужид 2, Юньнань мужид 1, Шанхай хотод 2, Гуаншижуаны ӨЗО-д 1, Шаньдун мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн Тайландад 2, Японд 1, БНСУ-д 1 хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Уг вирусээр өвчилсөн хүмүүсээс 217 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вирусыг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлээд байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны ахлах шинжээчдийн баг “шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдсон, Гуандун мужид илэрсэн хоёр тохиолдол хүнээс халдварласан нь тодорхой байна" гэжээ.

Ийнхүү уг вирусын халдвар хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдож, эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор ДЭМБ-ын Удирдах зөвлөл 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр болов.

БНХАУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс энэхүү вирус нь SARS вирустэй[1] төстэй боловч “хүний амь насанд аюул багатай” хэмээн дүгнэж байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /Center for Disease Control and Prevention/-өөc “шинэ төрлийн коронавирус нь тархалт ихтэй байгаа ч хүний амь насанд тийм ч ноцтой хохирол учруулахаар биш бөгөөд нас барсан 3 тохиолдлын 2 нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэжээ.

Эрдэмтэд “2019-n CoV” вирусын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд сарьсан багваахайгаас дамжсан вирус[2] мутацид орж, хүнд халдварласан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.

Уг вирусээр дархлаа нь сул хүн амархан өвдөж, хүндэрч байгаа бөгөөд халдвар авснаас хойш 5-10 хоногийн дараа ханиалгах, цэр гарах, 38-иас дээш градус халуурах, амьсгаадах, гүнзгий амьсгаа авах үед цээжээр өвдөх, зүрхний цохилт нэмэгдзх, чичрэх зэрэг шинж тэмдэгээр илэрч байгаа аж.

Зарим улсын уг өвчний тархалтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ

Бээжин, Ухань хотын удирдлага хотоос гарч буй иргэдийн биеийн байдлыг хянах зорилгоор галт тэрэг, нисэх онгоц, метроны буудлуудад биеийн халуун хэмжигч байршуулан эрүүл мэндийн тандалт хийж байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос “2019-n CoV” вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг дархлаагаа дэмжих, даарахгүй байх, хувийн ариун цэврийг сайн сахих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хүн ихтэй газруудаар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж, халуурах, ханиалгах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ.

Б.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж