Дуулианд холбогдсон ГИШҮҮД

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Дуулианд холбогдсон ГИШҮҮД

Яаж ч рекламдаад Г.Занданшатарын танхим  нэр хүндээ өсгөж чадсангүй, рейтинг нь унасаар бүрэн эрх нь дуусах боллоо.  УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сард болоход бүтэн нэртэй, бүлээн зүстэй гишүүн үлдэж чадах эсэх эргэлзээтэй байна.

Нэг дуулиан нь дарагдаагүй байтал дараагийнх нь залгаж, шинэ скандал үүсгэж буй юм. Иймээс УИХ-ын гишүүдээс хэн нь ямар асуудалд нэр холбогдсоныг тоймлов.

Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар техникийн алдаа гаргасан уу?

“Бид уучлахгүй” төрийн бус байгууллагын зүгээс өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого үндэслэлгүйгээр өссөн гэдэг гомдол гаргасан байсныг өчигдөр /2020.01.21/ УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцлээ.

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнийн тайлбараар бол дээрх нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого, үндэслэлгүйгээр өсөөгүй, техникийн алдаа гарсан гэж үзэж, шийдвэрээ гаргав.

Гэвч “УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй байна” шалтгаанаар хуралдаан нь хойшилсоор шинэ онтой золгож хуралдсан УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ асуудлаар зөв шийдвэр гаргаж чадсан уу гэдэг эргэлзээг олон нийтийн дунд үүсгээд байна.

Албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг авч, хянадаг  Авлигатай тэмцэх газар /АТГ/ нэр бүхий гурван гишүүнтэй холбоотой асуудалд тайлбар хийхгүй бол  цэг таслал андуурсан уу, аль эсвэл Хөрөнгө орлогын мэдүүлэг төгс болоогүй байгаа нь хөрөнгө орлогыг нь огцом өсгөж харагдуулав уу гэдэг нь эргэлзээг үүсгээд байна.

Казино сонирхогчдод хариуцлага хүлээлгэх хууль байхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар Австрали улсад ажиллах үеэрээ УИХ-аар Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж магадгүй гэж үзэн, Сидней хотын казинотой танилцах аялал хийсэн нь буруудаж, чичлүүлж байна.

Гэвч хариуцлага хүлээлгэе гэхэд хууль нь байхгүйн зэрэгцээ дээрх гурав “тоглоогүй, сонирхсон” гэх тайлбар хийсэн тул хууль батлаад ч хариуцлага ярих боломжгүй болж, УИХ ацан шалаанд ороод буй юм.

Өөрөөр хэлбэл, казино тоглосон баримт буюу бичлэг л гарч ирдэггүй юм бол Д.Лүндээжанцан тэргүүтэй казино сонирхогчдыг буруутгах боломжгүй болгоод байна.

ЖДҮ-чдээс Б.Батзориг яллагдагчаар татагдав

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас УИХ дахь МАН-ын бүлгийн 40 орчим гишүүн зээл авсан байж болзошгүй дуулиан жил гаруйн өмнө цацагдсан ч АТГ энэ хэргийг шалгаад тавынх нь асуудал эрүүгийн шинжтэй гэж үзсэн.  Прокуророос  УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьсан ч УИХ хүлээн авалгүй, буцааснаар сонгогчдыг гонсойлгосон.

Улмаар дээрх таван гишүүнээс Б.Батзоригийг яллагдагчаар татаж, шүүхэд энэ асуудал ирсэн ч хэрэг нь буцаагдсан.

УИХ 2017 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулснаас авлига, албан тушаалын хэргүүдэд ял оноох боломжгүй болсон.

ЖДҮХС-гийн хэрэг ч мөн ийм замаар цайрна гэдэг мэдэгдлийг зарим хуульч өгөх болсон. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэрэг хөөн хэлэлцэх хугацааг сунгасан, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар мөрдөн байцаалт болоод прокурор, шүүхийн шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон. ЖДҮХС-гийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар цайрахгүй, шалгагдана” гэдэг тайлбар хийгээд буй.

Иймээс хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн хэрэг шүүхээр шийдэгдэж хариуцлага хүлээх үү гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна.

Д.Гантулга ялаа эдэлж, Б.Мурат хууль батлалцаж байна

Хүчингийн хэрэгт нэр холбогдож, шүүхээс хоёр жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өдгөө Хорих 461 дүгээр ангид ял эдэлж байна.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2019 оны арваннэгдүгээр сард шүүж,дээрх ялыг оноосон юм. Гэхдээ тэрбээр давж заалдахаар хүсэлтээ гаргаад буй.

Анх энэ дуулиан 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон. Тэр цагаас хойш бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд тавьж ирсэн ч УИХ боломжгүй гэж үзэж байв. Гэхдээ  УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрөө хүсэлт гарган, бүрэн эрхээсээ татгалзсанаар энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж, шүүхэд шилжсэн юм.

Өнөөгийн парламентаас секс дуулианд холбогдсон хоёр дахь гишүүн нь Д.Мурат. Тодруулбал, түүнийг бусдад бэлгийн дарамт учруулсан, биед нь гэмтэл учруулсан зэрэг үндэслэлээр буруутган, хуулийн байгууллага шалгаж байв. Гэхдээ хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд хэрэгсэхгүй болсон. Эцэст нь Улсын Дээд Шүүх хэргийг хэлэлцсэн ч өмнөх шүүхийн шийдвэрүүдийг хүчинтэй хэвээр үлдээсэн юм. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон тул Д.Мурат гишүүн хууль батлалцаж, сууна.

Н.Номтойбаярыг явуулах уу?

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д тавиад зургаа хонож байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор эхлээд энэ асуудал хэлэлцэгдэх ёстой ч хоёр гишүүн нь гадаадад ажиллаж байсан тул хойшилсон.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Австралиас ирсэн ч Ч.Улаан гишүүн Германд ажиллаж байна. Тэрбээр нэгдүгээр сарын 24-нд Монголд ирнэ. Гадаад руу томилолтоор ажиллахын өмнө Н.Номтойбаяр гишүүний асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хурлаар хэлэлцье гэсэн саналыг Ч.Улаан гишүүн тавьсан ч хүлээж аваагүй аж. Учир нь энэ үед Д.Лүндээжанцан гишүүн Австрали улсад ажиллаж байсан.

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог удирддаг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ирц бүрэн байж асуудлыг хэлэлцэх ёстой” гэдэг байр суурь илэрхийлж буй. Хуулиараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрээ гаргах ёстой ч энэ заалт зөрчигдөөд хэд хонож байна. Иймээс хуулийн хугацаандаа багтаан асуудлыг хэлэлцээгүй гэдэг хэл амтайгаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “шүүх” болж буй. Улсын ерөнхий прокурорын зүгээс гурван асуудлаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан гэдгээ мэдэгдсэн. Нэг нь нууцын зэрэглэлтэй. Гэхдээ хэвлэлүүдийн дэлгэж тавьсан “баримт”-аар бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээл, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор цагдаагаас гэрчийн мэдүүлэг авахад буруу мэдээлэл өгсөн, бусадтай зодоон хийсэн зэрэг асуудал багтаж байна.

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос ямар ч шийдвэр гаргасан эцсийн шийдвэрийг УИХ олонхиороо гаргана.

Бүрэн эрхээ дуусгахаас жил гаруйн өмнө нэг гишүүнээ явуулсан УИХ дахиад хоёр дахь гишүүнээ үдэх үү, авч үлдэх үү гэдэг олон нийтийн анхаарал татсан халуун сэдэв болж яригдаж байна.

60 тэрбум ба М.Энхболд

УИХ-ын гишүүн М.Энхболдыг өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын схемээр холбогдуулан шалгах ёстой гэж намын нөхөд нь хүртэл асуудал тавьсан ч хуулийн байгууллага хэргийг шалгаад холбоотой гэсэн сэжүүр олоогүй.

60 тэрбумын схемийг боловсруулсан Г.Доржзодов “Энэ схемийг танилцуулахад МАН-ын дарга М.Энхболд байсан” гэж мэдэгдэж ирсэн ч шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсоод буй  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар өөр зүйл ярьдаг.

Тухайлбал, А.Ганбаатар 2017 оны наймдугаар сард хэвлэлийн бага хурал хийхдээ дараах мэдээллийг хийж байв. Тэрбээр “Г.Доржзодов намын санхүүгийн схем, стратеги төлөвлөгөөг өөрөө хийсэн. Бидэнд түүнийгээ санал болгосон. Гэвч одоо тийм хэмжээний мэдлэггүй гэж ярьж байгаа юм. Мөн цацагдсан  бичлэгт Г.Доржзодов өөрөө байсан. Гэвч бичлэгээ эвлүүлэг хийж, зарим хүнийг байхгүй болгож, харин байхгүй хүнийг нэмж оруулсан байгаа юм. Энэ уулзалт “Шинэ Монгол хаад” группийн дөрвөн давхарт болсон. Уулзалтад МАН-ын дарга М.Энхболд байгаагүй. Тэр уулзалтад Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, Ганбаатар гэсэн хүмүүс байсан” гэж мэдэгдсэн.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Г.Доржзодов гэрч гээд боддоо. Уг нь гол зохион байгуулсан хүн шүү дээ. 60 тэрбумын гэх бичлэг задарсан үеэс хойш би нэг ч удаа түүнтэй уулзаагүй.

60 тэрбумын гэх схемтэй У.Хүрэлсүх даргаас гадна Л.Оюун-Эрдэнэ гээд бүгдээрээ танилцсан. Үзсэний дараа “Ц.Сандуй энэ бол маш сайн стратеги төлөвлөгөө байна" гэсэн. Аргагүй биз дээ. Г.Доржзодов гэдэг мэргэжилтэн хийсэн юм чинь. Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн сайн болсон байна гэж хэлсэн. М.Энхболд дарга тухайн үед байгаагүй нь нотлогдсон учраас энэ хэрэгт яллагдагчаар татагдаагүй. Их цэвэрхэн “эвлүүлсэн” бичлэг. 60 тэрбумын гэх схем хэрэгжээгүй. Зөвхөн ярьсан яриа. Үүнд ял өгч болдог юм уу” гэж ярьж байв.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн өндөр авсан энэ хэрэг явдал одоо ч эцэслээгүй байгаа бөгөөд ял сонссон Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдахаар шүүхэд гомдол гаргаад буй.

Харин УИХ-ын гишүүн М.Энхболдыг энэ асуудалтай нь холбогдуулж жил гаруйн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар Сүхбаатарын талбайд суулт зарлаж, УИХ-ын даргаас огцорхыг шаардаж, сул гишүүн болгосон юм.

Л.Болд Хойд Солонгост зэвсэг зарахыг оролдсон уу?

УИХ-ын гишүүн Л.Болдыг шинэ нам байгуулахаас өмнө нэгэн дуулиантай асуудалд нэр холбогдсон нь Хойд Солонгост зэвсэг зарахыг оролдсон тухай байв.

Гурван жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сард УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар томилох тухай Засгийн газрын саналыг хэлэлцэх үеэр энэ асуудал хөндөгдсөн билээ.

Тус Байнгын хорооны хуралдаанд оролцож байсан Тагнуулын экс дарга Б.Хурц  “Л.Болд миний өмнө нь ажиллаж байсан ажилтай холбоотой зүйл ярилаа. Тэрбээр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр, гурван асуудалд орсон. АТГ-аар шалгуулж байсан. Нэгдүгээр асуудал бол Хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган ам.долларыг та авсан. Хойд Солонгосын прокурор танаас 300 мянган ам доллар нэхэмжилсэн бичиг ирсэн. Танаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан.Танаас болж Батлан хамгаалах яамны генерал ял авсан. Энэ хүнээс болж Молекул УИХ-ын Батж.Батбаяр гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Батлан хамгаалах яаман дээр техникийн нөхцөлгүй байсан орон сууц бариад тэр үед нь прокурорын зөвшөөрлөөр албан ёсны үзлэгт ороход 5-6 тамгатай кампанийн санал өгдөг. Энэ хүнийг сайд байхад бланкан дээр санал өгөөд л тэр компани шалгараад байдаг. Та энэ Гадаад хэргийн яамны дотор барилыг бас тэднээр бариулсан.Та шударга хүн мөн үү. Та бид хоёр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Би одоо цааш нь юм ярих уу яах уу” гэж байв.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудлыг няцааж, “Б.Хурц миний нэр төрд халдаж, үндэслэлгүйгээр гүтгэлээ” хэмээн мэдэгдсэн юм.

Ж.Батзандан дипломат албанд ахыгаа шахсан уу?

МАНАН бүлэглэлийг устгахаа мэдэгдэж, жагсаал цуглаан зохион байгуулж явсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ахыгаа консулаар томилохын тулд  таньдаг хүмүүстээ захиа даалгавар өгсөн тухай дуулиант мэдэгдлийг Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ хийсэн юм.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр найзууд. “Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унаж байж мэднэ” гэж үнэн үг юм билээ. Бид хоёр 10 гаруй жил нөхөрлөж байгаа. 10 жил нөхөрлөсөн нөхрийн занг саяхан мэдэж авсан. Ж.Батзандан экспогийн арга хэмжээ, албаны айлчлал, хувийн шугамаар, гэр бүлээрээ гээд л Өвөр монголд зөндөө очсон. Ирээд надад “За Мөнх-Эрдэнэ, миний найзаа найзыг нь улс төрд дэмжихээр Хятад хүн, Өвөр монгол хүн байна уу, би тэдний бизнесийг Монголд дэмжиж өгье, одоо би Ерөнхий сайдтай ийм болчихсон, би Засгаа аварч үлдсэн” гэж надад ярьж байсан. Хөх хот дахь Монгудай рестораны Очир ахтай Ж.Батзанданг танилцуулж, Очир ахын найз Хо Зунтай мөн танилцуулсан. Тэгтэл манай шударга найз маань Ж.Баатарчулуун гээд ахыгаа Хөх хотын консулаар томилуулдаг юм. Эхнэр нь Оюунгэрэл. Ж.Баатарчулуун өмнө нь Эрээнд дэд консул хийж байсан юм билээ. Бас ямар томилгоогоор очсоныг нь мэдэхгүй. Ж.Баатарчулуун консулаар томилогдоод над дээр ирэхэд нь “Та юу чадах юм бэ гэж асуутал  юу ч чадахгүй гэж хариуллаа. Компьютер мэдэх үү гэтэл бас л мэдэхгүй, гадаад хэл мэдэх үү гэхэд мөн л мэдэхгүй гэв. Ийм хүн томилж явуулаад байхдаа яадаг юм бэ гэж буцаах гэж байснаа найз маань гуйсан юм чинь  найзын жудаг гэж хүнд бий дээ гээд больсон. Уг нь бол хэлтэй хүн томилогдох ёстой. Манайд  үндсэн синхроны хэлтэй хүн байхгүй ш дээ.

Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулууны сургийг сонсох нь ээ, Эрээнд Хөх хотын консулын нэр дээр байсан машиныг унадаг. Эрээнээс-Замын-Үүд рүү будаа ачдаг, Замын-Үүдээс Эрээн рүү мах ачиж ордог, өдөрт хоёр удаа гардаг гэж би хүмүүсээс сонссон. “Махны Баатарчулуун” гээд Эрээндээ алдартай нөхөр гэж байна шүү. Төрийн албыг мөнгө гэж ажилладаг юм байна.  Компьютер хэрэглэж мэдэхгүй, хэл мэдэхгүй хүн төрд юу  хийх вэ дээ. Тэгээд би Ж.Батзандангийн ахыг иргэдийн асуудал хариуц гээд үүдэнд суулгалаа. Монгол оюутнууд, иргэдтэй хэг ёг харьцдаг гээд маш их гомдол ирсэн. Нэг иргэнээс Ж.Батзандан руу хүртэл ахыгаа аваач  гээд мессеж явуулсан чинь Ерөнхий консулд нь хэл гээд хариу өгсөн байсан. Би Ж.Батзандан байтугай Ж.Батзанданы  өмнө шударга үнэн ярьж явсан хүн. Хамгийн шударга бус хүн шударгын дүрд тоглодог юм байна” гэж мэдэгдэж байв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан дуугүй суусангүй “2013-2014 онд эрүүгийн хоёр хэрэгтэй нөхөр намайг УИХ-ын гишүүн байхад авраач гээд уйлаад ирсэн. Монголын төмөр замд хулхи бараа зарсан, найзыгаа зодсон нэрээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. УИХ-ын гишүүн “бетон” Ганбат намайг явуулах гээд байна, аварч өгөөч гэж хэлж байсан. Тун удахгүй энэ хоёр хүнийг консулаар томилсон. Галбадрахыг Санфранцискогийн, Мөнх-Эрдэнийг Хөх хотын консулаар томилсон. АН-ынхан тун гайхаж, шүүмжлэлтэй хандаж байсан. Д.Мөнх-Эрдэнэтэй танилцсан түүх энэ. Дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг томилж, хар тамхины наймааг хийлгэх гэж явуулсан. Д.Мөнх-Эрдэнэ ямар ч боловсролгүй, архи уухаараа хүн зодно, эрүүлдээ хүн гүтгэнэ” хэмээн хариу тайлбар хийсэн юм.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж