Иргэд хавдрын үзлэгт хамрагдаж чадахгүй байна   | News.MN

Иргэд хавдрын үзлэгт хамрагдаж чадахгүй байна  

Иргэд хавдрын үзлэгт хамрагдаж чадахгүй байна  

Иргэд хавдрын үзлэгт хамрагдаж чадахгүй байна  

Монгол Улсын 18-аас дээш насны иргэн бүр долоон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдахаар болсон. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 18-аас дээш насны иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн шулуун гэдэс гэсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан юм. Долоон төрлийн хавдрын үзлэгт иргэдийг үнэ төлбөргүй хамруулах ажил хэрэгжиж эхэлсэн эсэхийг сурвалжиллаа.

ӨНГӨРСӨН ЖИЛ ШИНЭЭР 912 ХАВДАР ИЛРҮҮЛСЭН

Тус ажлын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодруулсан юм.


-Хавдрын эрт илрүүлгийн үзлэг хэр үр дүнтэй явагдаж байна вэ?

-Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ энэ жилээс эхэлж байгаа ажил биш. Өмнө нь хийж байсан ажлыг хуульчилж өгснөөрөө л онцлог. Иргэдийг хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах талаарх Эрүүл мэндийн сайдын тушаал 2018 онд гарч, 2019 онд 79 мянга 800 иргэн хамрагдсан. Үүний үр дүнд 912 шинэ хавдрын тохиолдлыг илрүүлсэн. Үүний 55 нь умайн хүзүүний хорт хавдар, 530 нь элэгний хорт хавдар, 216 нь түрүү булчирхайн хавдар, хоёр нь уушгины хавдар, 48 нь ходоодны, 58 нь улаан хоолойн хавдар байсан. Хавдрыг эрт үед нь илрүүлэх энэ ажил үргэлжилсээр байна.

-Өнгөрсөн жилийн үзлэгт хэдэн насныхан идэвхтэй оролцож, хэдэн насныхан нь идэвхгүй байсан бэ?

-Насны бүлгээр нь авч үзвэл хамгийн өндөр үзүүлэлттэй нь 46-64 насны иргэд идэвхтэй хамрагдсан байна. Үүн дотроо 46-гаас дээш насны эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлсэн. Харин 18-44 насныхан хамрагдалт маш бага хувийг эзэлж байна. Нийт 79 мянга 800 хүн хамрагдсаны дөнгөж дөрөвхөн хувь нь 18-44 насныхан байгаа юм.

-Долоон төрлийн хавдрын эрт илрүүлгийг үнэ төлбөргүй явуулах талаарх мэдээлэл, энэ сараас эхлэн яг анх удаа хэрэгжиж байгаа юм шиг л мэдээлэл тархсан. Тус илрүүлгэд хамрагдахыг хүссэн иргэд аль эмнэлэгт, ямар материал бүрдүүлж очих вэ?

Харьяа дүүргийнхээ өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бариад очиход болно. Харин ажил хөдөлмөр эрхэлдэг, даатгалын шимтгэл төлдөг иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд очоод регистрийн дугаараа бүртгүүлэн үзүүлнэ. Тухайн хүний нас, эрүүл мэндийн эрсдэлээс шалтгаалаад шаардлагатай тохиолдолд өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэгт илгээж байгаа. Дараагийн шатлалын илрүүлэгт орсны дараа шинжилгээний хариугаа авч, шаардлагатай эмчилгээндээ орсны дараа эргээд өрхийн эмнэлэг дээр хяналтад орох ёстой. Улсын эмнэлгээс гадна магадлан итгэмжлэгдсэн төр хувийн хэвшил нийлсэн 155 байгууллага урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийх эрхтэй.

-Гэхдээ иргэд өрхийн эмнэлгийг алгасаад шууд дүүргийн энэлэгт хандаад байгаа нь өнгөрсөн жил ажиглагдсан?

-Иргэд ихэвчлэн өрх, сум, тосгоныхоо эрүүл мэндийн төвийг үл ойшоодог. Шууд гуравдугаар шатны эмнэлэгт үзүүлнэ гэдэг асуудлыг цэгцлэх, нэг тогтолцоонд оруулах гэж хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх сайдын тушаал гарч, хуульчилж өгсөн нь ч учиртай.

-Гэхдээ өрх, сумын эмнэлэгт хавдар илрүүлэх тоног төхөөрөмж хангалттай байдаггүйтэй холбоотой байж ч болох юм?

-2020 онд хавдрын оношилгооны тоног төхөөрөмжийн төсөв суугдсан. Гэхдээ энэ бүхэн шинэ ажил биш. Бүх аймаг, дүүрэгт хорт хавдрын илрүүлэг үзлэг, шинжилгээ явагдаж байгаа. Ходоодны дуран, бүдүүн шулуун гэдэсний дуран гээд бүх төрлийн шинжилгээг авч байгаа.

ХАВДРЫН ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ЗААВАР АЛБАН ЁСООР ИРЭЭГҮЙ

Ингээд хавдрын илрүүлэг хэрхэн явуулж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн VI хороо, “Оцено сэргэлт” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Гэвч мэргэжилтний хэлсэн шиг хавдрын эрт илрүүлэг тэнд явагдаагүй байсан юм. Тус эмнэлгийн мэргэжилтэн “Өнгөрсөн жил манайх өөрийн харьяалал дахь иргэдэд хөх, умайн хүзүү зэрэг хавдрын эрт илрүүлгийн үзлэг явуулсан. Энэ жилийн хувьд хавдрын илрүүлгийг үнэ төлбөргүй явуулах талаарх заавар, тушаал бидэнд ирээгүй болохоор одоогоор хавдрын үзлэг оношилгоо хийхгүй байна. Иргэд ийм асуудлаар манайд их хандаж байна. Гэвч албан ёсны заавар нь ирээгүй болохоор бид хавдрын үзлэг явуулахгүй байгаа” гэсэн юм.

АЛБАН ЁСООР ЗААВАР НЬ ИРВЭЛ ХАВДРЫН ОНОШИЛГОО ЯВУУЛНА

Ингээд Чингэлтэй болон, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход мөн өрхийн эмнэлэгтэй адил хариултыг өглөө. Эмнэлгийн мэргэжилтнүүд “Долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх талаарх мэдээлэл он гараад сошиал орчинд тархсан. Гэхдээ бидэнд одоогоор долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх талаарх тушаал, хөтөлбөр албан ёсоор ирээгүй. Энэ хөтөлбөр ямар ч байсан хэрэгжих юм шиг байна лээ. Албан ёсоор тушаал нь ирсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг долоон төрлийн хавдрын үзлэг шинжилгээнд хамруулаад явна. Сошиал орчин их хөгжсөнтэй холбоотойгоор мэдээллийг хэтэрхий эрт тарааж байгаа нь зарим талаараа иргэдийг төөрөгдүүлж байна. Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах гэсэн юм гэсэн иргэд манайд их ирж байна. Заавар, хөтөлбөр нь гараагүй болохоор үзэлгүй буцааж байгаа. Харин өнгөрсөн жил ходоод, бүдүүн шулуун гэдсийг дурандаж, хавдрын эрт илрүүлгийг хийж байсан” гэж байлаа.

ХААНА ҮЗҮҮЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА

Иргэд хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахыг хүсч байгаа ч чухам хаана хандахаа мэдэхгүй байгаа юм байна. Иргэн Д.Батсүх "Нийслэлчүүд бид агаар, орчны бохирдолтой газар амьдарч байна. Бас хүнс нь тийм ч баталгаатай биш байгаа ийм нөхцөлд аль ч насныхан хавдраар өвчлөх эрсдэлтэй.  Ялангуяа тэтгэвэрт гарсан миний үеийхэн хавдрын үзлэгт хамрагдах хэрэгтэй байх. Хавдрын эрт илрүүлэгт иргэдийг үнэ төлбөргүй хамруулж байгаа талаарх мэдээг сонссон. Энэ үзлэгт хамрагдахыг хүсч байгаа ч хаана үзүүлэхээ мэдэхгүй байна. Тодорхой болохоор нь эмнэлэгт үзүүлье гээд л харзнаад байж байна" гэсэн юм.

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байгааг хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. Энэ сараас эхлэн иргэд долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдахаар болсон ч бодитоор хэрэгжиж эхлээгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Долоон төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг нь хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан өөр өөр бүлэгт ангилагдаж байгаа юм.  Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар

  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм.

Түүнчлэн 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насныхан гэсэн товлол гаргасан байгаа юм. Бүх насныханд биеийн ерөнхий үзлэг хийх бөгөөд насны ангиллаас хамаарч долоон төрлийн хавдрын үзлэгт явагдах юм. Тухайлбал,

  • 18-34 насныхан биеийн ерөнхий үзлэгээс гадна бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг, рентген зураг буюу сүрьеэгийн илрүүлэлт хамрагдах боломжтой.
  • 35-45 насныхан биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг хамрагдаж болно.
  • 46-64 насныханд хоёр төрлийн багцын сонголт байгаа юм. Үүнд биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, өөх тосны солилцооноос гадна эмэгтэйчүүд нь умайн хүзүүний хавдрын илрүүлэг, эрэгтэйчүүд нь түрүү булчирхайн үзлэгт хамрагдана.
  • Мөн 46-64 насныхан биеийн ерөнхий үзэг, ходоодны дуран, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэгт хамрагдаж болно
  • Түүнчлэн 65-аас дээш насныхан мөн хоёр төрлийн багцаас сонголт хийх боломжтой. Тухайлбал, биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран
  • Биеийн ерөнхий үзлэг , зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, нүдний үзлэг

Р.ДУЛАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-01-22 66.181.190.219

Hudlaa shaaj,ambits huususun shinehen Gaviyatiin chini Gaviya ene l dee! Ajil hiigeegyi yaridag l basgii bna lee shde Chinbyren! Ternii hiisen heden hagalgaag mes zasliin yamarch emch hiichne dee! Mongoliin tur uu gej…gaviygyi gaviyatuudaar dyyrlee dee niigem! Hishin shog horshoo duuchin hudlaa shaasan heden hyn l gaviyatiin temdegtei bolj bna daa syyliin yed! Jinhene Gaviyat bii ni bii shyy daanch tsuun…yalganaa bid!

Avatar

Зочин 2020-01-22 202.179.25.145

дарга нар нь дээгүүрээ худлаа том том юм яриад. Яг амьдрал дээр хийгдэж зохион байгуулж буй зүйл муу байна.

Avatar

Иргэн 2020-01-22 192.82.68.17

Хяналтанд байдаг сар бүр тогтмол ,шинжилгээ хийлгэж үзүүлдэг өвчтөнгөө нэг сар болоод очих болгонд нь 13 маягт гэж нэхээд үзүүлэх номер оо өгдөггүй ,нөгөө авдаг газараас нь очоод сар бүр тэр маягтыг нь тэр болгон авах боломжгүй байдаг.Ийм л зохион байгуулалттай амбулторууд ажиллаж байгааг холбогдох хүмүүс нь анхааралдаа авч зохицуулж өгнө үү…….

Avatar

зочин 2020-01-22 66.181.161.40

Бүдүүн шулуун гэдэс,ходоод дуранддаг багажаа яаж ариутгадаг юм бэ сольдог юм уу ариутгаад л дуранддаг юмуу энэ багажны ариутгал маш сайн байх хэрэгтэй . үүнийг анхаараарай ,эмнэлгийн ажилчдын хариуцлага маш өндөр байх хэрэгтэй . Зарим нэг нь маш хариуцлагагүй хүмүүс байдаг шүү

Avatar

зочин 2020-01-22 66.181.161.40

13-р маягт гэж бөөн чирэгдэл хаана үзүүлэхээ өөрөө сонгомоор байна. Шинжилгээг маш хариуцлагатай хийх хэрэгтэй улсын эмнэлэгийн шинжилгээ хувийн лаброторийн шинжилгээ зөрөөтэй байдаг алинд нь итгэх билээ . Эмнэлгийн ажилчдын хариуцлага сахилга ,хандлага маш сайн байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-22 202.126.89.209

би эмч бнаа дүүрэг уушгины хавдар бүдүүн шулуун гэдэс. ходоодны дуранг чөлөөтэй үзэх тоног төхөөрөмж эмч хангалтгүй бнаа үүнийгээ эрт зохицуулаагүй байж иргэдэд мэдээлэл тараагаад иргэд чирэгдээд байна ЭХО гэхэд ноймертэй товлолтой өвчтөнөөө үзэж чадахгүй байгаа ш дээ даруй арга хэмжээ авч өгөөч

Avatar

Зочин 2020-01-22 203.91.115.56

Иргэний өөрөө эмлэг эмчээ сонгох эрхий нь чөлөөтэй нээж өг Тэр 13 р маягт харьяалал гэхээ боль Хаана үзүүлэхээ өөрөө сонгог

Avatar

Зочин 2020-01-22 202.21.108.196

ЭМЯ аль эрт энэ ажлыг хийх зохион байгуулалтаа гаргачихсан байх ёстой шүү дээ. Ямар хойрго ажиллаж байна вэ. Цаг хойшлох тусам дараалал, дарамт нэмэгдэнэ. Хариуцлага муу байна шүү.

Avatar

Зочин 2020-01-22 202.21.111.98

Хийж эхлээгүй мөртлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүр дуулиантай зарлаж ард түмнээрээ тохуурхаж байгаа энэ популист шинжтэй засаглалыг тэр чигээр нь солих шаардлагатай байна даа

Avatar

Зочин 2020-01-22 66.181.185.10

Балиар хулгайч авгай бас л хулгай хийх аргаа хайж явна уу? Элэг бvтэн монгол гээл аян хийсэн, лабортор сонгон шалгаруулж бна гээд беен хахуулиар зевшеерел егсен, vр дvнд нь шинжилгээний хариу 70% нь буруу. Эрvvл шvд аян нь олон хvvхдэд вирус тараасан да. Улаантариа аян нь бас л баахан худлаа онош тавьсан, угаасаа оношлож чададгvйм байж. Энэ хавдрын аян бас л хий шоу, менге угаах арга

Avatar

ЗОЧИН 2020-01-22 203.91.119.42

ТӨР, ЗАСГААС ЗӨВ ЗҮЙТЭЙ АЖЛЫГ САНААЧИЛЖ БАЙГАА БОЛОВЧ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. МОНГОЛ ХҮН БҮРИЙГ ЭНЭ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ БҮРЭН ХАМРУУЛАХ, МАШ НАРИЙН ҮЗЭХ ШААРДЛАГАТАЙ. БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ЭЛДЭВ ЯНЗЫН ШАЛТГААНААР ҮХЭЭД ДУУСЛАА ШҮҮ ДЭЭ. ЭМНЭЛЭГИЙН АЖИЛТНУУДЫН ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ НЭМЖ БАЙГААД ХИЙХ ХЭРЭГТЭЙ АЖИЛ БАЙГАА ЮМ ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж