Иргэд хавдрын үзлэгт хамрагдаж чадахгүй байна  

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Иргэд хавдрын үзлэгт хамрагдаж чадахгүй байна  

Иргэд хавдрын үзлэгт хамрагдаж чадахгүй байна  

Монгол Улсын 18-аас дээш насны иргэн бүр долоон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдахаар болсон. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 18-аас дээш насны иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн шулуун гэдэс гэсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан юм. Долоон төрлийн хавдрын үзлэгт иргэдийг үнэ төлбөргүй хамруулах ажил хэрэгжиж эхэлсэн эсэхийг сурвалжиллаа.

ӨНГӨРСӨН ЖИЛ ШИНЭЭР 912 ХАВДАР ИЛРҮҮЛСЭН

Тус ажлын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодруулсан юм.


-Хавдрын эрт илрүүлгийн үзлэг хэр үр дүнтэй явагдаж байна вэ?

-Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ энэ жилээс эхэлж байгаа ажил биш. Өмнө нь хийж байсан ажлыг хуульчилж өгснөөрөө л онцлог. Иргэдийг хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах талаарх Эрүүл мэндийн сайдын тушаал 2018 онд гарч, 2019 онд 79 мянга 800 иргэн хамрагдсан. Үүний үр дүнд 912 шинэ хавдрын тохиолдлыг илрүүлсэн. Үүний 55 нь умайн хүзүүний хорт хавдар, 530 нь элэгний хорт хавдар, 216 нь түрүү булчирхайн хавдар, хоёр нь уушгины хавдар, 48 нь ходоодны, 58 нь улаан хоолойн хавдар байсан. Хавдрыг эрт үед нь илрүүлэх энэ ажил үргэлжилсээр байна.

-Өнгөрсөн жилийн үзлэгт хэдэн насныхан идэвхтэй оролцож, хэдэн насныхан нь идэвхгүй байсан бэ?

-Насны бүлгээр нь авч үзвэл хамгийн өндөр үзүүлэлттэй нь 46-64 насны иргэд идэвхтэй хамрагдсан байна. Үүн дотроо 46-гаас дээш насны эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлсэн. Харин 18-44 насныхан хамрагдалт маш бага хувийг эзэлж байна. Нийт 79 мянга 800 хүн хамрагдсаны дөнгөж дөрөвхөн хувь нь 18-44 насныхан байгаа юм.

-Долоон төрлийн хавдрын эрт илрүүлгийг үнэ төлбөргүй явуулах талаарх мэдээлэл, энэ сараас эхлэн яг анх удаа хэрэгжиж байгаа юм шиг л мэдээлэл тархсан. Тус илрүүлгэд хамрагдахыг хүссэн иргэд аль эмнэлэгт, ямар материал бүрдүүлж очих вэ?

Харьяа дүүргийнхээ өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бариад очиход болно. Харин ажил хөдөлмөр эрхэлдэг, даатгалын шимтгэл төлдөг иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд очоод регистрийн дугаараа бүртгүүлэн үзүүлнэ. Тухайн хүний нас, эрүүл мэндийн эрсдэлээс шалтгаалаад шаардлагатай тохиолдолд өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэгт илгээж байгаа. Дараагийн шатлалын илрүүлэгт орсны дараа шинжилгээний хариугаа авч, шаардлагатай эмчилгээндээ орсны дараа эргээд өрхийн эмнэлэг дээр хяналтад орох ёстой. Улсын эмнэлгээс гадна магадлан итгэмжлэгдсэн төр хувийн хэвшил нийлсэн 155 байгууллага урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийх эрхтэй.

-Гэхдээ иргэд өрхийн эмнэлгийг алгасаад шууд дүүргийн энэлэгт хандаад байгаа нь өнгөрсөн жил ажиглагдсан?

-Иргэд ихэвчлэн өрх, сум, тосгоныхоо эрүүл мэндийн төвийг үл ойшоодог. Шууд гуравдугаар шатны эмнэлэгт үзүүлнэ гэдэг асуудлыг цэгцлэх, нэг тогтолцоонд оруулах гэж хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх сайдын тушаал гарч, хуульчилж өгсөн нь ч учиртай.

-Гэхдээ өрх, сумын эмнэлэгт хавдар илрүүлэх тоног төхөөрөмж хангалттай байдаггүйтэй холбоотой байж ч болох юм?

-2020 онд хавдрын оношилгооны тоног төхөөрөмжийн төсөв суугдсан. Гэхдээ энэ бүхэн шинэ ажил биш. Бүх аймаг, дүүрэгт хорт хавдрын илрүүлэг үзлэг, шинжилгээ явагдаж байгаа. Ходоодны дуран, бүдүүн шулуун гэдэсний дуран гээд бүх төрлийн шинжилгээг авч байгаа.

ХАВДРЫН ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ЗААВАР АЛБАН ЁСООР ИРЭЭГҮЙ

Ингээд хавдрын илрүүлэг хэрхэн явуулж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн VI хороо, “Оцено сэргэлт” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Гэвч мэргэжилтний хэлсэн шиг хавдрын эрт илрүүлэг тэнд явагдаагүй байсан юм. Тус эмнэлгийн мэргэжилтэн “Өнгөрсөн жил манайх өөрийн харьяалал дахь иргэдэд хөх, умайн хүзүү зэрэг хавдрын эрт илрүүлгийн үзлэг явуулсан. Энэ жилийн хувьд хавдрын илрүүлгийг үнэ төлбөргүй явуулах талаарх заавар, тушаал бидэнд ирээгүй болохоор одоогоор хавдрын үзлэг оношилгоо хийхгүй байна. Иргэд ийм асуудлаар манайд их хандаж байна. Гэвч албан ёсны заавар нь ирээгүй болохоор бид хавдрын үзлэг явуулахгүй байгаа” гэсэн юм.

АЛБАН ЁСООР ЗААВАР НЬ ИРВЭЛ ХАВДРЫН ОНОШИЛГОО ЯВУУЛНА

Ингээд Чингэлтэй болон, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход мөн өрхийн эмнэлэгтэй адил хариултыг өглөө. Эмнэлгийн мэргэжилтнүүд “Долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх талаарх мэдээлэл он гараад сошиал орчинд тархсан. Гэхдээ бидэнд одоогоор долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх талаарх тушаал, хөтөлбөр албан ёсоор ирээгүй. Энэ хөтөлбөр ямар ч байсан хэрэгжих юм шиг байна лээ. Албан ёсоор тушаал нь ирсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг долоон төрлийн хавдрын үзлэг шинжилгээнд хамруулаад явна. Сошиал орчин их хөгжсөнтэй холбоотойгоор мэдээллийг хэтэрхий эрт тарааж байгаа нь зарим талаараа иргэдийг төөрөгдүүлж байна. Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах гэсэн юм гэсэн иргэд манайд их ирж байна. Заавар, хөтөлбөр нь гараагүй болохоор үзэлгүй буцааж байгаа. Харин өнгөрсөн жил ходоод, бүдүүн шулуун гэдсийг дурандаж, хавдрын эрт илрүүлгийг хийж байсан” гэж байлаа.

ХААНА ҮЗҮҮЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА

Иргэд хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахыг хүсч байгаа ч чухам хаана хандахаа мэдэхгүй байгаа юм байна. Иргэн Д.Батсүх "Нийслэлчүүд бид агаар, орчны бохирдолтой газар амьдарч байна. Бас хүнс нь тийм ч баталгаатай биш байгаа ийм нөхцөлд аль ч насныхан хавдраар өвчлөх эрсдэлтэй.  Ялангуяа тэтгэвэрт гарсан миний үеийхэн хавдрын үзлэгт хамрагдах хэрэгтэй байх. Хавдрын эрт илрүүлэгт иргэдийг үнэ төлбөргүй хамруулж байгаа талаарх мэдээг сонссон. Энэ үзлэгт хамрагдахыг хүсч байгаа ч хаана үзүүлэхээ мэдэхгүй байна. Тодорхой болохоор нь эмнэлэгт үзүүлье гээд л харзнаад байж байна" гэсэн юм.

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байгааг хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. Энэ сараас эхлэн иргэд долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдахаар болсон ч бодитоор хэрэгжиж эхлээгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Долоон төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг нь хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан өөр өөр бүлэгт ангилагдаж байгаа юм.  Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар

  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм.

Түүнчлэн 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насныхан гэсэн товлол гаргасан байгаа юм. Бүх насныханд биеийн ерөнхий үзлэг хийх бөгөөд насны ангиллаас хамаарч долоон төрлийн хавдрын үзлэгт явагдах юм. Тухайлбал,

  • 18-34 насныхан биеийн ерөнхий үзлэгээс гадна бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг, рентген зураг буюу сүрьеэгийн илрүүлэлт хамрагдах боломжтой.
  • 35-45 насныхан биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг хамрагдаж болно.
  • 46-64 насныханд хоёр төрлийн багцын сонголт байгаа юм. Үүнд биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, өөх тосны солилцооноос гадна эмэгтэйчүүд нь умайн хүзүүний хавдрын илрүүлэг, эрэгтэйчүүд нь түрүү булчирхайн үзлэгт хамрагдана.
  • Мөн 46-64 насныхан биеийн ерөнхий үзэг, ходоодны дуран, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэгт хамрагдаж болно
  • Түүнчлэн 65-аас дээш насныхан мөн хоёр төрлийн багцаас сонголт хийх боломжтой. Тухайлбал, биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран
  • Биеийн ерөнхий үзлэг , зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, нүдний үзлэг

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж