Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.01.21/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, төвлөрлийг сааруулах хууль эрх зүйн орчныг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нээж хэлсэн үгэндээ 2017 оноос хойш нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ярьж эхлэн, 2018 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны төслийг бэлтгэсэн талаар дурьдав. Шинэчилсэн найруулгын төсөл бэлтгэхтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлгүүлсэн талаар мөн тэмдэглэв.
Түүнчлэн, “Хуулийн төслийг бэлтгэх явцад шинэ эрх зүйн орчин бий болсон буюу 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учир Үндсэн хуультайгаа нийцүүлж нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүссэн.
Энэ парламентын үлдсэн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлж гол гол хуулиудаа батлах чиглэлтэй байна. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийг дагалдуулан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн батлах учир ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг бүрэн хангасан байх ёстой” гэлээ.
Дараа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуульч, судлаач Д.Ганзориг танилцуулж, танилцуулгатай холбогдуулан оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэв.
Холбоотой мэдээ