Мэргэжлийн талбайн теннисний хамгийн том дөрвөн цуврал Их дуулга тэмцээний энэ оны эхнийх болох Австралийн нээлттэй тэмцээн зүүн өмнөд эргийн Викториа мужийн Мельбурн хотноо энэ сарын 20-ны Даваа гаригт эхэллээ. Дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөнд энэ цаг үеийн бүхий л шилдэг теннисчид ирсэн бол эрэгтэй тамирчдаас Японы К.Нишикори, эмэгтэй тамирчдаас тус тэмцээний хошой цомын эзэн Беларус бүсгүй В.Азаренко болон 2019 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга, Канадын А.Андрееску нар бэртлийн улмаас өнжиж байна.
Тус тэмцээний аварга ирэх хоёрдугаар сарын 2-нд тодрох бөгөөд нийт шагналын сан нь 71 сая австрали доллар ажээ. Тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 4.1 сая австрали доллар авах бол дэд байранд шалгарсан тамирчин 2.0 саяыг авна. Харин хосын төрөлд түрүүлбэл 760 мянга, холимог хосын төрөлд түрүүлбэл 190 мянган австрали долларын эзэн болох юм.
Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд өрсөлдөж байгаа эрэгтэй тамирчдаас Н.Жокович 7, Р.Федерер 6, Р.Надал болон С.Вавринка нар тус бүр 1 удаа түрүүлж байжээ. Францын Ж.Цонга, Хорватын М.Чилич нар тус бүр 1 удаа дэд байранд шалгарсан байдаг. 128 тамирчин 15 хоногийн турш өрсөлдөхөд ердөө ганц тамирчин шалгарч цом өргөнө гэдэг том амжилт. Мөн эдгээр 128 тамирчдаас ердөө дөрвөн тамирчин тэмцээний аваргын цомыг өргөсөн гэхээр өрсөлдөөн ямар ширүүн байдаг гэдгийг илтгэнэ. Тэмцээний гол фаворит нь мэдээж Н.Жокович, харин түүнд саад хийх хамгийн боломжит тамирчид нь Р.Федерер, Р.Надал, мөн шинээр хүч түрэн гарч ирж буй дараа үеийн залуус болох Д.Дим, А.Зверев, С.Циципас, М.Берреттини, Д.Медведев, К.Хачанов нар байх боломжтой.
Эмэгтэй теннисчдээс С.Уилльямс 7, М.Шарапова, А.Кербер болон К.Возняцки, Н.Осака нар тус бүр нэг удаа цом хүртэж байсан. Америк бүсгүй С.Уилльямс өнгөрсөн оны сүүлийн хоёр Их дуулга тэмцээний финалд шалгарсан бөгөөд энэ удаа тоглож сурсан кортондоо хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь гарцаагүй юм. Хэрвээ С.Уилльямс түрүүлж чадахгүй бол эмэгтэй төрөлд шинэ аварга төрөх магадлалтай. Учир нь М.Шарапова, А.Кербер, К.Возняцки нар урьдны хүчтэй тоглолтоо үзүүлэхээ нэгэнтээ болиод байгаа бол Н.Осака “од”-дын өвчнөөсөө салж чадаагүй байгаа тул хангалттай өрсөлдөөн үзүүлэх нь эргэлзээтэй юм. С.Уилльямсын араас Австралийн Э.Берти, Чехийн К.Плишкова, П.Квитова, Украйны Е.Свитолина, Румын бүсгүй С.Халеп гэсэн бүсгүйчүүд цомын төлөөх өрсөлдөөний гол нэр дэвшигчид байх боломжтой.
Австралийн нээлттэй тэмцээн нь дөрвөн Их дуулга тэмцээний хамгийн залуу нь бөгөөд ХХ зуунд буюу 1905 оноос анх зохиогдож эхэлсэн. Тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хос, өсвөрийн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, тэргэнцэртэй гэсэн хэд хэдэн төрлүүдээр зохион байгуулагддаг.
Б.БЯМБАБАЯР