-Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан-
Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт оролцож Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөвөөр санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр бүртгүүлбэл хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр тусгаад байна. Хууль хэрэгжих хугацааг 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний 24.00 цаг хүртэл зааж өгсөн юм.
Хуулийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг өршөөнө. Хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нууцална.
Мөн Эдийн засгийн ил тод байдал гэсэн тэмдэглэгээтэй шинэ эхлэлтийн бланс үүсгэх зохицуулалт хийж байгаа аж.
Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох төрийн байгууллагууд сар бүрийн 10-нд ажлаа тайлагнана. Дэд ажлын хэсэг ажиллана, ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ахалжээ.
Хууль хэрэгжиж эхэлснээр бизнесийнхэнд ирдэг хууль хяналтын байгууллагынхны дарамт арилна, нөгөө талдаа бизнесийн эрүүл орчноос ажлаа эхлүүлэх таатай боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газар ямар ажлууд хийж байгаа вэ. Улсын төсвийн алдагдал өсч байна гэх?
-Төсөв нэлээд хүндрэлтэй байгаа. Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан. Энэ бол бодит эдийн засгийн нөхцөл байдлаас ургаж гарч байгаа. Татварын төлөвлөгөө, биелэлт төлөвлөсний дагуу явж байгаа. Төсөвт хамгийн их орлого оруулдаг Гааль дээр орлогын тасалдалт өндөр байна. Энэ нь импорт эрс буурсантай холбоотой. Худалдааны бланс эерэг гарсан. Энэ бол экспорт нь импортоосоо давчихсан гэсэн үг. Нэг талдаа энэ нь сайн үзүүлэлт боловч манай эдийн засаг бүхэлдээ агшиж байна гэсэн үг. Яагаад гэвэл гол эдийн засаг импорт дээр суурилчихсан байдаг учраас эдийн засгийн хувьд агшилт явагдаж байна. Дээрээс нь дэлхий нийтийн хувьд эдийн засгийн байдал хүнд байгаа. Мөн гол нэр төрлийн түүхий эдийн үнэ унаж, төсөвт тусгаснаас доогуур болж уналаа.
Одоо хамгийн эерэг мэдээлэлтэй байгаа нь нефтийн бүтээгдэхүүний үнэ. Нефтийн үнэ буурахад манайд ашигтай байдаг. Гэхдээ зэс, нүүрс, төмрийн үнэ унасан байгаа. Орлогын тасалдлын бас нэг үүсвэр бий. Бид өмч хувьчлалаас 180 гаруй тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. УИХ-аар холбогдох хуулийг батлуулсны дараа дээрх орлого бараг 70 гаруй хувиар буурахаар болсон. Эдгээр хүчин зүйлүүдээс болж улсын орлогын тасалдал нилээн өндөр хувьтай гарах гээд байна. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай болсон.
-Эдийн засгийн Өршөөлийн хууль батлагдсанаар татварын өртэй компаниуд өршөөгдөх юм байна. Тэгэхээр “Иточү”, “Алтайн Хүдэр” зэрэг улсад их хэмжээний татварын өртэй компаниуд өршөөгдөнө гэж ойлгож болох уу?
-Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн хүлээгдэж буй татварын өр байгаа. Үүний тодорхой хэсгийг хүү, алданги эзэлдэг. Энэ бол ямар нэгэн гэмт хэрэг бол биш. Графикийнхаа дагуу татвараа төлөх бололцоогүй байгаа компаниудын жагсаалт. Компани үйл ажиллагаагаа явуулаад татвараа төлөх ёстой. Харин төлж чадахгүй байгаа учраас татварын өр үүсдэг. Бидний зүгээс татвар төлөлтийг бодитой болгох үүднээс ямар арга хэмжээ авах талаар Сангийн яам, Татварын Ерөнхий газар судалгаа хийж байна. 2007 оны татварын Өршөөлийн хуулиар тодорхой хувийг төлөөд бусдыг нь хөнгөлж байсан.
-УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдыг есдүгээр сарын 7-ны дотор багтаан сайд нарынхаа нэрсийг өргөн барь гэсэн. Чадах уу?
-Засгийн газрын хуулиар сайд нарын нэрсийг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Засгийн газрын зүгээс намуудын хэлэлцээрийн үндсэн дээр сайд нарын нэрсийг өргөн барихаар ажиллаж байна.
-Хугацаандаа амжиж өргөн барьж чадах уу?
-Бүх асуудал намуудын хоорондын хэлэлцээрээр шийдэгдэнэ. Засгийн газрын хууль 1993 онд батлагдсан. Засгийн газрыг бүрдүүлж чадаагүй бол урт хугацаагаар үүрэг гүйцэтгэгч ажиллаж байсан түүх өмнө нь бий. 1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед түр орлон гүйцэтгэгч сайд нар долоон сар ажилласан байдаг. Гэхдээ ийм тохиолдол болохгүй байх.
-Дэд сайд нарын асуудлыг танай нам дотор хэлэлцсэн үү?
-Дэд сайд нарыг сайд нарыг томилсоны дараа томилно.
-Эдийн засгийн ил, тод байдлын хуульд компаниуд хамрагдахгүй үлдчих вий гэсэн болгоомжлол байна. Мөн тайлагнахгүй л бол илрүүлж чадахгүй, татвараа нуун дарагдуулаад өнгөрье гэсэн байгууллагууд ч байна. Энэ тохиолдолд дараа нь эрсдэл үүсэх үү?
-Хуулийн зохицуулалт хатуу шаардлагатай бас компанийн ашиг, орлогод их хэмжээгээр нөлөөлж чадахаар байвал ашгаа бодоод хууль бус зүйл хийж байна гэж ойлгож болно. Гэтэл төр өөрөө санаачлаад бизнесийхэнд дарамт учруулж байсан заалтаа өөрчлөөд боломж олгож байгааг ашиглах л ёстой.
Г.ДАРЬ