Бангладеш оёдолчдынхоо цалинг нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Бангладеш оёдолчдынхоо цалинг нэмэгдүүллээ

Цалин болон ажлын нөхцөл байдал нь удаан хугацаанд асуудал болсоор ирсэн Бангладешт оёдлын салбарын ажилчид олон сараар хүч хэрэглэсэн эсэргүүцэл үзүүлсний дараа Бангладеш саяхан оёдлын салбарын ажилчдынхаа цалингийн доод хэмжээг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр сард 1,662 така (25 ам.доллар) байсан цалингийн доод хэмжээ 3,000 така болсон байна. Энэ мэдээг тус улсын хөдөлмөрийн яам пүрэв гаригт албан ёсоор зарлахаар бэлдэж байгаа талаар “BBC” агентлаг мэдээллээ. 2006 онд хамгийн сүүлд нэмэгдүүлсэн энэ хэмжээг ажилчид 5,000 така болгож нэмэгдүүлэх хүсэлтэй байсан юм.

Бангладешт “Walmart”, “Tesco”, “H&M”, “Marks & Spencer”, “Zara”, “Carrefour” зэрэг брендийн хувцаснуудыг үйлдвэрлэдэг юм. Оёдлын салбар Бангладешийн эдийн засгийн гол ноён нуруу нь бөгөөд тус улсын экспортын бараг 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд жилд 12 тэрбум ам.долларын орлого олдог.

Бангладешийн хямд ажиллах хүчийг мөлжиж байна гэсэн шүүмжлэлд өртсөний дараа барууны зарим компаниуд тус улсын засгийн газрыг цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүссэн. Засгийн газрын ажилтнууд, оёдлын үйлдвэрлэгч нар болон үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөл оролцсон онцгой хороо байгуулагдан цалингийн талаар хэлэлцээд ийнхүү шийдэлд хүрсэн байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт бухимдсан ажилчид цагдаа нартай мөргөлдөөд байгаа бөгөөд илүү өндөр цалин, илүү сайн ажлын нөхцөл байдал шаардсан байна. Шинээр тохиролцсон цалингийн доод хэмжээг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл зөвшөөрч байгаа ч бүх үйлдвэрчний эвлэл зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ тохиролцоо дэлхийн хамгийн бага цалинтай хүмүүсийн тоонд ордог 2.5 сая Бангладеш ажилчинд нөлөөлөх болно. Өнгөрсөн сард болсон үйлдвэрчний эвлэлийн тэмцлийн үеэр 250 орчим оёдлын үйлдвэр хаалгаа барьсан байна. Одоогоор мөрдөгдөж байгаа цалингийн доод хэмжээг энэ төрлийн ажлын дэлхий дээрх цалингийн хамгийн доод хэмжээ гэж хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах байгууллагууд ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж