Гарын үсгээ гар утаснаасаа зурах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Гарын үсгээ гар утаснаасаа зурах боломжтой боллоо

Гарын үсгээ гар утаснаасаа зурах боломжтой боллоо

Мобиком корпорацийн сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзоригтой ярилцлаа.


-Мобиком корпорациас сим картад суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээг нэвтрүүлсэн байсан. Энэхүү цоо шинэ үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Өнөөдөр манай улсад зайлшгүй өөрийн биеэр очиж, дугаарлан зогсож, гарын үсгээ зурж, өөрийгөө таниулсны эцэст авдаг маш олон үйлчилгээ бий. Тэгвэл энэ олон үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авах боломжийг бид олгож байна гэсэн үг юм. Тоон гарын үсэг бүхий сим карт нь иргэд гарын үсэг зураад авч болох үйлчилгээгээ замын түгжрэлд орж, хаа нэг газар оочирлож зогсох шаардлагагүйгээр 24 цагийн турш хаанаас ч авах боломжийг олгох юм.

Сим картад суурилсан “Тоон гарын үсэг” бол Монгол Улсын хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилгээ. Энэхүү үйлчилгээ сим картад суурилсан нь иргэд гар утсаараа дамжуулан гарын үсгээ зурж, хүссэн үйлчилгээгээ авах боломжтой болж байна гэсэн үг.

Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувь, орон нутгийн хүн амын 80 гаруй хувь нь интернет ашиглаж байгаа нөхцөлд технологийн дэвшлийг ашиглан цагаа хэмнэх бүрэн боломжтой болж байна.

Энэхүү системийг ашиглахын тулд хэрэглэгчид сим картаа солих шаардлага тулгарах байх?

-Тийм ээ. Тоон гарын үсэг бүхий сим карт нь энгийн сим картыг бодвол өөрийн гэсэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, өөр дээрээ тоон гарын үсэг бүхий маш өндөр нууцлалтай, дахин давтагдашгүй тоон утгуудыг агуулсан сим карт.

Яг энэ үйлчилгээг авахыг хүссэн хэрэглэгчид маань манай салбарууд дээр хүрч ирэн, сим картаа авах юм.

-Сим картаа солиуллаа гэхэд тоон гарын үсгийг хэрхэн ашиглах боломжтой юм бэ?

-Энэ үйлчилгээг бид Тридум э-Секьюрити ХХК-тай хамтран нэвтрүүлсэн. Энэ компани маань Тоон гарын үсгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй компани юм.

Энгийнээр тайлбарлавал, бид иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүй үедээ хурууны хээгээ уншуулаад өөрийгөө таниулдаг шүү дээ. Тэгвэл тоон гарын үсгийн технологийн тусламжтайгаар заавал биеэр очиж авдаг бүх үйлчилгээг бүрэн цахим болгох боломжтой боллоо гэж ойлгож болно. Тухайлбал үйлчилгээ үзүүлж буй байгууллага нь хэрэглэгчийг биеэр ирүүлж, иргэний үнэмлэх, бичиг баримт шалгах, эсвэл хурууны хээг нь уншуулж баталгаажуулах шаардлагагүйгээр зайнаас таних ба үүнийг Мобикомын нэвтрүүлж буй сим карт дээр суурилсан тоон гарын үсэг бүхий үйлчилгээгээр баталгаажуулж байна гэсэн үг.

-Өөрөөр хэлбэл, сим карт дээр тухайн иргэний мэдээллийг хамгаалсан гарын үсэг байна гэсэн үг үү. Аюулгүй байдал хэр зэрэг хангагдсан бэ?

-Аюулгүй байдал 100 хувь хангагдана гэж ойлгож болно. Нэг талдаа хэрэглэгчийн “хувийн түлхүүр” буюу зөвхөн таныг таних код гэж зүйл байна. Энэ кодыг та өөрөө үүсгэж, зөвхөн танд байна. Энэхүү кодоор таны мэдээлэл хамгаалагдана гэсэн үг. Үүнийг дундаас нь хэн ч уншиж, тайлах боломжгүй, аль нэг системд хадгалах, хэн нэгэн харах, сэргээх, өөрчлөх боломжгүй.

-Сим карт дээр суурилсан тоон гарын үсэг үйлчилгээ өнөөдөр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад бүхэлд нь нэвтэрчихсэн байгаа юу?

-Сим карт дээр суурилсан тоон гарын үсэг үйлчилгээг одоогоор Мобифинанс ББСБ-ын цахим мөнгөний үйлчилгээний гэрээ болон зээлийн гэрээ хийх тохиолдолд ашиглагдах боломж бүрдсэн. Цаашид бид банк, даатгал, төрийн үйлчилгээнүүдэд сим карт дээр суурилсан тоон гарын үсэг нэвтрүүлэхээр тухайн байгууллагуудтай ажиллаж эхлээд байна. Тун удахгүй энэ үйлчилгээ маань өөр олон салбарт нэвтэрнэ гэж итгэж байна. Хамтран ажиллахыг хүссэн байгууллагуудад бид нээлттэй.

Дижитал шилжилтийг Эстони улс амжилттай хэрэгжүүлснээрээ дэлхий нийтэд жишиг болдог. Энэ улс сим карт дээр суурилсан “Тоон гарын үсэг” хэрхэн нэвтрүүлсэн байдаг юм вэ? Мөн дэлхийн өөр улсууд энэ үйлчилгээг хэр нэвтрүүлж байна вэ?

-“Дижитал хувьсал”-ыг амжилттай хэрэгжүүлсэн, 1,3 сая хүн амтай Эстони  улс юм. Тэдний хувьд анх 1997 онд “и-Эстони” хөтөлбөрөө эхлүүлсэн бөгөөд өдгөө төрийн болон бусад бүхий л төрлийн үйлчилгээний 99% нь цахимжсан. Монгол Улсын хувьд цахим үнэмлэх, цахим бүртгэл, цахим төлбөрийн систем гээд орон даяар дижитал хувьслыг хэрэгжүүлэх ажлаа мөн адил амжилттай эхлүүлээд байгаа билээ. Монгол Улсын Засгийн Газраас Цахим засаглал буюу “Дижитал Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сим картанд суурилсан “Тоон гарын үсэг” үйлчилгээ нь энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж