Малайз "Бид та нарын хогны сав биш" хэмээгээд АНУ, Их Британи, Франц, Канад зэрэг баян улсууд руу 150 чингэлэг дүүрэн хуванцар хаягдлыг буцаан илгээлээ. 2018 онд БНХАУ хог хаягдал дахин боловсруулах том үйлдвэрээ татан буулгаснаас хойш Малайзад олон улсын хуванцар хаягдлууд овоорох болжээ.
Нэгдүгээр сарын 20-нд Малайзын Байгаль орчны сайд Ёо Би Ин 3737 тонн.метр хогийг 13 орон руу буцаахаар болсноо мэдэгдсэн байна. Нийт 150 чингэлгийн 43-ыг Франц руу, 42-ыг Их Британи руу, 17-г АНУ руу, 11-ийг нь Канад руу буцаажээ.
Сайд Ёо фэйсбүүк дээрээ "Малайз улс цаашдаа дэлхийн хогны сав болохгүй байхын төлөө тэмцсээр байх болно" гэсэн утгатай урт нийтлэл бичсэн байна. Буцаасан хогны тээвэрлэлтийн зардлыг тээврийн компаниуд болон хүлээн авагч улсууд хариуцсан аж.
БНХАУ байгаль орчноо цэвэрхэн байлгах үүднээс хоёр жилийн өмнө хуванцар хог импортлохоо зогсоосон билээ. Энэхүү шийдвэр хогоо экспортлодог олон орныг тэвдүүлж, Малайз зэрэг өөр орнуудыг хогны сав болгоход хүргэжээ.
2018 оны эхний хагаст АНУ-аас Малайз руу нийлүүлэх хуванцар хогны хэмжээ өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн Канадаас Филлипинд очих хогны хэмжээ ижил хэмжээгээр нэмэгджээ.
Өнгөрсөн тавдугаар сард Малайз тэргүүтэй 187 орон(АНУ байгаагүй) дэлхийн бохирдлын аюултай үр дагавраас сэргийлэх зорилгоор олон улсын хооронд аюултай түүхий эдийн тээвэр, хөдөлгөөнийг зохицуулдаг Базелийн конвенцийн аюултай түүхий эдийн жагсаалтад хуванцарыг оруулахаар зөвшилцжээ.
Эх сурвалж: CNN