Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.01.20/ бүртгэгдсэн хоногийн мэдээг тоймлон хүргэе.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 08.05 цагт хүлээн авч, алба хаагчид 08.16 цагт очиж, иргэн Т-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
- Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 21:01 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ангийн алба хаагчид иргэн И-гийн таван ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багт иргэн Э-гийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07 цагт хүлээн авч, алба хаагчид 5х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
- Мөн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, “Ус сувгийн удирдах газрын авто бааз”-ын урд талд дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг алба хаагчид гаргаж, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Үүнээс гадна энэ сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг Чандмань Өндөр сумын нутагт 14 настай эрэгтэй хүүхэд өөрийгөө боомилж нас баржээ. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Өөрийгөө боомилж нас барсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд юуны учир ийнхүү амиа хорлох болсон талаар мөрдөн шалгаж, холбогдох гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч байгаа аж.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж бэртжээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
- Мөргөлдөх хэлбэрээр 2 тус, тус бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн зам, Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай, эмэгтэй, А, 4-8 насны гурван хүүхэд гэмтсэн байна. Ослын улмаас хүүхдүүдийн хөл, гар нь хугарч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Э.БУРАМ