
Японы хайлтын зах зээл дээр ноёлох байр суурь эзэлдэг “Yahoo Japan” “Microsoft”-ыг биш харин “Google”-тэй хамтран ажиллахыг сонгосон талаар “BBC” агентлаг мэдээллээ. Энэ нь “Yahoo Inc”-тэй байгуулсан стратегийн түншлэлд нөлөө үзүүлэхгүй гэж тус компани мэдэгджээ. “Yahoo Japan”-ий 35 хувь нь “Yahoo Inc”-ийн хөрөнгө оруулалттай ч интернетийн үйлчилгээ үзүүлдэг “Softbank” компани тус компанийн 40 хувийг эзэмшдэг. Японы хайлтын зах зээл дээр хамгийн том байр суурь эзэлдэг тус компани Японы зах зээлийн 57 хувийг эзэмшдэг бол “Google” 30 гаруй хувийг нь, харин “Microsoft” гурван хувийг л эзэмшдэг.
Гэрээ байгуулснаар “Yahoo Japan” “Google”-ийн боловсруулсан онлайн сурталчилгаа, түгээлтийн системийг ашиглах эрхтэй болно. Энэ мэдээллийг зарлахынхаа хамт “Yahoo Japan” эхний улирлын үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар тайлангаа танилцуулсан байна. Тус компани зургаадугаар сар хүртэлх эхний улиралд 21.7 тэрбум иений (248 сая ам.доллар) цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үед 19.2 тэрбум иений цэвэр ашиг олж байснаас 13 хувиар нэмэгдсэн дүн байна.
Т.Бадрах