Хятадын дарга Ши Жиньпин энэ сарын 17, 18-ын өдрүүдэд Мьянмар улсад айлчлав. Энэхүү айлчлал нь хамгийн сүүлд Хятадын удирдагч асан Жиан Земин тус улсад айлчилснаас хойшхи Хятадын төрийн тэргүүний анхны айлчлал боллоо. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд уг айлчлал болсон бөгөөд Ши Жиньпин цаашдын сайхан харилцааныхаа эхлэлийг ч тавьчихаад буцав. Айлчлалын хүрээнд Ши Жиньпин, Мьянмарын удирдагч Ан Сан Сучи нар дэд бүтцийг хөгжүүлэх, худалдаа, үйлдвэрлэл, эдийн засгийн тусгай бүстэй холбоотой 33 гэрээ хэлэлцээр байгуулжээ.
Ши Жиньпин ба Хятадын Коммунист Нам /ХКН/ хоёр улсын харилцааг илүү тогтвортой түвшинд байлгахаар эрмэлзэж байгаа нь энэ айлчлалаас харагдаж байв. Бээжин нь Мьянмарын хунта нарыг олон улсын, тэр дундаа НҮБ-ын хяналтаас олон жилийн турш хамгаалж ирсэн бөгөөд 1990-2000-аад оны үед цэргийн дэглэмийг дэмжиж байсан.
Гэхдээ Мьянмарын өмнөх удирдагч Тейн Сейн тус улсын улс төрийн байгууллагуудыг шинэчилж, дэлхийн хөрөнгө оруулагчдад хаалгаа нээж эхлэхэд АНУ дахь Обамагийн засаг захиргаа 2016 оны эдийн засгийн хоригийг нь түдгэлзүүлж, дипломат болон өндөр түвшний айлчлал хийсэн.
Одоогийн Ан Сан Сучигаар удирдуулсан Мьянмар улс нь 2012-2017 оны хооронд үндэстний цөөнх рохинжачуудыг буюу 700,000 гаруй мусульман шашинтнуудыг хүчээр хөөн зайлуулсныхаа төлөө олон улсын зүгээс маш хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байгаа учир Бээжинд илүү найдвар тавьж байгаа нь гарцаагүй.
Нобелийн шагналтан асан, бараг хорин жилийн турш цэргийн хунтагийн баривчлагаанд байсан Ан Сан Сучи томоохон хөрөнгө оруулалтын амлалтуудаа биелүүлэхийн тулд Бээжинтэй хамтарч ажиллахаас өөр гарцгүй. Харин Хятад улс нь Мьянмарыг Энэтхэгийн далайд гарах стратегийн чухал ач холбогдол бүхий найдвартай түнш гэж харж байгаа юм.
МЬЯНМАРЫН УЛС ТӨРИЙН ХОЛИМОГ СИСТЕМ
Хэдийгээр Үндсэн хуулиараа ардчилалтай боловч Мьянмар бол хагас авторитарчилсан цэргийн удирдлагатай хэвээр байгаа бөгөөд хууль тогтоомж, санхүүгийн ил тод байдал нь тийм ч сайн хөгжөөгүй. Засгийн газар нь колоничлолын үеийн хууль тогтоомжийг ашигласан хэвээр байгаа ба эрх баригч намыг шүүмжилсэн сэтгүүлчдийг шоронд хоригдох хувь заяа хүлээж байдаг.
2008 оны Үндсэн хуульд зааснаар Холбооны парламент нь дөрөвний нэг үүрэгт цэргийн алба хаагчдаас бүрдэнэ гэжээ. Нэмж дурдахад, зэвсэгт хүчин нь улсынхаа дотоод хэрэг, батлан хамгаалах, гадаад хэрэг гэсэн гурван том яамыг хянадаг. Тэд төрийн эргэлт хийхгүйгээр эрх мэдлийг гартаа авах боломжийг Үндсэн хуулиндаа тусгаж өгсөн. Олон улсын хамтын нийгэмлэгүүд тус улсын үндсэн хуульд хийж буй өөрчлөлтүүдийг ардчилсан бус хэмээгээд тогтворгүй байдалд хүргэж болзошгүй гэж анхааруулдаг.
МЬЯНМАР ХЯТАДЫН СТРАТЕГИД ХЭРХЭН НИЙЦЭЖ БАЙНА ВЭ?
Ши Жиньпиний төрийн айлчлалын үеэр хамгийн их анхаарал татсан асуудал нь Кяукфю эдийн засгийн тусгай бүс (SEZ) ба далайн гүний боомт байв. Анх 2009 онд Ши дэд дарга байхдаа Мьянмарт анх айлчлилж байжээ. Энэ үеэр хоёр тал Кяукфю эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх анхан шатны яриа хэлэлцээг хийж байж. Үүнд Мьянмарын хойд болон төв хэсэгт байрлах Муша, Мандалай гэсэн хоёр замыг Хятадын өмнөд нутгийн Куньминтай холбосон төмөр зам байгуулах, тус улсын хуучин нийслэл, одоогийн хамгийн том хотын нэг болох Янгон хотыг БНХАУ-ын харилцаа холбоо, барилгын компанитай хамтран Шинэ Янгон хотыг хөгжүүлэх төсөл зэрэг багтжээ. Эдгээр төслүүд нь Бээжингийн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хийгдэж буй Хятад-Мьянмарын эдийн засгийн корридор /CMEC/ байгуулах төслийн нэг юм.
Мьянмар нь Бээжингийн геостратегийн төлөвлөгөөнд онцгой ач холбогдолтой. Тус улс нь Хятадыг Энэтхэгийн далайд гарах боломжийг олгохоос гадна тус бүсэд өсөн нэмэгдэж буй Энэтхэгийн хүчийг сааруулах том боломж. Энэтхэгийн далай нь Ойрхи Дорнодоос БНХАУ-ын түүхий тос импортлох гол зам билээ.
Сүүлийн үед Мьянмарын цэргийн ерөнхий командлагч, рохинжа нарын эсрэг үзэлтэн, генерал Мин Аун Хлаинг мөн Хятадын хөрөнгө оруулалтад ач холбогдол өгч байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бээжинд зочлохдоо хоёр орны харилцаа нааштай байгааг сайшаав. Мин Аун Хлаинг мөн Мьянмар улс цэргийн хүчийг эдийн засгийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад дайчилна гэдгийг амлажээ. Үүний хариуд Ши Жиньпин Мьянмарыг үргэлжлүүлэн дэмжихээ амласан байна.
ХАРИН БАРУУНЫ УЛСУУД МЬЯНМАРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ ЧАДАХ ВЭ?
Мьянмар 2010 онд олон талт сонгуулийн дараа хэсэгчилсэн ардчилал хийж Өрнөдтэй харилцаа харьцангуй сайжирсан. Вашингтон 2012 онд Дерек Митчеллийг 22 жилийн дараа анх удаа Мьянмарт суух элчин сайдаараа томилов. Энэ үед тус улсад Америкийн нөлөө дээд цэгтээ хүрч, эсрэгээрээ Бээжинг эсэргүүцэж байсан юм. АНУ, Мьянмар улсууд цэргийн хамтын ажиллагаагаа сэргээх тухай ч яригдаж, Ан Сан Сучи АНУ-ын элчин сайдын яамаар байнга зочлох болж, иргэдийн эхлүүлсэн ардчиллыг дэмжихээ мэдэгдэж байв. ”Microsoft”, “Google” болон “Pepsi” зэрэг дэлхийн хэмжээний томоохон корпорациудын удирдлагууд бүгд Мьянмарт хөрөнгө оруулах боломж хайж Янгонд ирж байлаа.
Гэсэн хэдий ч 2012 онд Буддистууд ба мусульман шашинтнуудын хоорондын тэмцэл хямрал болон хувирч, нөхцөл байдал өөрөөр эргэсэн. Харин одоо тус улсад Барууны нөлөө бүх цаг үеийн хамгийн бага түвшинд хүрээд байна. Ан Сан Сучи Унгарын Виктор Орбан, Хятадын Ши Жиньпин зэрэг коммунист удирдагчидтай харилцаагаа сайжруулж, Европ, Америкийн шүүмжлэгчдийг хүчтэй эсэргүүцэх болсон. Гэхдээ яг үнэн хэрэгтээ Мьянмарын жирийн ард иргэдийн хувьд АНУ-ын тус улсад үзүүлж буй эерэг нөлөө Хятадынхаас илүү юм.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ