Юанийн ханшийн дарангуйлал

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Юанийн ханшийн дарангуйлал

Юанийн ханшийн дарангуйлал

Өнгөрсөн бүтэн сайн өдөр нөхөртэйгөө “Сандэй” худалдааны төвөөр орж, ойр зуурын худалдаа хийлээ. Оны өмнөхөн 5000 төгрөг байсан асаагуурын жижиг савлагаатай шингэн хэдийнэ 10 мянган төгрөг болсноос эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадчихаж”. Худалдагч залуугаас яагаад барааныхаа үнийг хоёр дахин огцом нэмсэн талаар асуухад “Юанийн ханш 400-д хүрсэн шүү дээ. Юмны үнэ өсөх нь аргагүй” гэж хариуллаа.

Наймаачид юанийн ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж, хохирол амсахгүйн тулд барааныхаа үнийг тодорхой хэмжээгээр өсгөжээ. Энэ нь инфляцийн өсөлт болж, эдийн засагт дахиад л сорилт тулгарч мэдэх бөгөөд иргэдэд дарамт болж буй юм.

Өмнөд хөршөөс худалдаа, эдийн засгаараа ихээхэн хамааралтай болсон манай улсын хувьд валютын ханш голлох үзүүлэлтийн нэг. Ойрын өдрүүдэд юанийн ханш огцом чангарч буй юм. Монголбанкнаас зарласан юанийн албан ханш өнгөрсөн Даваа гариг (2020.01.20)-т 400.32 төгрөгтэй тэнцэж, бүх цаг үеийн дээд цэгт хүрэв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд юанийн дундаж ханш 378.32 төгрөг байв. Ийнхүү сар гаруйн хугацаанд өмнөд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш 24 төгрөгөөр чангарлаа.

“Найман шарга”-ын ченжүүд өчигдөр (2020.01.20) юанийг 398 төгрөгөөр авч, 400 төгрөгөөр борлуулж байв. Дэлхийн зах зээлд юанийн ханш ам.долларын эсрэг чангарч эхэлсэн. Одоогоор 6.74 юань нэг ам.доллартой дүйж байгаа юм. Өмнө нь долоон юань нэг ам.доллартой тэнцэх хүртэл ханш нь суларч байв.

Сар шинийн баяр дөхөж, БНХАУ-ын Эрээн хотыг зорих монголчуудын цуваа дотоодын зах зээлд юанийн эрэлт үүсгэдэг. Төгрөгтэй харьцах юанийн ханш өсөх үзэгдэл урьд жилүүдэд гарч байв. Гэхдээ энэ жилийнх шиг юанийн ханш төгрөгийн эсрэг огцом чангарч байсан тохиолдол ховор юм. Юанийн ханш төгрөгийн эсрэг аажмаар бус огцом чангарах болсон нь эдийн засгийн ээлжит нэгэн сорилт болж байна.

Одоогоос бүтэн арван жилийн өмнө буюу 1990 онд Монгол Улсын БНХАУ-тай хийсэн худалдаа нийт худалдааны эргэлтийн 1.5 хувь байсан бол өдгөө манай улсын нийт экспорт (2019)-ын 96 хувийг, импортын 41 хувийг Хятад улс дангаараа эзэлж байна.

Олон улсын валютын зах зээл дээр юань чансаа өндөр валютын тоонд багтаж буй. Өмнөд хөршийн валютын ханш өнгөрсөн сард гурав орчим хувиар чангарсан нь Азид тэргүүлэх үзүүлэлт болсон. Эдгээр нь төгрөгтэй харьцах юанийн ханш чангарах шалтгаан болж буйг эдийн асагчид өгүүлж байна. Иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг нь юанийн ханш юм.

Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин хэлэхдээ “Валютын ханшийн богино хугацааны огцом өөрчлөлтийг хязгаарлах зорилгоор Монголбанкнаас тодорхой арга хэмжээг авах боломжтой байдаг. Тухайлбал, банк хоорондын захад долоо хоног бүрийн хоёр дахь, дөрөв дэх өдрүүдэд дуудлага худалдаа явуулж, валют нийлүүлдэг.

2020 он гарснаар хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 72.2 сая ам.доллар нийлүүлсэн. Тэгэхлээр нэг талаас нөөцийг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг авахаас гадна ханшийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор банк хоорондын захад интервенци хийж байна.

Эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой, 2019 он харьцангуй эерэг жил байсан. Гэхдээ түүхий эдийн экспортоос голлон хамаардаг гадаадаас ихээхэн бараа, үйлчилгээ импортолдог эдийн засагтай орны хувьд ханшийн урт хугацааны шийдэл нь тогтвортой бөгөөд тодорхой гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого юм” гэв.

Юанийн ханш чимээгүйхэн чангарсаар л байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж