Чадваргүй, хэрцгий удирдагч бол ард түмнийхээ дайсан юм

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Чадваргүй, хэрцгий удирдагч бол ард түмнийхээ дайсан юм

Чадваргүй, хэрцгий удирдагч бол ард түмнийхээ дайсан юм

Та бүхэнд “Guardian” сонины нийтлэлч, туслах редактор Саймон Тисдаллын бичсэн ОХУ-ын Засгийн газар огцорсон болон Ерөнхийлөгч Путины эрх мэдлийн эргэн тойрон дахь асуудлын талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Орчин үеийн Оросын “эзэн хаан” Владимир Путин өөрийн эрх мэдлийг удаан хугацаанд хадгалах алхам саяхан хийлээ. Үүнд гайхах зүйлгүй. Гэвч үүний хохирогч нь Оросын ард түмэн болон барууны ардчилал байх болно.

Өдгөө 67 настай Путин 21 жил Орос орныг удирдаж, Сталинаас хойш тус улсыг хамгийн удаан хугацаанд удирдсан удирдагч болоод байна. Сталинтай адил тал нь тэр энэ хугацаанд маш олон дайсантай болж, олон ч хүнд зовлон зүдгүүр авчирсан.

Путинээр удирдуулсан Орос улс үг хэлэх эрх чөлөөгүй, үймээн самуун, хэлмэгдүүлэлт, дотоодын тэмцэл маргаанаар дүүрэн он жилүүдийг элээж байна. Хилийн чанадад ч оросуудын цэргийн түрэмгийлэл газар авч байна.

Мөрөөрөө тэтгэвэртээ гарах нь хүчирхийллийг төрийн бодлогын хэрэгсэл болгон ашиглаж ирсэн экс тагнуулчийн хувьд тийм ч таатай сонголт биш билээ.

Гэвч тэр Хятадын дарга Ши Жиньпин гэх мэт удирдагчид шиг өөрийн эрх мэдлийг хүчээр насан туршдаа дархалж буй “дарангуйлагч” хэв маягийг дуурайхыг хүсээгүй бололтой. Тэр ардчиллаар өнгөлөн далдлалт хийж, эрх мэдлийг өөрийн гарт оруулахыг илүүд үзжээ.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө тэр 2024 онд өөрийн бүрэн эрхийн хугацааг дуусмагц Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд болох сууриа тавьчихлаа. Эсвэл тэрбээр өөрийн байгуулсан Төрийн зөвлөл гэх байгууллагынхаа дарга ч болж магадгүй юм.

Түүнчлэн Путинд Думын спикер буюу эрх баригч “Нэгдсэн Орос” намын дарга болох хувилбар ч байгаа. Ингэвэл тэр Польшийн “Хууль ба Шударга ёсны нам”-ын удирдагч Ярослав Качинскийн дүрээр эрх мэдлээ хэрэгжүүлэх юм.

Тэр аль ч сонголтыг хийсэн бай дараа дараагийн Ерөнхийлөгч түүнээс эрх мэдлийн хувьд дээр гарч чадахгүй. Ямартай ч тэр ирэх жил болох Төрийн думын сонгуулиас өмнө өөрийн эрх мэдлийг баталгаажуулж, Путинизмийн эрин үе дуусах болоогүй гэдгийг зарлан тунхаглалаа. Бас тэр авлига авсан хэмээн буруутгагдсан Медведевийг огцруулж, улс төрд нэр цэвэр Михаил Мишустинийг Ерөнхий сайдаараа томилсон нь ч ирэх сонгуульд бэлтгэж буй хэрэг.

Хэрэв шударга, чөлөөт сонгууль болох юм бол тэр эрх мэдлээ урвуулан ашигладаг, бүхнийг хүчээр шийддэг ичгүүргүй байдлаасаа болж ор мөргүй алга болох нь гарцаагүй. Гэвч чөлөөт, шударга сонгууль гэдэг зүйл энэ улсад байхгүй болсон гэдгийг өнгөрсөн зун Москвад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр ардчиллыг дэмжигчдийг хэрхэн хүчээр дарсанаас илхэн харж болно. Мөн иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Алексей Навальный гэх мэт идэвхтнүүд гээд бүгд түүний өмнө өвдөг сөгдөж байна.

Путины буруу менежмент, хайхрамжгүй байдлаас болж Оросын эдийн засаг хүнд байдалд байгаа. Эрчим хүчний экспортод хэт найдсан Орос улсад гадаадын хөрөнгө оруулалт дутагдаж байна.

Путины 390 тэрбум ам.долларын өртөгтэй төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд бараг хэрэгжсэнгүй. Түүний эдийн засгийн шинэчлэл, амьжиргааны түвшинг дээшлүүлэх амлалтууд  нь бодит байдалтай урвуу хамааралтай байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсад дундаж цалин, тэтгэвэр тэтгэмж тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Үүний зэрэгцээ Путин эдийн засгийн  хувьд илүү өрсөлдөх чадвар болон олон улсын хөрөнгө оруулалтыг татаж болох улс төрийн либералчлалаас айж байна. Түүний өнгөрсөн долоо хоногт танилцуулсан нэмэлт, өөрчлөлтөөс гадныхнаас зайгаа барих бодлого харагдаж байв. Крымыг хууль бусаар гартаа авснаас хойшхи өрнөдийн хориг арга хэмжээнүүд нь Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр байгаа нь Путинизм хэр сөрөг нөлөөтэй вэ гэдгийг харуулж байгаа юм.

Путин Украины зүүн хэсэгт байгаа салан тусгаарлагчдыг өдөөж буй нь 2016 оноос хойш Сирид Оросын цэргийн явуулж буй үйл ажиллагааны жижигрүүлсэн хувилбар гэж хэлж болно.

Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай сүлбэлдэн Сирийн зүүн хойд хэсэгт байрлах Курдуудыг устгах ажлыг зохион байгуулж байгаа. Саяхан тэрбээр Ливийн дайнд цэргээ оруулсан. Ингэхдээ тэр НҮБ-ээр хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрынхаа эсрэг босч буй босогчдыг дэмжсэн.

Путины удирдлага доорх Орос улсыг Балканы болон Зүүн Европын орнуудад үүсгэсэн хямрал, Европын холбоог хуваах оролдлого, Балтын бүгд найрамдах улсуудад хийсэн кибер халдлага, Их Британи, АНУ дахь ардчилсан үйл явцыг дарангуйлах гэсэн оролдлого зэргээр нь дүгнэж байна. Түүнчлэн тэр Дональд Трампын толгойг эргүүлж, НАТО, “Их-7”-гийн бүлгүүдийн хүчийг сулруулж, “либерализм хуучирсан” гэх үгээрээ Европын ардчиллыг доройтуулж байна.

Түүнчлэн Скрипал болон түүний охиныг хордуулсан, өнгөрсөн онд Берлинд Чеченийн салан тусгаарлагчийг хөнөөсөн зэрэг хэргүүдийн ард хэн байсан бол?

Владимир Путин бол түрэмгий, эх оронч, популист, зальжин, дайчин, хэрцгий гээд маш олон дүр төрхтэй хүн. Энэ бүх дүр төрх нь бүгд Оросын ард түмний эрх ашигт нийцэхгүйгээс гадна барууны эрх чөлөө, ардчиллын зарчимтай зөрчилдөж байгаа юм. Тийм ч учраас Путины нигилист засаглалыг цааш сунгаж, бэхжүүлэх хэтийн төлөвлөгөө нь өөрөө аймшиг юм.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж