Давос: Тэргүүлэх гүрнүүдийн сөргөлдөөн 2020 оны гол эрсдэл

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Давос: Тэргүүлэх гүрнүүдийн сөргөлдөөн 2020 оны гол эрсдэл

Давос: Тэргүүлэх гүрнүүдийн сөргөлдөөн 2020 оны гол эрсдэл

Дэлхийн эдийн засгийн 50 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Швейцарийн Давос хотноо эхэлнэ. Энэ удаагийн чуулга уулзалтад 117 орны 3000 орчим төлөөлөгч, түүний дотор 53 орны төр, засгийн тэргүүн нар оролцох юм.

Чуулга уулзалтын хүрээнд нэгдүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд 400 гаруй салбар хуралдаан явагдаж, улс төрч, эдийн засагч, бизнес эрхлэгчид, эрдэмтэд зэрэг 600 гаруй хүн үг хэлэх ажээ.

Хэдийгээр ажиглагчид дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлтийн хурдцын удаашралыг 2020 онд учрах гол аюулаар нэрлэж буй ч дэлхийн хэлэлцүүлгийн хамгийн том платформ болох уг уулзалтад оролцогчид энэ жил уур амьсгалын асуудалд гол анхаарлаа хандуулж буй юм.

Засгийн газрын хямралын улмаас өнгөрсөн жил Давост хүрэлцэн ирж чадаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Канцлер Ангела Меркель болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар энэ жил ДЭЗФ-ын индэр дээрээс дэлхий нийтэд хандаж илгээлтээ хүргэхээр ажээ. Мөн хамгийн сүүлд 2009 онд Давосын чуулга уулзалтад оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирж буй нь дэлхийн анхаарлыг эрхгүй татаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулга уулзалтад оролцохоор Давос хотыг зорьсон билээ. Түүний хувьд чуулга уулзалтад оролцож үг хэлэх юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Давос-2020: Ярих сэдэв арвин байх нь. Тэгш ой-50 дахь уулзалт. Ираны цөм, Америкийн сонгууль, Хятадын нөлөө, Оросын өөрчлөлт, дэлхийн халуурал, Австралийн түймэр, дижитал тэлэлт, хиймэл оюун ухаан, худалдааны дайн, өр зээл. Авлига бас популизм. Х.Баттулга ирэх сурагтай. Давост орох нь зөв” гэсэн юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд Давосын чуулга уулзалтад Төрийн тэргүүний хувиар оролцож, “Итгэлцлийг манлайлах замаар бэхжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг, уулзалтад үг хэлж байсан билээ.

Дэлхийн улсуудын энэ удаагийн уулзалт "Эв нэгдэлтэй, тогтвортой энх тайвны төлөө талуудын ашиг сонирхол" гэсэн уриан дор зохион байгуулагдана.

ДЭЗФ-ын шинжээчдийн санал асуулгад оролцсон бизнес эрхлэгчид, улс төрчид уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, кибер аюул занал болон эдийн засгийн тогтворгүй байдал нь ойрын 10 жилд хүн төрөлхтөнд хамгийн их аюул учруулах магадлалтай гэж үзжээ. Мөн ДЭЗФ-ын уламжлалт тайланд “Үндсэн гурван бэрхшээлийг даван туулахад нягтран нэгдэх ёстой” гэж дурдсан байна.

Энэ удаагийн форумын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгасан чуулга уулзалтын бизнесийн хөтөлбөрийг Шведийн байгаль орчныг хамгаалагч, өдгөө 17 настай Грета Тунберг нээх юм. Тэрбээр нүүрс олборлоход оруулж буй хөрөнгө оруулалтаа зогсоохыг уриалах ажээ.

ДЭЗФ-ыг зохион байгуулагчид эрсдэлийн талаарх тайлан мэдээндээ “Сүүлийн таван жил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн халуун жил байх болно. Хар салхи, ган, түймэр зэрэг байгалийн гамшиг дунджаар долоо хоногийн давтамжтайгаар тохиох болсон” гэж дурджээ.

Форумын судалгаанд оролцогчид эдийн засгийн уналтын эрсдэлийг хүн төрөлхтөнд 2030 он хүртэл учирч болзошгүй хамгийн том 10 аюулын есдүгээрт оруулсан байна. Мөн тэд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зэрэг “тэргүүлэх гүрнүүдийн эдийн засгийн сөргөлдөөнийг” 2020 оны гол эрсдэлээр нэрлэжээ.

ДЭЗФ өнгөрсөн оны эхний гурван улиралд дэлхийн ДНБ-ий тал хувийг бүрдүүлдэг хамгийн том эдийн засагтай долоон улсын зургаагийнх нь эдийн засаг саарсан гэж мэдээлж байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Хүлээлт үүсгэсэн шинэ технологиуд 2020 онд хэрэглээнд нэвтэрч, амлалтуудаа биелүүлнэ” гэж онцолж байна. Эдгээр шинэ технологиудыг бизнес загварчлалдаа ашигласнаар компаниуд ашгаа нэмэгдүүлж, дэлхий нийтийн өмнө тулгарсан сорилтуудыг хялбар давах боломжтой гэж үзжээ.

Мөн геномик судлал ахисан түвшинд хүрснээр "маш ховор илрэх" өвчнийг ч эмчлэх боломжтой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Олон улсад 475 сая гаруй хүн "маш ховор" өвчинтэйгөө тэмцэж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт дэвшил авчрах энэхүү технологи тэдэнд тусалж чадна гэж үзэж буй аж.

Дэлхийн дулааралтай холбоотой давтамж нь нэмэгдэж буй хар салхи, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд технологи тус болно гэж тодорхойлж байна.

Уулзалтын өмнө Давосын эдийн засгийн чуулганыг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Клаус Шваб форумын бүх гишүүд болон түншүүдээс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэж захидал илгээжээ. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд 2050 онд багтаж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн байна.

Давос. Швейцарийн жижиг хот бөгөөд үзэсгэлэнт уул нуруу, цанын баазуудаараа алдартай. Чухам энд л жил бүр 2500 орчим хүн ирж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийддэг.

Анх 1971 онд Давосын Эдийн засгийн уулзалтад 450 орчим төлөөлөгч ирж байсан бол өдгөө дэлхий нийтийг хамарсан томоохон форум болжээ.

Эх сурвалж: CNN, WEFORUM
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж