“Axios” цахим хуудаст мэдээлснээр, АНУ аяллын болон бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчиход олгодог B төрлийн виз олголтод тавигдах шаардлагаа чангатгах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа ажээ.
Ажил хэргийн зорилгоор АНУ-ыг зорьж буй жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвшөөрөл олгоход асуудал үүсэхгүй бол Төлөөлөгчийн газрууд виз хүсэгчдийг иргэншил авах зорилготой байна хэмээн сэжиглэвэл виз олгохоос татгалзах юм байна.
Цагаачлалын судалгааны төвийн мэдээлснээр, АНУ-д жил бүр 30 мянга гаруй гадаадын жуулчин төрдөг байна. Энэ зорилгоор голдуу Орос, Нигер, Хятад зэрэг улсуудаас эмэгтэйчүүд ирдэг гэж “Ассошиэйтэд Пресс” агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 2019 оны наймдугаар сард тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн гаднын иргэдийн хүүхэд иргэншил авах эрхийг хязгаарлахаар төлөвлөж буй тухай мэдэгдсэн. Тэрбээр “Төрсөн нутгаар нь иргэншил олгох асуудлыг бид чухалчлан авч үзэж байна. Хил даван орж ирж буй хүмүүс манай нутаг дэвсгэр дээр хүүхдээ төрүүлэхэд бид баяр хүргэж, АНУ-ын иргэншил олгодог. Энэ бол утгагүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: AXIOS
Б.ЖАРГАЛ