Э.Оюунболд барилдах эрхтэй юү?

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд барилдах эрхтэй юү?

Э.Оюунболд барилдах эрхтэй юү?

Өнгөрсөн жилийн баяр наадмаас эхлээд бөх сонирхогчдын хамгийн их анхаарлыг татаж, хэл аманд өртөх болсон бөх бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд аварга. Тэрбээр 2019 оны Улсын их баяр наадамд ес давж, Монгол Улсын аварга цолыг хүртэхтэй зэрэгцээд допинг хэрэглэсэн гэх таагүй асуудалд нэр холбогдсон. Түүний шээснээс допинг илэрсэн болохыг Баяр наадмын комисс зарласан боловч Э.Оюунболд шээсэнд нь хэн нэгэн хориотой бодис хольсон гэх хардлага тээж, хууль хяналтынханд хандаад зургаан сар болж буй юм.  

Тодруулбал, Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд  WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг  зарласан юм. Гэвч, Э.Оюунболд “Б” сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж,  зохион байгуулалттай түүний шинжилгээний сорьцыг сольж, өөрийг нь хавчин дарах гэсэн бусдын хорт явуулга хэмээн мэдэгдэл хийсэн.

Улсын их баяр наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хорооноос түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, аварга цол болон түрүү бөхийн бай шагналыг нь хураах шийдвэр гаргаж, саналаа Ерөнхийлөгчид өргөн бариад удаж байна.  Ерөнхийлөгч Х.Баттулга түүний цолыг хураах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь  хардлага ч дагуулж буй.

Допинг хэрэглэсэн болох нь шээсний шинжилгээгээр нотлогдсон ч, ямар ч шийтгэл, хариуцлага тооцоогүй тул  Э.Оюунболд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Угтаалцайдам суманд болсон “Атар газар эзэмшсэний 60 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд барилдаж түрүүлсэн юм. Энэ нь түүний хэл амтай түрүүлсэн улсын баяр наадмаас хойш анх удаагаа олны өмнө гарч барилдсан тохиолдол нь юм. 

Э.Оюунболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэр төрөө сэргээж, удахгүй барилдахаа зарласан. Тиймээс сар шинийн барилдаанд "хамуутай" аварга барилдах нь гэсэн эсэргүүцэл бөх сонирхогчдын дунд гараад байгаа юм.  Түүний энэхүү мэдэгдэлд  албаны хүмүүс болон бөхчүүд ямар байр суурьтай байгааг  хүргэе. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.ЭНХБОЛД:

-Сарын өмнөхтэй адил юу ч өөрчлөгдөөгүй. Ц.Оюунболд өөрөө намайг унагаах зорилготой хүмүүс байгаа гээд Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгөөд яваад байгаа. Эцсийн дүн нь гараагүй байхад бид цол хурааж болохгүй. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэрийг дагана. Урьд нь цолоо хураалгасан бөхчүүд шүүхээр явж байгаад хүчингүй болгосон зарлигийг буцаагаад хүчингүй болгосон тохиолдол байгаа учир хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээнэ.

Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан Д.ДАНЗАН:

-Би бөхийн холбооны ажлаас холдоод их удаж байна. Э.Оюунболдын талаар тодорхой мэдэж байгаа зүйл алга. Гэхдээ шалгадаг газар нь шалгаад үнэн зөв хариугаа олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Үнэхээр барилдах эрхтэй юм бол барилдуулаад, барилдах эрхгүй бол цолыг нь хураах ёстой. Бөх бол Монголын үндэсний соёлын нэг. Э.Оюунболд өөрөө хэрэглээгүй гээд байх шиг байна лээ. Тийм бол нэгдсэн журмаар шийдэх хэрэгтэй. Нууц юм бол нууц байх хэрэгтэй. Хэрэглэсэн хэрэглээгүйг нь олон нийтэд зарлах хэрэгтэй. Намайг тэргүүнээр ажилладаг байхад хүмүүс биднийг их юм нуудаг гэж буруутгадаг байсан. Гэвч үнэн хэрэгтээ бид цаанаас ирсэн хариуг олон нийтэд танилцуулдаг байлаа. Одоо бол цаг үе өөр болсон бололтой. Монголд хэрвээ ийм зүйл байгаа бол одоо  таслан зогсоох хэрэгтэй. 

Улсын заан Ж.ГАНБОЛД:

-Допингтой бөхчүүдийн барилдах эрхийг дэлхий нийтээрээ хориглож байхад манайд барилдуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Э.Оюунболдын хувьд допинг хэрэглэсэн эсэх нь яг тогтоогдсон үгүйг мэдэхгүй байна. Тэгэхээр энэ нь ийм, тэр нь тийм гэж яримааргүй байна. Дэлхий даяар хориглож байгаа сэргээшийг бид ч хэрэглүүлэхгүй хорих нь зөв. Энэ бүхэн үнэн зөвөөр шийдэгдэх байх.

Аймгийн арслан Ч.БУЛГАНХҮҮ:

-Ийм зүйл байж болохгүй. Бөхийн холбоо их зүйл дардаг нуудаг. Э.Оюунболдын хариуг ил болгож, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Миний хувьд одоогийн энэ бөхийн холбоог эсэргүүцдэг хүний нэг. Үнэн зөв хариуг тэд биднээс нуугаад байна. Би 20 жил барилдлаа. Энэ хугацаанд байнга шинжилгээнд хамрагддаг байсан. 20 жилийн хугацаанд олон ч допинг хэрэглэсэн бөхчүүдтэй таарсан. Төмөр шиг чанга биетэй бөхчүүдтэй барилдаад унадаг байсан. Одоо бодоод байхад допинг хэрэглэсэн байж л дээ. Би чинь Улсын их баяр наадмын тавын даваанд 2010, 2011 онуудад Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын арслан Х.Мөнхбаатар нарт өвдөг шороодож байлаа. Ер нь сүүлийн 20 жил бөхчүүд энэ допинг сэргээшийг их хэрэглэж байгаа. Бүр тэр 1990-ээд оноос эхлэлтэй. Зүгээр мөрөөрөө бэлтгэлээ хийгээд явж буй бөхийн бүхэл бүтэн амьдралыг сүйрүүлж байна. Мөнгөтэй л бол тэр шинжилгээний хариуг нь эмчтэй нь цуг худалдаад авдаг болсон. Би үүний эсрэг хатуу тэмцэж байгаа.

Ямартай ч дээрхи хүмүүс зөвхөн үнэн, бодитой допингийн шинжилгээний хариуг хүсч байгаа гэдгийг тодотгосон. Тэдний хүсээд буй үнэн зөвийг хуулийн байгууллага эцэслэнэ. Э.Оюунболдын хувьд ирэх цагаан сарын барилдаанд зодоглосон тохиолдолд бөхчүүд, бөх сонирхогчид ч таатай хүлээж авахгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж