Ердөө таван сарын дараа бүрэн эрх нь дуусах УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын даргад ирүүлсэн. Энэ бичиг өмнө нь буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Ерөнхий прокуророос биш өөр автортой ирсэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн дагуу оруулж ир хэмээн буцааж байсан удаатай. Удаан хугацаанд эзгүй байсан Ерөнхий прокурор ажилд орсон эхний өдрөө энэ саналыг оруулж ирсэн нь хар дагуулж буй. Прокурорын саналыг хуулийн дагуу УИХ асуудлыг 48 цагийн дотор авч хэлэлцэх ёстой юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх ёстой.
УИХ-ын тухай хууль:
- 6.13. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
- 24.3.4. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг
- 24.7. Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.
УИХ-ын хамгийн ахмад таван гишүүнээс бүрдсэн Халдашгүй байдлын дэд хороо хуралдах байсан ч хоёр ч гишүүн нь гадаадад томилолттой яваа учраас ирц бүрдэлгүй, хурал хойшилж, өнөөдөр товлогдоод буй. Гэхдээ өнөөдөр мөн л ирц хүрэхгүй байх нөхцөл үүсээд байгаа юм. Учир нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан эзгүй байгаа учраас Халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн хуралдах уу, үгүй юү гэдэг асуудал үүсч байгаа юм. Ч.Улаан сайдын хувьд Герман улсад айлчлал хийж яваа учраас хуралд оролцох боломжгүй гэж буй. Өмнө нь тус хороо хуралдахаар товлосон ч хоёр ч гишүүн нь гадаадад томилолттой явсан гэсэн шалтгаанаар 48 цагийн дотор хэлэлцэх асуудал хойшлогдсон. Харин энэ удаад Ч.Улаан сайд эзгүй ч дөрвөн гишүүн нь хуралдах боломжтой.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор эгүүлэн татах бичиг ирүүлжээ. Тэрбээр энэ талаараа өмнө нь хэвлэлийн хурал хийж, өөрийг нь гүтгэх, яллах сонирхол хуулийн байгууллагад байна гэдгийг хэлж байсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа орон нутгийн онцлог хэрэгцээнд тулгуурласан хуулийн дагуу бүх асуудлыг шийдсэн. Гэтэл АТГ Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан хууль тогтоомжтой холбож, санаатайгаар хольж хутгаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр хуралдсан байхад огт хуралдаагүй, хуурамч тэмдэглэл хөтөлсөн гэж намайг гүтгэж байна. Мөн гурван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа юм. Энэ төслийн мөнгө нь эргэн төлөгдөөд явж байгаа. 2,1 тэрбум буюу 53 хувийн төлөлттэй явж байна гэж С.Чинзориг сайд мэдээлээд байхад төлөгдөөгүй гэсэн. АТГ-ын ажилтан мэдээллийг нягтлахгүй, шалгахгүйгээр, надад мэдэгдэхгүйгээр яллагдагчаар татсан. Би бардам хэлэхэд, АТГ ичдэггүй юм бол миний асуудлыг оруулаад ир. УИХ дээр нээлттэй ярилцмаар байна. Би хуулийн дагуу ажилласан. Яллагдагчаар татах бичгээ УИХ-д оруулж ирээд, нээлттэй хэлэлцмээр байна" гэж мэдэгдэж байв.
УИХ-ын тухай хууль:
- 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
- 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
- 6.11-т “Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Өмнө нь дөрвөн нь ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч УИХ авч үлдэж байсан юм. Тиймээс энэ удаад МАН-ын гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд талцал үүсгэж байгаа ч энэ удаад авч үлдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
Н.Номтойбаяр гишүүний хувьд ч өөрийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд Халдашгүй байдлын дэд хороонд хуралдааныг нээлттэй явуулах, өөрийн биеэр оролцох, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарыг хуралд оролцуулах, гадаад улсад эмчилгээтэй байгаа учраас дэд хороог нэгдүгээр сарын 25-наас өмнө хуралдуулах, эсвэл хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтүүдийг тус хорооны даргад хаяглан гаргажээ.
Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал Ч.Улаан сайдыг иртэл хүлээх, эсвэл эрүүл мэндийн шалтгаантай байгаа Н.Номтойбаярыг хүлээх үү гэдэг асуудал үүсч байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ