Фото: Дмитрий Виноградов / РИА Новости
Оросын Агаар, сансрын хүчний нисэх онгоцууд өнгөрсөн өдрүүдэд хийсэн байлдааны нислэгийнхээ явцад Сири дэх амиа золиослогчдыг бэлтгэж байсан лагерийг устгасан байна.
БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенковын мэдээлснээр, Латакия муж дахь Сальма хотын ойролцоох лагерьт гадны хөлсний сургагчид амиа золиослогч нарт хорлон сүйтгэх ажиллагааны арга барил, тэсрэх төхөөрөмж бэлтгэх, энгийн хүмүүсийн дунд хэрхэн суурьших зэргийг сургаж байжээ. Лагерийн байрыг Су-24М бөмбөгдөгч онгоцноос хийсэн довтолгоон бүрэн устгасан байна.
Өнгөрсөн хоногуудад Оросын онгоцнууд нийт 39 байлдааны нислэгээр террористуудын 49 байрлалд цохилт өгөв. Амиа золиослогчдын сургалтын төвөөс гадна, Су-24М онгоц Дамаскийн захын дүүрэгт гар хийцийн бөмбөг бэлтгэх байгууламж болон зэвсгийн агуулахыг устгасан байна. Хомс мужийн Телль-Биса дахь зэвсгийн өөр нэг угуулахад зэвсэг, техник авчирч байх үеэр нь цохилт өгчээ. Сум хэрэгсэл ачсан гурван ачааны машин цохилтоор устгагджээ.
Дайрагч Су-25 онгоцнууд Алеппо мужийн Хан-эль-Асаль суурин район дахь террористуудын баазад тэдний бэхлэлт, мөн хоёр танк явган цэргийн таван хуягт машиныг устгажээ. Тэр бүх байгууламж, техник нь “Исламын улс” бүлгийнх байв. Мөн агаарын довтолгоонд “Фейлак Омар” гэх бүлгийн командын байрыг устгав.
Алеппо хотын ойролцоо хисэн агаарын довтолгооны үеэр “Аль-Каида” бүлгийн лидерүүдийн нэг Санафи ан-Наср (Sanafi al-Nasr) гэгчийг устгасан тухай мэдээлэл сайтай эх сурвалжийнхаа мэдээнд тулгуурлан Ираны Farsnews агентлаг мэдээлэв.
Түүний хамт Абдул Мадлик аль-Жазрави, Абу Ясир аль-Магреби (Abdul Malik al-Jazrawi and Abu Yasir al-Maghrebi) гэдэг хоёр даргыг устгажээ.
“Жебхат ан-Нусра” бүлэглэл түүний бөмбөгдүүлсэн машины зургийг нийтлэн террорист алагдсаныг баталжээ. Санафи ан-Наср нь “Аль-Каидагийн” ялалтын хороо гэдгийг толгойлж байсан гэнэ. Түүний бүтэн нэр нь Абдель Мухсин Абдулла Ибрагим аль-Шарих (Abdul Muhsin Abdullah Ibrahim Al-Sharikh) гэдэг бөгөөд Саудын Арабт төржээ. Тэрээр аль-Наср нэрээр алдартай байсан бөгөөд бүлэглэл нь стратегийн төлөвлөлт хийдэг байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР