ТАЙЛБАР: Казино сонирхсон гишүүдийн хэн нь юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

ТАЙЛБАР: Казино сонирхсон гишүүдийн хэн нь юу хэлэв?

ТАЙЛБАР: Казино сонирхсон гишүүдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэн,  УИХ-ын гишүүн,  УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар Австрали улсад айлчлал хийх үеэрээ казинод байгаа зураг цацагдсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,  Д.Эрдэнэбат нар хэвлэлийн хурал хийж тайлбар өгөв.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: ХУУЛЬ СУДЛАХ ХҮРЭЭНД КАЗИНО ҮЗЭЖ, СОНИРХСОН

"Нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон. Бид тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон. УИХ-аар Ш.Раднаасэд гишүүнээр  ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон. Гэтэл онгоцонд явж байтал ийм мэдээлэл гарсан байна. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. УИХ-ын гишүүн сөрөг хүчний даргатай, УИХ-ын ахмад гишүүнтэй, Элчин сайдтай хамтдаа казино тоглоод байна гэж үгүй,  үзэж сонирхсон.

УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: КАЗИНОД ЯМАР Ч ГИШҮҮН ТОГЛООГҮЙ, СОНИРХОЖ ОРСОН

УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүд казинод орсон гэх асуудлаар шуугиан гарч байна. Энэ асуудалд тайлбар өгөх нь зөв гэж үзлээ. Би Сиднейд анх удаагаа очиж үзлээ.  Хөтөлбөрийн хүрээнд бидэнд нэг өдөр чөлөөт цаг гарсан. Энэ өдөр Сиднейгийн түүх дурсгалын газар, аялал жуулчлалын төвөөр орох хуваарьтай байсан. Бид аялал жуулчлалын том төв болох “The Star Sidney”-гээр орох зуураа казиногоор ороод гарсан.

Харийн оронд бид нэг л монголчууд түүнээс аль нэг намын ч юм уу, аль нэг жирийн хүний  ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа нэг сайхан чөлөөтэй өнгөрөөе гэсэн бодол хүн болгонд байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн. Орсон шалтгаанаа ямар нэгэн байдлаар зөвтгөх, хамгаалах үндэслэл байхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа, мэдээллийн нууцлал гэж байхаа больсон ийм цаг үе. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татах нь ч зөв.

Ирснээсээ хойш энэ талаар ямар нэгэн тайлбар хийж, хүн амьтантай яриагүй. Ганц энэ шуугианыг далимдуулаад улстөржөөд, нэгнээ доромжлоод, гүтгээд, нэр хүндийг нь унагаад, иргэдээ хуваах ёсгүй гэж бодож байна. Бид мөрийтэй тоглоогүй, тоглох ч шалтгаан байгаагүй. Миний зураг гарсан байна лээ. Хүмүүс мөн үү, биш үү гээд лавлаад байна. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Анх тийшээ орохдоо хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Ороод сонирхоод гаръя гэж л орсон. Өндөр хөгжсөн орнуудад казино бол аялал жуулчлалын нэг хэсэг гэж би ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн болгон тийшээ ордог гэж бодохгүй байна. Тэнд ямар ч гишүүн тоглоогүй.  Бидний дунд мөнгөтэй ч гишүүн байхгүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ. Сонирхоод л ороод гарсан.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан маргааш  /2020.01.21/ хэвлэлийн бага хурал хийх аж. Түүнээс утсаар зарим зүйлийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: МОНГОЛД КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ БАТЛАХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ ЮМ БАЙНА ГЭДЭГ ИТГЭЛ ҮНЭМШИЛ МААНЬ УЛАМ БАТАЛГААЖСАН 

Би 20 гаруй жил Казиногийн тухай хуулийг эсэргүүцэж ирсэн хүний нэг. Ингэж эсэргүүцнийхээ төлөө адлуулж ч ирсэн. Сая Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй оролцоод ирэх үеэрээ Казино гэж ямар байдаг юм, манайд энэ хуулийг батлах шаардлага байна уу үгүй юу гэдгийг судлаж үзэж сонирхохоор Казино руу орж танилцсан. Эндээс би Монголд Казиногийн хуулийг батлах цаг нь болоогүй юм байна гэдэг итгэл үнэмшил маань улам баталгаажсан. Эдийн засаг талаасаа ашиг тустай байж болох ч төрийн хяналыг алдагдуулах зэрэг сөрөг тал олон юм байна.

Казино руу орж сонирхсон гээд хариуцлагын асуудал хөндөгдвөл би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ би Монголын ард түмэнд "Монголчууд Казиногийн хуультай болох цаг нь биш" гэж  хэлэх үгтэй.  Нийгэм ч үүнийг нотолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж