Цахилгаан автобусанд найман жилийн баталгаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Цахилгаан автобусанд найман жилийн баталгаа өгчээ

Цахилгаан автобусанд найман жилийн баталгаа өгчээ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг түлхүү ашиглахаар болж, эхний ээлжинд БНХАУ-аас оруулж ирсэн 10 автобусыг туршиж эхлээд байгаа юм. Туршилтыг шулуун замд явуулж эхлээд  байгаа бөгөөд цаашид аль чиглэлд явуулах нь тодорхой болох ажээ.

Иймээс цахилгаан автобусны үйл ажиллагаатай өнөөдөр /2020.01.20/ танилцлаа.  Тус цахилгаан автобус нь бүрэн цэнэгтэй үедээ дулааны улиралд 200 километр явах боломжтой, гурван сарын хугацаанд туршиж үзээд дүгнэлт өгөх гэнэ. Автобусыг зориулалтын цэгт 15-20 минутад бүрэн цэнэглэх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд -50-60 градуст хэвийн ажиллах боломжтой ажээ. Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэг байгаа аж.

БАТАРЕЙД НЬ 30 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГСӨН

Энэ талаар нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн газрын захирал Г.Төмөрбаатараас тодрууллаа.

-2020 оны өмнө орж ирсэн цахилгаан автобус хэзээ үйлчилгээнд явах вэ?

-Нийтийн тээврийг хөгжүүлэх, парк шинэчлэлийн асуудал нэн тэргүүний асуудал болоод байгаа. Дэлхий дахинд цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон тул парк шинэчлэлийг цахилгаан тээврийн хэрэгслээр солих нь чухал юм байна гэж үзсэн. “Автобус-1” компанид нэг жил гаруйн хугацаанд энэ ажлыг туршиж байна. Мөн Монгол инженерүүдийн хийсэн хоёр цахилгаан автобусыг туршиж байгаа.

Нийслэлийн Засаг даргын хөгжлийн корпораци гэрээний дагуу БНХАУ-д угсарсан, АНУ болон Германы хамтарсан үйлдвэрийн 10 автобусыг оны өмнө оруулж ирсэн. Тус автобус Монголын стандартад нийцэж байгаа эсэхийг одоогоор туршиж байна. Ингэхдээ хүйтэнд гадаа хонуулж, цэнэглэж, тос, тослох материал нь Монголд нийцэж байгаа эсэхийг туршлаа.

-Өнөөдөр яг ямар туршилт хийж байна вэ?

-Одоогоор Чингэлтэй чиглэлд зарим автобусанд 100 орчим хүн суулгаад туршиж байна. Ингэснээр Монголын нөхцөлд их ачаатай, дунд ачаатай болон ачаагүй үед, өндөрлөг газарт хэрхэн ажиллахыг нь туршиж байгаа юм.

-Автобусанд хэдэн жилийн баталгаа өгч байгаа вэ?

-Үйлдвэрлэгч тал энэ автобусанд найман жилийн баталгаа өгч байгаа. Батарей буюу цэнэглэгчид нь 30 жилийн баталгаа өгч байгаа.

-Туршилтын хугацаанд ямар дутагдал ажиглагдсан бэ?

-Одоогоор алдаа ажиглагдсангүй. Анх удаа Монголын нөхцөлд тохирсон автобусыг туршиж байна. Өмнө нь оруулж ирсэн автобусаа өөрсдөө тохируулж өөрчилдөг байсан.

Автобусыг хүйтэнд гадаа 21 хонууллаа. Хүйтэн болон дулаан газар цэнэглэж үзлээ. Хүйтэнд хүчин чадал нь 50 хувь, дулааны улиралд 100 хувь ажиллах юм билээ. Бид өчигдөр найман автобусаар нь 100 км явж туршлаа. Цэнэгээ 50 хувь барьж байсан. Өнөөдөр хамгийн урт, ачаалалтай чиглэл буюу Чингэлтэй рүү явж байна.

Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг. Тийм болохоор цахилгаан тээврийн хэрэгслийг түлхүү ашиглах хэрэгтэй байна.

-Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобуснаас юугаараа ялгаатай вэ?

-Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусыг “Автобус-3” дээр туршиж байгаа. Нийслэлийн тээврийн хэрэгсэлд цахилгаан автобуснуудыг туршсаар байна.

-Нийтийн тээвэрт цахилгаан автобус олныг нэвтрүүлбэл ямар асуудал тулгамдах вэ?

-Цахилгаан автобус ашиглахад зориулалтын цэнэглэх цэг чухал байдаг. Манай газарт одоогоор цахилгаан автобус цэнэглэх зориулалтын хоёр цэг байна. Цаашид цахилгаан автобус цэнэглэх зориулалтын цэг олныг байгуулах шаардлагатай. Цахилгаан тээвэр компанийн эх үүсвэр дээр цэнэглэх станцуудыг удахгүй байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

ТУРШИЛТЫН ХУГАЦААНД НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

Ахлах инженер Г.Баярмөнх “Туршилтыг шулуун замд явууллаа. Туршилтын хугацаанд Монголын өвлийн улиралд ямар өөрчлөлт гарч буйг нь үзэхээр гадаа хонуулсан.  Туршилтын хугацаанд одоогоор ноцтой зөрчил гарсангүй. Туршилт цаашид үргэлжилнэ” гэсэн юм.

Тус автобус нь үйл ажиллагааг хянах есөн камертай, реклам байрлуулах зориулалтын гэрэлт самбартай аж. Мөн бэлэн мөнгөөр зорчиж буй иргэдэд зориулсан мөнгө хадгалах савтай юм байна. Түүнчлэн нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө төлж болох өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэхдээ ухаалаг системийг үйлчилгээнээс хасахгүй ажээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж