Улстөрч казино тоглож болохгүй гэдэг хуулиа батал!

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Улстөрч казино тоглож болохгүй гэдэг хуулиа батал!

Улстөрч казино тоглож болохгүй гэдэг хуулиа батал!

Австрали улсын Сидней хотын казиногоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар “зугаалсан” мэдээ зурагтайгаа өнгөрсөн амралтын өдөр цацагдсан нь олны анхаарал татаж, дуулиан тарьж байна.

Зураг дарж, сэвсэн “Доржзодов”-ыг хайх ажил ч давхар өрнөх шинжтэй.  Хэдийгээр энэ мэдээлэл баталгаажаагүй байгаа ч дотроо "дайсан"-тай явсан нь олз болсон тухай дуулиан нийгмийн сүлжээнд цацагдаж эхэлсэн нь даарин дээр давс үрсэн хэрэг болж, гал авалцуулах нь тэр. УИХ-ын сонгууль дөхсөн үед энэ шиг гоё “бэлэг” хаа байх билээ. Дайсныг гаднаас биш дотроосоо л хайхад олдоно гэдэг үгийг баталсан явдал.

Гэхдээ тэд казино тоглоогүй, сонирхож үйлчлүүлсэн бол яах вэ. Хуулиараа казино тоглохыг зөвшөөрсөн оронд Монголын төрийн албан хаагчдаас бусад хэнбугай ч үйлчлүүлэхэд харшлах зүйл байхгүй.

Харин тоглосон бол улстөрчид казинод хэдэн төгрөг зарцуулав, тэр нь хувийнх нь валют байв уу, татвар төлөгчдийн мөнгөөр наргив уу гэдэг л анхаарал татах асуудал. Өөрөөр хэлбэл, тоглоомонд зарцуулсан мөнгөнийх нь эх үүсвэр хаанаас гаралтай вэ гэдэг л мухарлах ёстой асуудал юм.

Харин одоо энэ асуудалд нэр холбогдсон хүмүүс жийрхээд байлгүй олон нийтэд бодит мэдээллийг өгөх ёстой.  Хэдийгээр тэдний чөлөөт цагаараа юу хийх нь эрхийнх нь асуудал боловч ард түмнийг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүний хувьд казино тоглосон уу, сонирхож орсон уу гэдгээ тайлбарлах нь ёс зүйн хувьд үндсэн үүрэг нь. Хэрэвзээ казино тоглосон бол тэр мөнгө нь хувийнх нь уу, улсынх уу гэдгээс бас гэм буруутай нь хамаарна.  Тэр тусмаа казиногоор ороод гарсан хүн болгоныг тоглосон гэж шууд буруутгах нь учир дутагдалтай.  Төрийн мөнгөөр казино тоглосон бол гэмт хэрэг. Харин сонирхоод ороод гарах нь хувь хүний асуудал.

Мэдээж, төрийн албан тушаалтан авлигын мөнгөөрөө, аль эсвэл төсвөөс хумсалсан мөнгөөрөө казино тоглодог байж болзошгүй дуулианууд байнга цацагдаж, зарим нэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж шүүхээс ял авч байсан болохоор хардах эрх ард түмэнд бий.

Тухайлбал, хэдэн жилийн өмнө Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг тус банкны ахлах эдийн засагч Ц.Чимэдцэрэн БНСУ-ын казинод тоглож, үрэн таран хийсэн хэрэг мандаж, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нэр холбогдож, энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байв. Шүүхээс Ц.Чимэдцэрэнд 10 жилийн хорих ял оноосноос дөрвөн жилийг нь өршөөлд хамруулж, хугацаанаасаа өмнө сулласан. Түүнийг казино тоглосонд нь шүүхээс яллаагүй. Төрийн, хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс олон тэрбумаар нь хулгайлж мөрийтэй тоглоом тоглосон хэмээн буруутган шүүхээс ял шийтгэл оноосон байдаг.

Сургамж болохуйц бодит жишээ ийн байвч өнөөдрийг хүртэл улс төрийн албан тушаалтнуудыг гадаад, дотоодын аль ч казиногоор үйлчлүүлэхийг хориглосон хууль батлаагүй. Батлах сонирхол байдаггүй юу, эсвэл ёс зүйгээр хэмжигдэх зүйл гэж орхигдуулж ирсэн үү, бүү мэд. Ямар ч зохицуулалтгүй байсаар 10 гаруй жил болж буй.

Хуульгүй энэ хийдэл нь баригдсан нэгэнд өрсөлдөгчид нь өгөөш, баригдаагүйд нь азаа үздэг тоглоом болсон.

Гэхдээ уг тоглоомоор ганц улстөрчид, төрийн албан хаагчид тоглохыг хүсдэг гэвэл эндүүрэл.

Аялал зугаалга, ажил төрөл амжуулахаар гадаадыг зорьсон монголчууд казино гэж юу байдаг вэ гэдгийг нүдээр үзэхийн тулд тоглох гэхээсээ сонирхож танилцсан тохиолдол бишгүй.

БНСУ-д байх казиногоор орвол монголчуудтай бишгүй таарна. Дийлэнх нь сонирхоно. Тэднийг буруутгах боломжгүй. Хүний эрхээ эдэлж, чөлөөт цагаараа наргиж яваа нь л тэр.

Харин төрийн албаныхан тоглож байгаа бол асуудал. Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард төрийн албан хаагч нарыг казино тоглохыг нь хориглосон. Энэ шийдвэр УИХ-ын гишүүдэд хамаарахгүй. Хэрвээ төрийн албан хаагчдын нэгэн адил хориглох ёстой гэж үзвэл УИХ-аас хууль батлах.

Хууль батлаад байхад түүнийгээ УИХ-ын гишүүн нь зөрчвөл хариуцлага ярих. Харин хуульгүй байгаа нөхцөлд, тэр дундаа тоглоогүй сонирхож орсон, тоглосон байлаа гэхэд мөнгө нь цэвэр өөрсдийнх нь бол буруутгах, яллах ямар ч боломжгүй.  Явган хэрүүл болоод л өнгөрнө. Жил гаруйн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын дунд маргаан өрнөхөд нэг нь БНСУ-ын казиногоос, нөгөө нь Австралийн казиногоос биенээ татаж гаргажээ гэдэг зүйл ил болсон. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ мэтгэлцээн өрнөсөн учраас нийтээрээ л сонссон.

Шулуухан хэлэхэд УИХ-ын гишүүн казино сонирхох, тоглох нь  ёс зүйн хувьд байж болохгүй үйлдэл гэж үзэж буй бол хуулиа батал. Хаалгаар нь шагайж ч болохгүй гэдэг эрх зүйн зохицуулалттай бол.

Хуульгүй, зохицуулалтгүй нөхцөлд хүний үндсэн эрхээ эдэлсэн улстөрчийг буруутгаж, яллах боломж алга.

Харин хамгийн аймаар нь хамт уусан, идсэн, зугаалсан, наргисан болгоныхоо зургийг сэм дараад "Доржзодовддог", матдаг, цацдаг үзэгдэл газар авбал хажуудах ханиасаа хүртэл айдаг нийгэм бий болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж