“Ард санхүүгийн нэгдэл” ХК 2019 оны урьдчилсан тайлангаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

“Ард санхүүгийн нэгдэл” ХК 2019 оны урьдчилсан тайлангаа танилцууллаа

“Ард санхүүгийн нэгдэл” ХК 2019 оны урьдчилсан тайлангаа танилцууллаа

“Ард санхүүгийн нэгдэл” ХК нэгдүгээр сарын 17-нд 2019 оны жилийн эцсийн урьдчилсан тайлангаа танилцуулав.


Ч.ГАНХУЯГ: МАНАЙ КОМПАНИ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ИНДЕКСТ ГОЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭГЧ БОЛСОН

Тайланг танилцуулахын өмнө тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг үг хэллээ. Тэрбээр “Ард санхүүгийн нэгдэл “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөн өрнүүлсэн. Хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн зуучлалыг нэмэгдүүлэх, банкны салбарын нийт санхүүгийн зах зээл дээр эзэлж буй хувийг нь багасгаж, хөрөнгийн зах зээлийн зуучлалыг нэмэгдүүлж, өндөр хүүтэй зээл байгаад, жижиг дунд бизнест зээл олдохгүй байгаа байдлыг засаж залруулах зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас Монгол Улсын иргэд зөвхөн цалингаас цалингийн хооронд, тэтгэврээс тэтгэврийн хооронд, дунд нь арилжааны банкны зээл аваад явдаг биш өөрсдөө хөрөнгөтэй, хуримталтай байх эхлэлийг тавих ёстой.

“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Иргэддээ байгаа боломжийг нь нэгтгэж нийлүүлээд, том том төслүүдээс боломж бий болгоё гэсэн зорилго дэвшүүлээд, сүүлийн тав, зургаан жил ажиллалаа. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гурван охин компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, арилжаа нь хамгийн идэвхтэй явагдаж байна.

“Монгол шуудан”-гийн арилжаанд оролцоод, бид өнөөдөр 31.5 хувийг эзэмшиж байна. Нийт манай дөрвөн компанийн арилжааны идэвхийг Хөрөнгийн бирж үнэлээд, дөрвөн компани маань дөрвүүлээ индекст орсон байгаа. Энэ нь манай компани Монголын хөрөнгийн биржийн индекст гол нөлөө үзүүлэгч болсон гэсэн үг.

Манай хувьцаа эзэмшигч, менежмент, хийж буй ажил, гарч буй санхүүгийн үзүүлэлтүүд, өнөөдөр танилцуулах гэж байгаа урьдчилсан тайлангийн дүн бол ТОП индекст орох хамгийн өндөр нөлөөлөлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь нэг талаасаа баяртай мэдээ юм шиг сонсогдож магадгүй. Нөгөө талдаа ачаа нь хүнд ч байж магадгүй. Нэг компаний дөрвөн охин компани улсынхаа хөрөнгийн биржийн урдаа барьж буй 20 компанийн 20 хувь нь болоод гарч ирж байна” гэлээ.

Тэрбээр компанийнхаа охин компаниудын Гүйцэтгэх захирлуудыг танилцуулж, хамгийн эхэнд “Ард кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал, (сүүлийн хагас жил үүрэг гүйцэтгэгчээр ажилласан) н.Сүхбаатарыг микрофоны өмнө урилаа.

АРД КРЕДИТ: НИЙТ 200 МЯНГАН ХАРИЛЦАГЧТАЙ БОЛЛОО

Г.Сүхбаатар: –Бид 2019 онд нээлттэй компани болсон. Одоогийн байдлаар ТОП 15 хувьцаа эзэмшигчтэй, тэд 91.9 хувийг эзэлж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 2019 онд өөрчлөлт орсон. Хараат бус хоёр гишүүн нэмэгдсэн. “Моннис интернэйшнл” ХХК-ийн Б.Чулуунбаатар захирал, иргэн И.Баттуяа нар. Ердийн гишүүн 4, хараат бус 4, ТУЗ-ийн даргатайгаа нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй.

2019 онд бид шинэ төсөл эхлүүлсэн. Энэ хүрээнд төрийн байгууллагуудтай нэлээн уялдаа холбоотой ажилласан. Монголбанкнаас цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авах ажлуудыг эхлүүлсэн. Ард аппликэйшнээрээ дамжуулаад, санхүүгийн цогц үйлчилгээг эхлүүлсний дагуу төрийн зохицуулалттай байгууллагуудаас тодорхой зөвшөөрлүүд авах шаардлага гарсан. Эх үүсвэр талаасаа бид Санхүүгийн зохицуулах хорооноос нээлттэй болон хаалттай бондын зөвшөөрөл авч ажилладаг. Хоёр тэрбум төгрөгийн хаалттай бонд гаргах зөвшөөрөл авсан.

Нээлттэй компани болоод 5.2 тэрбум төгрөгийг зах зээлээс татсан. Нөгөө талдаа эх үүсвэр татах чиглэлээр Япон Улсын Крауд кредит хөрөнгө оруулалтын сангаас 5 сая долларын зээл авах хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Гэрээнийхээ үүднээс 10 удаагийн 1 сая доллар буюу 2.7 орчим тэрбум төгрөгийг татаж авсан.

Үйл ажиллагаатай холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурал болон ээлжит хурал, ТУЗ болон хороодын хурлыг амжилттайгаар дүрэм журамд заасны дагуу тогтмол хийж ирсэн. Бид бүхэн 2019 онд маш том тоон үзүүлэлтүүдийн үсрэлтүүд хийсэн. Ард апп буюу дижиталь финтекээр яаж харилцагчтай болох вэ, ямар дараалалтай явах вэ гэсэн профессыг хийсний үр дүнд манай “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага дангаараа 200 мянган харилцагчтай болсон. Үүний 60 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь эрэгтэйчүүд.

Мөн бид финтек чиглэлээр зээлийн үйл ажиллагааг онлайнаар явуулсан. 19 байгууллагын 25.4 мянган харилцагч бидэнтэй хамтарч ажиллаж байна. Уламжлалт, цахим зээл гэсэн хоёр чиглэлээр явдаг. Манай харилцагчдын 65 хувийг 18-35 насны залуус, 34 хувийг 36-45 насныхан, 1 хувийг 46-гаас дээш насныхан эзэлж байна.

 

 


АРД ДААТГАЛ ХК: 630 САЯ ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШГИЙГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДДЭЭ ТАРААСАН

Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах: -“Ард даатгал” компани 2019 онд чамлалтгүй үр дүнтэй ажиллалаа. Бид 2018 оны ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 50 хувь болох 630 сая төгрөгийн ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараасан. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө гишүүдийг хоёр жилийн хугацаатайгаар шинээр сонгосон. Ард койныг иргэдэд тараах ажлын хүрээнд даатгуулагчид хохирол гараагүй, хувьцаа эзэмшигчид, манайхаар үйлчүүлэгчдийн даатгалын хураамж 0.5 хувьтай тэнцэх хэмжээний ард койныг урамшуулал болгон өгсөн.

Манай компанийн үүсгэн байгуулагч Тогтохбаяр гавьяат эдийн засагч гэсэн эрхэм цолыг хүртсэн. Бусад урамшуулал, хөнгөлөлт зарласан. Бидний 2019 онд Монгол Улсын иргэдийг эрүүл, эсэн мэнд байлгахын төлөө эрүүл мэндийн даатгалыг түмэн олондоо сурталчлах ажиллагаанд нэлээн цаг хугацаагаа зарцуулж ажиллалаа. Эмнэлэг, эмийн сангуудтай хамтарч төрөл бүрийн уулзалт, хурлууд зохион байгуулсан. Мөн Австралийн танхимтай хамтарч гишүүн байгууллагуудад нь эрүүл мэндийн даатгалаа сурталчилсан. Insure гээд эрүүл мэндийн даатгалын шинэ апп гарсан. Энэ дээр манай бүтээгдэхүүнүүд орсон. Телевизийн хөгжөөнт нэвтрүүлэг ивээн тэтгэсэн гэх мэтээр эрүүл мэндийн даатгалыг иргэдэд түгээх, мэдлэг боловсрол олгох чиглэлээр нэлээд ажиллалаа.


“АРД ЛАЙФ” ХК: ТЭТГЭВРИЙН 1400 ДАНС ЭЗЭМШИЖ БАЙНА

Б.Гантулга: -“Ард лайф” компанийг Монголын хамгийн анхны хувийн тэтгэврийн сан гэж хэлж болно. 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн 1400 данс эзэмшиж байна. Нийт харилцагчийн тоо 2019 оны сүүлээр 1327 байна. Нийт тэтгэврийн хуримтлалын хэмжээ нэг тэрбум 699 сая төгрөг. Өөрийн хөрөнгө нийт 19 тэрбум 677 сая төгрөг. Үүнээс цэвэр ашгийн хэмжээ 2019 оны байдлаар 519 сая төгрөг.

Нийт 19 тэрбум 581 сая төгрөгийг Монголын Хөрөнгийн бирж болон бусад үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн бирж дээр жагсаалтгүй компаниудад хөрөнгө оруулсан. Мөн “Ард лайф” компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор үндсэн хөрөнгө дээр хөрөнгө оруулалтууд хийгдсэн. 2019 оны байдлаар хөрөнгө оруулалтын хувьд 936 сая төгрөгийн өгөөжтэй ажиллалаа.


АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: НЭГ САЯ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛОХ ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙНА

Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоо: -Үйл ажиллагааны хувьд энэ жил Ард апп нэвтэрсэн. Банкны поларис системд таван компани холбогдож, өөрсдийн үйл ажиллагааг түгээх боломжтой болсон. Эдгээр компанийн харилцагчийг нийлүүлээд 350 мянган харилцагч Ард апп дээр бүртгэлтэй болсон байна. Бид Ард койныг олон нийтэд танилцуулсан. Оны эцэс гэхэд 170 мянган эзэмшигчтэй болсон.

Хөрөнгө оруулагч үндэстэн форумыг хоёр удаа зохион байгуулсан, нийлбэр дүнгээр 2200 гаруй хүн оролцсон байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа түрүү жилийн дөрөвдүгээр сарын 27-нд зохион байгуулсан. Ард санхүүгийн нэгдэл, Ард даатгал, Ард кредит гэсэн гурван компаний 1000 гаруй эзэмшигч оролцсон. Өнгөрсөн наймдугаар сард урвуу нэгдэл хийсэн. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Жинст Увс” гэдэг хоосон компанид Ард санхүүгийн нэгдэл нэгдсэнээр Монголын хөрөнгрийн бирж дээр Ард санхүүгийн нэгдэл бүртгэгдэж, арилжаа нь эхэлсэн.

Ард кредитийн IPO-г хийсэн. 1763 шинэ хөрөнгө оруулагчийг эгнээндээ элсүүлсэн. Ард шопын хөгжүүлэлтийг хийж байна. Хятадын импорт хийдэг и коммерслох форумтай холбож, Хятадаас төгрөгөөр “Монгол шуудан”-гаар дамжуулан бараа бүтээгдэхүүн зарах боломж олгосон. Он дуусахын өмнө Ард лизингийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоохондоо дотооддоо буюу групп компанийнхаа дотоодод хөгжүүлж байна.

“Ард лайф” руу оны өмнөхөн 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бид “Монгол шуудан”-гийн 3.6 хувийг нэмж авснаар 31.5 хувийг эзэмшиж байна. Засгийн газар 66 хувийг эзэмшдэг гэхээр 2.5 хувь нь олон нийтэд байгаа гэсэн үг.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нийт хувьцааны тоо өссөн. Топ хувьцаа эзэмшигчид ойролцоогоор 75.5 хувийг эзэмшиж байна. Бид жилийн дотор хувьцаа эзэмшигчдийн тоогоо 2900-гаас 4063 болтол нэмсэн. “Ард холдингс интернэйшнл” компани руу бид нийт компанийн 15 хувийг тусгаарласан. Энэ нь гадаад руу тэлэх зорилготой.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 2019 онд гурван гишүүн шинээр нэмэгдсэн. “Грийн Лайф Капитал” компанийн Хяналтын зөвлөлийн дарга Михаил Зелдович, Азийн кредит сангийн ТУЗ-ийн дарга Жеймс Андерсон гэж Банк санхүүгийн салбарын олон жилийн туршлагатай, том байгууллагуудад зөвлөх хийдэг. Баобаб группийг үүсгэн байгуулагч Арнауд Вентура гэж олон жил банк санхүү, ялангуяа хөгжиж буй зах зээл, emerging market дээр банк, санхүүгийн байгууллагуудыг үүсгэн байгуулах, групп удирдах туршлагатай хүн ТУЗ-ийн гишүүн болсон.

Бид ирээдүйд олон нийтийн нээлттэй компани болох, нэг сая хэрэглэгчтэй болох, бүс нутагтаа тэлэх, гадаадад давхар бүртгэлтэй, банкны нэгдэл компани болох зэрэг олон төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж