Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй уулзаж, иргэний нисэхийн салбарт хийж буй ажил, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу. Иргэний нисэхийн салбарт өнгөрсөн жил юу хийж бүтээв. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Иргэний нисэхийн салбарын хувьд өнгөрөгч 2019 онд аюулгүй байдлаа хангасан, нислэг нэмэгдсэн, агаарын тээврийн компаниуд парк шинэчлэлт хийсэн, зорчигч урсгал, ачаа тээвэр, шуудан нэмэгдсэн, ажлын өндөр бүтээлтэй жил болж, өнгөрлөө. Жишээлбэл, зарим тоон мэдээнээс дуулгахад 2019 онд олон улсын зорчигч урсгал 16, орон нутгийн зорчигч урсгал ес, олон улсын буулт, хөөрөлт 19, орон нутгийн буулт, хөөрөлт 25, дамжин өнгөрөлтийн нислэг найман хувиар тус бүр нэмэгдсэн үзүүлэлт гарсан.
Өнгөрсөн 2018 онд бид анх удаагаа олон улсын нэг сая дахь зорчигчоо хүлээн авч байсан бол 2019 онд 1.186 мянган зорчигч олон улсын чиглэлээс хүлээн авч зорчигч урсгал нэмэгдлээ. Нийт 1.600 мянган зорчигч орон нутаг болон олон улсын чиглэлд ниссэн нь түүхэн шинэ тоо юм.
Хууль, эрх зүй бодлогын хувьд Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад бэлэн болоод байна. Мөн дээр нь бид удахгүй шинэ бүтцэд шилжих гэж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрыг аж ахуйн үйл ажиллагаанаас салгаж , 100 хүнтэй агентлаг маань аюулгүй байдал, хяналтын чиглэлээрээ, харин аж ахуй чиглэл нь Иргэний нисэхийн үндэсний төв нэртэйгээр ажиллахаар төлөвлөж байна. Бүтцийн шинэчлэл энэ 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлнэ. Энэ бүтцийн шинэчлэлийг маш зөв, алдаа гаргахгүйгээр хийх ёстой. Иргэний нисэхийн салбарын одоогийн бүтэц маш олон жил тогтчихсон, олон улсад танигдсан учраас шинэчлэлийг анхаарал болгоомжтой хийх ёстой гэдэгт салбарын яамтайгаа зөвшилцөж, санал нэгдсэн.
-Бүтцийн өөрчлөлт нь Олон улсын байгууллагын дүрэм, шаардлагад хэрхэн нийцэж байгаа бол?
-Олон улсын иргэний нисэхийн байгууллага болох ИКАО-ийн ээлжит шалгалтуудаар Иргэний нисэхийн ерөнхий газрыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тусад нь байлгавал сайн гэдэг зөвлөмжүүдийг өгч байсан. Тэр зөвлөмжийн дагуу бүтцийн шинэчлэлийг хийж байгаа гэж ойлгож болно. Олон улсад энэ нь байдаг практик. Бидний зүгээс цаашид энэ шинэчлэлийг улам төгөлдөржүүлэхээр ажиллана.
Бүтцийн өөрчлөлттэй холбоотой нэг ч хүн ажлаас халагдахгүй, орон тоо ч нэмэгдэхгүй. Зөвхөн одоо байгаа ажлын байр хэвээрээ үйлдвэрлэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг тусад нь салгаж байгаа өөрчлөлт юм. Бүтцийн өөрчлөлт нэрээр ямар нэгэн хүн хохирч, асуудал гарахгүй байх чиг үүргийг салбарын яамнаас өгсөн.
Бид энэ жил маш олон шинэ ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иргэний нисэхийн салбарын хувьд 2020 он маань онцгой жил болно байх. Нэгдүгээрт бид Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсаны түүхт 95 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр ажлын хэсэг гарчихсан, бэлтгэл ажлаа хангаж байна. Бид ойн баярын хүрээнд салбартаа шинэ үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Мөн түүхэндээ иргэний нисэхийн салбарт хийгдэж байгаагүй хамгийн том хөрөнгө оруулалт болох Хөшигийн хөндийд баригдсан Олон улсын шинэ нисэх буудал.
Энэ шинэ буудлаа ашиглалтад оруулах цаг ирж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ажил ирэх зургадугаар сард гэж төлөвлөгдөж байгаа. Өнгөрсөн жилийн долдугаар сард концессын гэрээгээр Япон, Монголын хамтарсан компани байгуулагдаж бэлтгэж ажлаа хангаад явж байгаа юм. Энэ мэт бидэнд хийх ажил маш их байна. Засч залруулах ажил ч багагүй байгаа учраас бид онцгой анхаарч ажиллах, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилтуудаа эхлүүлсэн онцгой жил гэж үзэж байна.
-Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орсноор зорчигч үйлчилгээний хураамжийн үнэ өртөгт өөрчлөлт орох уу?
-Зорчигч үйлчилгээний хураамжийн үнэ өртөг бага, багаар нэмэгдэнэ. Яг эцсийн байдлаар хэр зэрэг нэмэгдэх вэ гэдгийг одоо ч гэсэн ярьж байна. Бид аль болох зорчигч болон авиа компаниудад дарамт хүндрэл учруулахгүйгээр энэ өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна.
-“2020 он хүртэл Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг” хөтөлбөрийн хэрэгжилт энэ онд дүгнэгдэнэ. Уг бодлогын баримт бичгийн хэрэгжилтээс танилцуулж болох уу. Ер нь хэрэгжилт нь хэдэн хувьтай байгаа вэ?
-“2020 он хүртэл Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг” хөтөлбөр маань эцсийн жилдээ хэрэгжиж байна. Уг бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн маш сайн байгаа. Бид уг бодлогын баримт бичигт тусгагдсан гол ажлуудаа ерөнхийдөө хийж хэрэгжүүлсэн. Эдийн засгийн боломж бололцооноос шалтгаалаад хэрэгжээгүй ажлууд ч бага сага байгаа. Түүнчлэн одоо хэрэгжих шатандаа явж байгаа ажлууд ч байна.
Бид энэ хөтөлбөрөө энэ жилээр дуусгана гэж бодохгүйгээр Зам, тээврийн хөгжлийн яаманд бодлогын баримт бичгийн ажлын хэсэг гарч, цааш нь дахин 2025, 2030 он хүртэлх хугацаатайгаар үргэлжлүүлэх шаардлагатай байгаа гэж харж байна. Тухайлбал, энэ хөтөлбөрт, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж амжаагүй, орон нутагт Олон улсын нисэх буудлаа байгуулах асуудал байна. Мөн АНУ руу шууд нислэг нээх асуудал ч багтаж байгаа.
Ирэх 2021 онд үндэсний агаарын тээврийн “МИАТ” компани өргөн биетэй онгоц худалдан авах гэж байгаатай холбоотойгоор АНУ руу нисэх бэлтгэл ажлыг хийх шаардлагатай байна. Энэ мэт асуудлаа хэрэгжүүлэх тал дээр бид сүүлийн жил ханцуй шамлан ажиллаж байна.
-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орж байгаатай холбоотой авиа компаниуд парк шинэчлэлтээс эхлүүлээд бэлтгэл хийж байгаа байх. Дотоодын авиа компаниудын хүчин чадал, давтамж хэр нэмэгдэх вэ?
-Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаатай холбоотойгоор Монголоос гадагшаа болон Монгол руу ирэх авиа компаниудын тоо, давтамж, шинэ чиглэлүүд нэмэгдэнэ. Жишээлбэл, эдгээр ажлуудын нэг нь "Turkish Airlines" авиа компани 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар-Истанбул чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн явдлыг дурдаж болно. Истанбул чиглэлийн зорчигчид Бишкекээр дамжин 11 цаг нисдэг байсныг найман цаг болж багасгасан. Энэ маань зорчигчдод таатай зөв ажил болсон гэж харж байгаа.
Мөн Казахстаны “Скат” авиа компани Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдсэнээр баруун Европыг зорих зорчигчдод шинэ хаалга болж өгч байна. Өөр шинээр нисэх хүсэлт тавьсан авиа компаниуд 2020 онд нислэг үйлдэх болно. Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудалд Японы чиглэлээс шинэ нислэгүүд нэмэгдэхээр байна.
Монголын авиа компаниудын хувьд парк шинэчлэл хийхээр ажиллаж байгаа. Тодруулбал, “Изинис Эйрвэйз” авиа компани ирэх гуравдугаар сард шинэ онгоцоо оруулж ирнэ. Өнгөрсөн жил шинээр байгуулагдсан ачаа, тээврийн “Монголиан Эйрвейс Карго” компани хоёр дахь онгоцоо авахаар хэлцэл хийгээд байна. Ингэснээр нислэгийн давтамжууд нэмэгдэх шаардлагатай болно. Ингэхийн тулд бид бүхэн БНХАУ-тай агаарын харилцааны хэлэлцээр хийх хэрэгтэй байна. Тус улсын Бээжин хот руу 21, орон нутаг руу нь 21 удаа нисдэг давтамж маань хүрэлцэхээ больсон. Япон руу “МИАТ” компани 11 удаагийн давтамжаар нисч байгаа нь ч хүрэлцэхгүй байна. Үүнээс харахад агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа тэлж, зорчигчдод сонголт улам бий болж байна.
-Шинэ нисэх буудлаа ашиглалтад орохоор хуучин нисэх буудлаа ямар зориулалтаар хэрхэн ашиглахаар болж байгаа вэ?
-Яг энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Засгийн газрын хурлаар оруулж, шийдвэр гаргасан. Уг шийдвэрээр одоогийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг нисэхийн чиглэлээр нь “Буянт-Ухаа” нисэх буудал нэртэйгээр үйл ажиллагааг нь явуулах, тус буудлын ойр орчим дахь ИНЕГ-ын эзэмшил бүхий нэг метр газрыг ч бусдад өмчлүүлэхгүй гэж тусгасан. Улаанбаатар хотод дахиж ийм Олон улсын нисэх онгоцны буудал барих зай талбай олдохгүй учраас энэ газрыг нөөцөд авч үлдээх чиглэл өгсөн.
Тэр дагуу бид хуучин нисэх онгоцны буудалд нисэхийн сургууль байгуулна гэж төлөвлөж байна. Дээр нь “МИАТ” компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар байрлана. Ерөнхий зориулалтын хөтөлбөр өнгөрсөн 2019 онд батлагдсан.
Үүнтэй холбоотой Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэрт ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ ерөнхий зориулалтаа “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлаа түшиглэн хөгжүүлэх юм. Эдгээр төлөвлөгдсөн ажлын хүрээнд нисэхийн салбарын нарийн мэргэжилтнүүдийг БНСУ-ын их, дээд сургуулиудтай хамтран бэлтгэх зэрэг чухал ажлуудыг хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.
-Иргэний нисэхийн ерөнхий газар улс төсөвт навигацийн хураамж төвлөрүүлдэг. Өнгөрсөн 2019 онд агаарын дамжин өнгөрөх нислэг хэр нэмэгдсэн бэ?
-Бид бүхэн хоёр жилийн өмнө анх удаагаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр 100 мянган агаарын хөлөг дамжин өнгөрлөө гэх мэдээг хүргэж байсан. Өнөөдөр энэ тоо 133 мянга 663 болж нэмэгдээд байна. Энэ тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал найман хувь, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 40 хувийн өсөлтийг үзүүлээд байна. Энэ маань иргэний нисэхийн салбарын хөнгөлттэй нислэгийн тариф, олон улсын хөнгөлттэй нислэгийн компаниудтай сайн ойлголцож ажилласны үр дүн гэж харж байгаа.
-Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан эх үрсийн баяраар Хан-Уул дүүргийн иргэдэд гэр бэлэглэсэн гэх мэдээ зарим хэвлэл мэдээллээр цацагдаад байна. Гэрийг ИНЕГ бүр тодруулбал улсын мөнгөөр өнгөрсөн жилийн нисэхийн баяраар авч Б.Энх-Амгалан сайд тойргын иргэддээ гардуулсан гэсэн хардлага байгаа. Энэ ямар учиртай гэр байгаад, танай салбарын сайд тойрогтоо гардуулсан хэрэг вэ?
-Сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор бүх зүйлийг улстөржүүлэх байдал ажиглагдах юм. Иргэний нисэхийн салбар нийт 2500 ажилтантай. Бид улсын төсөвт өнгөрсөн жил 156 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 100 хувь үүргээ давуулан биелүүлсэн. Үүний зэрэгцээ энэ салбарт ажиллаж буй ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, тодорхой хэмжээнд мөнгө төсөвлөдөг. Энэ ажлыг өмнө нь ч хийж байсан. Одоо ч хийсээр байгаа.
Гэтэл энэ асуудлыг улстөржүүлж салбарын сайдыг тойргийнхоо иргэдэд гэр бэлэглэсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэнд харамсч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахиж битгий ийм асуудал яриасай. Иргэний нисэхийн салбар энэ жил түүхт 95 жилийн ойн баяраа тэмдэглэхдээ ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, орон сууцны дэмжлэг, орон гэрийн асуудлыг нь шийдээд явна. Энэ бол тухайн салбарын нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөгөө, төсөвтэй хэрэгждэг уламжлал болсон ажил шүү дээ.
-Бас нэг асуудлыг тодруулъя. “Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоцноос 15 настай хүүхэд унаж гэмтсэн гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт зарим хэвлэл мэдээллээр гарлаа. Энэ талаар бодит мэдээллийг өгөөч. Хаанахын ямар онгоцноос хүүхэд уначихсан юм бэ?
-Би улстөржилт хэрээс хэтэрлээ гэдгийг энд дахиад хэлмээр байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Чингис хаан" олон улсын нисэх буудалд онгоцноос хүүхэд унасан” гэх худал мэдээллийг цацсан. Иргэний нисэхийн ерөнхий газар мэдээгүй юун асуудал болов гээд шалгатал БНСУ-ын Инчеоны Олон улсын нисэх буудалд Монгол руу буцах гэж байсан хүүхэд юмнаас унаж, гэмтсэн юм билээ. Тэгээд эх орондоо ирээд байж байгаад эндсэн харамсалтай явдал болсон байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж ажилласан.
Гэтэл эл асуудлыг Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон юм шигээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэнийг улстөржүүлэх гэсэн оролдлого л гэж харж байгаа. Тэгэхээр манай олон улсын нисэх буудалд, онгоцноос хэн нэгэн унасан асуудал байхгүй. Монголд огт болоогүй хэрэг.
Тэр болгоныг улстөржүүлэх гэдэг, эсвэл УИХ-ын сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор салбарын сайдтай холбох гэсэн явцгүй худал мэдээлэл түгээх гэж оролдого гарч байгаад харамсч байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд маань аливаа мэдээллийг судалж, нягталж эх сурвалжаас тодруулж байхгүй бол нисэхийн салбарын хувьд Монгол Улсын авиа компаниудын нэр хүнд олон улсад унах, цаашлаад нислэгийн аюулгүй ажиллагаа, Монгол Улсыг зорих жуулчдын тоонд хүртэл сөргөөр нөлөөлөх муу үр дагавартай шүү дээ.
-За хоёулаа эргээд салбарынхаа асуудалд ороё. Монголын иргэний агаарын тээврийн "МИАТ" компани олон улсын дөрвөн ч чиглэгд нислэгийн тийзний үнээ 15-37 хувиар хямдруулсан гэж дуулсан. Энэ мэт авиа компаниуд тийзийн үнээ хямдруулж байгаа нь өрсөлдөөн нэмэгдсэнээс үүдэлтэй гэж ойлгож болох уу?
-Онгоцны тийзний үнийн бодлого нь зах зээлд оролцож буй хэчнээн өрсөлдөгч компани байгаа, хэр их суудал, нийлүүлэлт байгаагаас шалтгаалан үнийн бодлого явж байдаг. Жишээлбэл, БНСУ-ын зах зээл дээр 2019 онд агаарын харилцааны хэлэлцээр шинэчлэн байгуулсантай холбоотойгоор тус улсын хоёр дахь том агаарын тээвэрлэгч болох “Asiana Airlines” компани Сөүл-Улаанбаатарын чиглэлд шинээр нислэг үйлдэж эхэлсэн.
Ингэснээр сүүлийн 10 гаруй жил Сөүлийн чиглэлд онцгой эрх эдэлж байсан “Korean Air”, “МИАТ” компанийн тийзийн үнэ тарифыг буулгасан. Бараг 700 мянга болтлоо тийзний үнийг буулгасан нь БНСУ, Монголын зорчигчдод хамгийн таатай нөхцөл шүү дээ.
Тэглээ гээд “МИАТ” компани алдагдалтай ажиллаагүүй. Харин ч 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс үзэхэд дотоодын авиа компаниудын дунд өрсөлдөөнийг бага багаар явуулах ёстой. Гэхдээ дотоодын агаарын тээврийн компаниудаа дампууруулалгүй, бололцоотой нөхцөлөөр дэмжлэг үзүүлж, зах зээлийг үе шаттайгаар чөлөөлөх нь зүйтэй юм байна гэж харж байгаа. Бид цаашдаа ч энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ