Монгол, Оросын уулчид хамтран Мөнхсарьдагт авирах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ОХУ-ын Буриад улсын уулчид Мөнхсарьдаг (3491 м) уулын хойд талаас авирч, Монголын уулчид урд талаас нь авирах бөгөөд хоёр багт тэргэнцэртэй бүсгүйчүүд багтаж байгаа билээ.
Тус том төлөвлөгөөний туршилтыг Монголын баг Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд амжилттай хийжээ. Туршилтыг 2020 оны нэгдүгээр сарын 18-ны 06.00 цагт авирч эхэлсэн бөгөөд 10. 30 минутад оргилд гарчээ.
Энэ талаар уулчдын багийн чухал гишүүн Ч.Тунгалагтуяагаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр "Яг үнэнийг хэлэхэд би өөрийнхөө тэвчээрийг аль хүрэхийг нь үзье гэж энэ аялалд явахаар шийдсэн. Хэдэн метрын өндөрт бууж өгч, хэдэн метрын өндөрт хүрч чадахаа л мэдээд мэдрээд тэр үед нь өөртөө хэлэх үгээ хүртэл бэлдэж байсан. Яагаад гэвэл миний бэрхшээлийн онцлог хорвоогийн хамгийн дулаан гутал ч даараад байдаг юм. Бас амархан аялал биш болохоор, хүндрэл гарч болзошгүй гээд л өөрийнхөө бэрхшээлтэй холбож олон талаас нь төсөөлөөд үзсэн. Гол нь тэр бүрийг яаж ийж байгаад тэвчээд үзье гэж бодож байсан. Тэгээд өөрийгөө ялан дийлэх аялал гэж бодоод явахаар болсон.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Болд ах нартаа, олон улсын хэмжээний мастер С. Бат-Эрдэнэ нараар ахлуулсан багийн хамт олондоо, надад тусалж, дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа" гэлээ.
Р.ДУЛАМ