МАН хөдөө тийш чангааж, АН Улаанбаатарт чаргууцалдана

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН хөдөө тийш чангааж, АН Улаанбаатарт чаргууцалдана

МАН хөдөө тийш чангааж, АН Улаанбаатарт чаргууцалдана

Ирэх зургадугаар сарын сүүлээр товлогдох УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог зурах, мандат хуваарилах ажил ид хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, Сонгуулийн шинэ хуулийн талаар албан ёсны мэдээлэл өглөө. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр тойргийн хуваарилалт, тойрогт харгалзах мандатын тоог хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ шийднэ. Тэгэхээр энэ долоо хоногоос тойргийн хуваарилалт, мандатын тоог эцэслэх асуудлууд УИХ-аар яригдаж эхлэх нь. Тойргийн хуваариалалт, мандатын тоог хэрхэн тогтоохоос 2020 оны шинэ парламентын дүр төрхийг тодорхойлох боломжтой болох юм.

Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоохдоо газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг, захиргаа, нэгжийн хуваарийг харгалзана гэж байгаа учраас олон хүн амтай бол олон мандаттай, цөөн хүн амтай бол цөөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон гэсэн тайлбарыг эрх баригчид олонтаа давтаж байна. Өнгөц харахад огт гэм зэмгүй юм шиг энэ заалт харин ч гэм зэмтэй болох магадлал өндөр байна. Олон сонгуулийн үр дүнгээс харахад хамгийн ширүүн тулаан нийслэл Улаанбаатар хотод өрнөдөг, мөн нийслэлийн сонгогчид Ардчилсан намд илүүтэй санал өгдөг хандлагатай. Харин эсрэгээрээ орон нутгийн сонгогчид Ардын намд элэгтэй харагдах саналыг өгдөг. Тиймээс ч эрх баригч МАН хөдөөгийн тойргийн мандатыг нэмж, хотын тойргийн мандатыг цөөлөх яриа байгаа бололтой. Гэтэл Монголын нийт хүн амын бараг тал хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байна.

Өмнөх сонгуулиудын жишгээр орон нутагт 20 мянга орчим сонгогчид нэг мандат, Улаанбаатар хотод 30 мянган сонгогчид нэг мандат гэсэн баримжаагаар хуваарилж иржээ.

Оршин суугаа хүн амын тоогоор тэгшитгэн мандат хуваарилсан нөхцөлд 76 суудлын бараг тал нь Улаанбаатарт хуваарилагдаж, үлдсэн нь орон нутагт хуваарилагдана, засаг захиргааны нэгжээр хуваарилсан нөхцөлд орон нутагт маш цөөн тооны саналаар УИХ-д сонгогдон гарах боломжтой. Ийм л ацан шалаатай, тэгш бус нөхцөл байдал нь Монголын сонгуулийн онцлог болоод удаж байна.

Албан бус мэдээгээр сонгуулийг 26 тойргоор явуулж, нийслэл Улаанбаатарт 24 мандат, орон нутагт 52 мандат хуваарилах чигтэй байгаа ажээ. Өмнөх 2016 оны сонгуулиар нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар аймагт тус бүр нэг мандат нэмж хоёр болгох, нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог нэгээр цөөлж тус бүр тав, Баянгол, Чингэлтэйн мандатын тоог мөн нэгээр цөөлж тус бүр гурав болгох тухай ярилцаж байгаа аж.

Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг цөөлж, орон нутаг руу нэмэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга МАН болон Ардчилсан нам тус бүрээс тодорхой тооны мандатын эрх авах гэж байгаа гэсэн батлагдаагүй яриа эрт тархсан. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ мөн боловч ҮАБЗ-өөр дамжуулан Монгол төрийн жинхэнэ эрхийг атгаад байгаа түүний хувьд энэ зэргийн барьц ахиулалт байх нь тийм ч гайхаад байх зүйл биш. Хоёр нам Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авсан эсэхийг нэр дэвшигчдийн нэрс тодорсон үед л баттай хэлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж