Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Б.Пүрэвдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– УИХ 2017 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Өнөөдөр энэ хууль хэрэгжээд нэг жил болж байна. Юуны өмнө хуулийн хэрэгжилтийн тухай асуумаар байна.
-Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуулийн гол үзэл баримтлал нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадахуйн зарчимд үндэслэхээс гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, зохих албан тушаалд нь томилох явдал. Мөн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг шатлан дэвшүүлэх зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох зэрэг хууль хэрэгжиж эхлээд дөнгөж нэг жил болж байна. Тиймээс хуулийн сайн, мууг дүгнэж ярих цаг хугацаа нь болоогүй байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Төрийн албаны хуулийг өөрчлөхгүй хэвээр нь байлгах мөн төрийн албыг бужигнуулахгүй байх тэр үед энэ хуулийн бодит хэрэгжилт харагдана гэж бодож байна.
-Сонгууль бүрийн дараа төрийн албаараа тоглодог. Бараг сонгуулийг төрийн албанд өөрийнхөө хүнийг шургалуулах гэж хийдэг юм шиг болж байна. Энэ байдлыг хуулиар нь хааж чадсан уу?
-Хэрэв төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлөх, ямар нэгэн байдлаар нөлөөлөх оролдлого хийвэл тухайн нөлөөлөл үзүүлсэн улс төрийн албан тушаалтанд мөн адил хариуцлага тооцох хуулийн зохицуулалт тусгагдсан. Өмнөх хуулиудад төрийн албан хаагчийг олноор нь чөлөөлөх, халах улмаар шүүх дээр ялсан тохиолдолд тухайн төрийн албан хаагчид төрд учирсан хохирлыг нь тухайн байгууллагаас буюу төрөөс төлдөг байсан. Тэгвэл шинэ хуулиар шүүхэд нэхэмжлэх гаргаж буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Ингэснээр улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчийг халж, солих асуудал гарахгүй гэж бодож байна. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа ч энэ хуулиар хангагдсан.
-Хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдын гомдол шүүх дээр хэр олон очдог вэ?
-Энэ чиглэлийг хариуцан ажилладаг Маргаан хянан шалгах алба манайд бий. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулаад төрд учирсан хохирлыг тухайн албан тушаалтнаар төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Иймэрхүү байдлаар манайхаас шүүхэд нэхэмжлэх гаргаад төрд учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээр төлүүлэх ажил хийгдэж байгаа.
-УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буй төрийн албан хаагчид сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуультай. Энэ дагуу хэчнээн хүн ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа вэ?
-Нэгтгэгдсэн тоон мэдээлэл одоогоор манайд ирээгүй байна. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний жилийн тайлан хоёрдугаар сард гардаг.
-Дээрх шалтгаанаар ажлаа өгсөн хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо хэзээ хийгдэх вэ?
-Өнгөрсөн долоо хоногт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалын тодорхойлолтууд Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар танилцуулагдаж, зөвшөөрлөө авсан. Албан тушаалын тодорхойлолт нь батлагдсаны дараа ЗГХЭГ-аас манайд захиалга ирүүлж, энэ захиалгынх нь дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
-Өнгөрсөн 2019 оны сүүлээр Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар явагдсан. Нийт шалгалт өгсөн хүмүүсийн маш бага хувь тэнцсэн нь шалгалт шинэчилсэн журмаар явагдсантай холбоотой юу?
-Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийнх нь гол үндэс төрийн албан хаагч нь мэргэшсэн, чадварлаг байх гэж үздэг. Өмнөх онуудын шалгалтад Төрийн албаны зөвлөлөөс гаргадаг тестийн цэнхэр номыг уншаад А,Б-гүй цээжилчихсэн байхад тэнцдэг байсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр шалгалтад төрийн захиргаа, төрийн бодлого, хууль эрх зүй, Монголын түүх соёл, нийгэм, эдийн засаг, мэдээллийн технологи гэсэн чиглэлийн асуултууд төрийн албаны ерөнхий шалгалтад орсон. Ерөнхий шалгалтад тэнцсэний дараа Монгол хэл бичгийн шалгалт өгнө. Гурав дахь нь дүн шинжилгээ хийх чадвар гэсэн ийм гурван агуулгаар Төрийн албаны шинэ хуулийн дагуу шалгалтыг 2019 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан. Шалгалтын бүртгэл онлайнаар явагдаж, мөн онлайнаар орон даяар нэгэн зэрэг болсон. Шалгуулагчдын шалгалтын вариант бүр өөр, хэн нэгнээс хуулах эсвэл гаднын ямар нэгэн нөлөөлөл орох ямар ч боломжгүй. Хувь хүн өөрөө, өөртөө итгэх нь шалгалтын үндсэн зарчим гэж хэлж болно. Ирэх хоёрдугаар сард явагдах төрийн албаны шалгалтын бүртгэл нэгдүгээр сарын 30-ныг хүртэл явагдана. Иргэн хаанаас ч онлайнаар бүртгүүлэх боломжтой.
"ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН АСУУЛТУУД НЬ ЦЭНХЭР НОМООС ИРНЭ"
-Шалгалтад тестийн цэнхэр номоос бараг орж ирээгүй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байсан?
-Төрийн бодлого, төрийн захиргаа, хууль эрх зүйн чиглэлийн асуултууд цэнхэр номоос 100 хувь шалгалтад ордог. Монгол хэл, бичгийн чиглэлийн тестүүд нь мөн номд бий. Дүн шинжилгээ хийх шалгалтын жишиг даалгаврууд болон түүх, соёл нийгэм, эдийн засгийн жишиг даалгаврууд 2019 онд хэвлэгдсэн номд орсон. Одоо ирэх хоёрдугаар сард болох төрийн албаны ерөнхий шалгалтын хууль эрх зүйн чиглэлийн асуултууд нь цэнхэр номоос ирнэ.
Энэ 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зарим хууль шинээр хэрэгжиж байна. Тухайлбал, Татварын багц хуулиуд шинээр хэрэгжиж байгаа учраас цэнхэр номд орсон Татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын хуулийн асуултууд шалгалтад ирэхгүй гэсэн үг.
-Тэгвэл шинэ хуулийн заалтуудыг бэлдсэн байх шаардлагатай юу?
-Шинээр шалгалтын санд хийгдээгүй. Татварын шинэчилсэн хуулиас шалгалтад орохгүй гэж ойлгох хэрэгтэй. Хүчин төгөлдөр бус болсон хуулиар сорилын шалгалт авч болохгүй.
-Төрийн албаны шалгалтад бэлдэж байгаа хүмүүс хууль, эрх зүйн чиглэлийн тестүүдийг түлхүүтэй ажилладаг. Гэтэл оны өмнө явагдсан төрийн албаны шалгалтад түүх болон компьютерийн чиглэлийн асуулт түлхүүтэй ирлээ гэсэн шүүмжлэл их байсан. Шалгалтын агуулгын харьцаа өөрчлөгдсөн гэсэн үг үү?
-Хуучин Төрийн албаны шалгалтын нийт 60 асуулт нь бүгд хуулийн чиглэлийн асуултууд байсан. Одоо төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 55 онооны асуултаас 20 нь төрийн бодлого, төрийн захиргаа хууль эрх зүйн чиглэлийнх. Төрийн бодлого гэдэг нь УИХ-аас баталсан бодлогын бичиг баримтуудын үзэл баримтлал ордог. Үүнийг шалгуулагчид хуулийн асуулт гэж ойлгох зөв. Мөн шалгалтад Монголын түүх, нийгэм, эдийн засгийн нийт 20 асуулт, дээр нь мэдээлэлзүйн чиглэлийн 15 асуулт орно.
Хуучин бол ерөнхий шалгалтын агуулгад хуулийн асуултууд түлхүү ордог байсан бол одоо агуулгын хувьд тэнцвэртэй болсон. Нийт 55 онооноос 35 оноо авбал дараагийн шалгалтад орох эрхтэй болно. Хоёр дахь шалгалт болох Монгол хэл бичгийн шалгалтад нийт 30 онооноос 20 оноо авснаар гурав дахь буюу дүн шинжилгээ хийх шалгалтад орох эрх үүснэ. Уг сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалтад нийт 15 онооноос 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэнэ.
Өнгөрсөн оны шалгалтад 7716 хүн шалгалт өгснөөс дээрх гурван төрлийн шалгалтад 1116 хүн тэнцэж,Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн.
-Энэ хүмүүс ажлын байраар хэзээ хангагдах вэ. Шалгалтдаа тэнсэн ч гэсэн ажил олдохгүй уддаг шүү дээ?
-Түрүүчээсээ ажил олгогчид санал тавьж байгаа.
-Өнгөрсөн оны төрийн албаны шалгалтын агуулгаар хоёрдугаар сарын шалгалтыг авах уу эсвэл өөрчлөлт орох уу?
-Хуучин агуулгын хүрээнд явагдана. Гэхдээ нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулиуд шалгалтад орохгүй.
–Танайхаас гаргадаг "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” тестийн номоос бэлдсэнээр шалгалтад тэнцэнэ гэсэн баталгаа байна уу?
-Ганц ном уншаад төрийн албаны шалгалтад тэнцэнэ гэсэн ойлголтоос салах хэрэгтэй. Түүхээ мэддэг байх хэрэгтэй. Улс оронд болж буй нийгэм, эдийн засагт өрнөж байгаа шинэ, соргог мэдээллийг мэддэг байх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр ганц ном уншаад шалгалтад тэнцэнэ гэсэн ойлголтоос сал. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” тестийн ном бол шалгалтын агуулгын ерөнхий чиглэл. Өмнөх онуудад шалгалт өгч байсан найз нөхөд нь цэнхэр номоо л сайн уншаад орвол тэнцэнэ гэсэн ойлголтоор ихэнх иргэн шалгалтад орж ирсэн нь өөрсдийнх нь буруу. Түүхийн чиглэлийн олон ном бий. Тэр бүхнийг унш. Дунд сургууль, Их, дээд сургуульд 1,2 дугаар курст орж байсан түүхийн номуудаа сэргээгээд уншсан байхад ямар ч хүн тэнцэх боломжтой.
-Шалгалттай холбоотойгоор гомдол санал хэр ирэв?
-Авсан оноогоо үзье гэсэн хүмүүс хандсан. Манай программ дээр тухайн шалгуулагч хэдэн секунтэд нэг асуулт дээр ажилласан зэрэг бүх мэдээлэл нь байгаа учраас ямар ч маргаан гарах боломжгүй.
АРВАННЭГДҮГЭЭР САРД АВСАН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН АГУУЛГЫГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ИРЭХ ХОЁРДУГААР САРЫН ШАЛГАЛТЫН АГУУЛГЫГ ХЭВЭЭР НЬ ХАДГАЛЖ ЯВУУЛНА
-Төрийн албаны ерөнхий шалгалтын мэдээлэлзүйн чиглэлийн асуултад Windows 7 үйлдлийн системийг ажиллуулахтай холбоотой асуултууд их орж ирлээ гэж шалгуулагчид хэлж байсан. Гэтэл Microsoft корпораци саяхан буюу нэгдүгээр сарын 14-өөс Windows 7 үйлдлийн системээ зогсоохоо албан ёсоор мэдэгдсэн. Энэ тохиолдолд шалгалтад Windows 7 үйлдлийн системтэй холбоотой асуулт оруулах нь хэр зохистой вэ?
-Арваннэгдүгээр сард авсан төрийн албаны шалгалтын агуулгыг өөрчлөхгүйгээр ирэх хоёрдугаар сарын шалгалтын агуулгыг хэвээр нь хадгалж явуулна. Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш анх удаагаа хоёр сарын өмнө төрийн албаны шалгалтыг зохион байгуулсан. Хоёр дахь удаагийн шалгалтыг явуулахдаа өмнөх агуулгаа эвдээд байж болохгүй. Тэр утгаараа өөрийн тань хэлж байгаачлан зарим шинэ өөрчлөлтүүдийг шалгалтын сангаас хасчихна.
-Ер нь Төрийн албаны шалгалт шударга явагдаж чадаж байна уу?
-Шударга явагддаг. Ямар ч нөлөө орох боломжгүй. Шалгалт авах үед сан үүсч шалгалтын асуултууд холигддог. Тиймээс тест задрах боломжгүй гэсэн үг. Ерөнхий шалгалтаас гадна тусгай шалгалт авахдаа тухайн шалгуулагчийн өөрийнх нь сонголтоор Хөдөлмөрийн тухай хуулиас уу эсвэл Төсвийн тухай хуулиас авах уу гэж сонголт хийлгүүлдэг. Энэ нь шударга зарчим.
-Гадаадад олон жил сурч байгаад ирсэн залуусын хувьд Монгол хэл, бичгийн шалгалтыг хангалтгүй өгөх магадлал өндөр. Гэтэл хөдөлмөрийн зах зээлд гадаадад боловсрол эзэмшсэн, гадаад хэлтэй боловсон хүчин эрэлттэй. Тэгэхээр Төрийн албаны Монгол хэл бичгийн шалгалтад дээрх залууст босго оноог нь багасгах зэрэг төрийн дэмжлэг бодлого үгүйлэгдэж байх шиг?
-Монгол Улсын иргэн бүр тэгш эрх, үүрэгтэй. Гадаадад олон жил сурч ирсэн гээд Монголын түүх, үндэсний хэлээ мэдэхгүй байж болохгүй. Гадаадад олон жил сураад ирсэн зарим хүний бичгийн боловсролыг нь харахад дөрөвдүгээр ангийн хүүхэд шиг маш их алдаатай бичдэг. Монголын төрийн албаны бичиг үндэсний хэлээрээ явагдана. Тиймээс тухайн хүн эх хэлээ сурах нь зайлшгүй шаардлага.
-Төрийн албанд ажиллах чадварлаг боловсон хүчнийг төрийн албаны шалгалт шаардлага, шалгуурыг нь хангаж чадах уу?
-Ер нь бол нөөц бүрдүүлэлт буюу тухайн хүний суурь мэдлэгийн түвшинг нь шалгадаг. Албан тушаалд томилогдох тохиолдолд тусгай шалгалт авдаг. Цаашдаа Төрийн албаны зөвлөлөөс баримтлах бодлого бол тухайн албан тушаал бүрт тохирсон, чадварыг нь илэрхийлэх даалгаврын сан боловсруулахаар ажиллаж байна. Төрийн албаны шалгалтаар цахимаар авч байгаа ч нөгөө талаараа тухайн хүний ур чадварыг 100 хувь илэрхийлэх боломжгүй. Бусад орны хувьд ур чадварыг нь шалгахдаа кейс дээр ажиллуулж эссе бичүүлэх мөн мэргэжлийн экспертүүдтэй харилцан ярилцах үндсэн дээр тухайн шалгуулагчийн ур чадварыг харах боломжтой. Түүнээс биш цахимаар шалгуулаад тэнцэж байгаа хүмүүсийг бүрэн дүүрэн ур чадвараа гаргасан гэж хэлэх боломжгүй л дээ.
-Төрийн албаны шалгалтад бэлдэж байгаа хүмүүст хандан зөвлөгөө өгвөл?
-Гадуурх сургалтын төвүүдэд найдахаас илүүтэй хувь хүн өөртөө итгэж, найд. Мөн цэнхэр номын хууль, эрхзүйн чиглэлийн асуултуудыг сайн унш. Монголын түүх соёл, нийгэм, эдийн засагтай холбоотой ерөнхий боловсролын сургуулийн ном мөн Их дээд сургуулийн суурь мэдлэгийн хичээлээр үзэж байсан номуудыг сэргээгээд уншчихад шалгалтад тэнцэх боломжтой. Уншсан хүнд төрийн албаны шалгалт амархан. Эсрэгээрээ уншиж судлаагүй хүнд хэцүү. Тийм учраас өөрөө өөртөө итгээд сайн бэлд. Мөн шалгалтын үеэр цагаа сайтар баримтлаарай гэж зөвлөмөөр байна. Өнгөрсөн шалгалтад 200 гаруй хүн шалгалтаасаа хоцорсон. Нэг минут хоцорсон ч шалгалтад оруулахгүй. Хэн нэгнээс хуулах эсвэл танил талаараа нөлөөлүүлнэ гэсэн ойлголт байхгүй.
–Төрийн албанд танил талынхаа хүнийг эхэлж ажилд аваад дараа нь шалгалтад нөгөө хүнээ тэнцүүлчихдэг гэсэн шүүмжлэл нийгэмд байдаг нь үнэн. Төрийн албаны шалгалт жирийн иргэнд том даваа, шалгалтад тэнцэж арай гэж төрийн албаны босго давах эрх нь үүсдэг. Гэтэл танил тал, арын хаалгаар төрийн албанд орсон хүмүүст энэ шалгалт нэр төдий болчихсон юм биш үү?
-Хувь хүн шалгалтад өөрийгөө сайн бэлдэж, хичээвээс хэнд ч гэсэн төрийн албаны хаалга нээлттэй. Хуучинтай харьцуулахад нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хэрэв буруу томилгоо хийсэн тохиолдолд тухайн албан тушаалтанд акт тавьдаг учраас дураараа томилгоо хийхээ больсон. Байгууллагууд төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдтэй өөрсдөө холбогдож ажлын санал тавих зэрэг нэг үеэ бодоход байдал өөрчлөгдсөн. Энэ нь төрийн алба зөв голдир руугаа орж байгаагийн шинж.
Танил тал, арын хаалгаар ажилд орсон хүний ажлын бүтээмж, шалгалтаа өгөөд өөрийн бор зүрхээрээ явж байгаа хүмүүс хоорондын ажлын бүтээмж нь ялгаатай. Тэгэхээр одоо төрийн албанд шахааны хүн биш шалгуураар нь хүнийг ажилд авдаг болсон.
Энэ нь Төрийн албаны тухай шинэ хуулийн гол үзэл баримтлалын нэг хэсэг. Зөв хүнийг тохирсон албан тушаалд нь томилж байж үр дүнд хүрнэ.
Ингэж байж иргэддээ ч төрийн алба ээлтэй, улс орон ч хөгжих боломж бүрдэнэ. Төрийн албан хаагч нар нь хэр ур чадвартай байхаас улс орны хөгжил шалтгаална.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД ЦАХИМЖИХ БУЮУ ХҮНИЙ ОРОЛЦОО БАГАСАХ ТУСАМ ХҮНД СУРТАЛ АРИЛНА
-Төрийн албаны хүнд суртал үнэндээ төрийн албыг бүхэлд нь муухай харагдуулж ирсэн. Энэ байдлыг хэрхэн засч өөрчлөх вэ?
-Бага багаар өөрчлөгдөж байгаа гэж хэлнэ. Төрийн үйлчилгээнүүд цахимжих буюу хүний оролцоо багасах тусам хүнд суртал арилна. Жишээ нь манайх шалгалтууддаа цахим руу шилжүүлснээс гадна цаашдаа “Хур” системтэй холбогдож хурууных нь хээгээр бүртгэх, төрийн албаны шалгалтад тэнцсэн хүн нөөцийн санд бүртгэгдсэн мэдээллээ ТҮЦ машинаас авах боломжийг бид бүрдүүлнэ. Цааш цаашдаа аль болох төрийн албаны үйлчилгээнд хүний оролцоог багасна.
-“Чоно борооноор…” гэгчийн үлгэрээр гадуур Төрийн албаны шалгалтад бэлдүүлнэ гэх сургалтын төвүүд олон бий. “Төрийн албаны шалгалтад бэлтгэх сургалтын төвүүдийн зар тасрахгүй. Найдвартай тэнцүүлнэ. Шалгалтад ирэх тестүүдээс бэлдүүлнэ гэх мэт иргэдийг залилах тохиолдол олон бий. Үүнд танайхаас хяналт тавьдаг уу?
-Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор зөвшөөрөгдсөн төрийн албаны шалгалтад бэлддэг сургалтын төв, Т-тест байхгүй. Хүмүүсийн эрэлт, шаардлага дээр тулгуурлаж бизнес хийх зорилгоор гадуур сургалтын төвүүд ажилладаг. Сургалтын төвүүдийн зарим тест нь алдаатай байдгийг мэдэхгүй манайд гомдол гаргах тохиолдол ч бий.
-“Улс төрийн албан тушаалыг сонгож байна” гээд төрийн албанаас явсан хүн сонгуульд ялагдахаараа буцаад “Ажилдаа оръё” гээд ирдэг, шүүхддэг гэсэн. Энэ байдлыг хуулиар нь яаж зохицуулдаг юм бэ?
-Буцаад төрийн албаны ажлаа үргэлжлүүлэн хийх боломж байхгүй. Хуучин бол ажлын байрны тодорхойлолт гэж байдаг байсан. Уг тодорхойлолтыг ажил олгогч нь тухайн хүндээ тааруулаад хийчихдэг байсан. Тухайн хүн хэрэв хуульч, эдийн засагч мэргэжилтэй бол тэр чиглэлээр нь шалгалтаа авчихдаг байсан бол одоо хуулиар нийтлэг болон тусгай шаардлага тавигдана. Жишээ нь Төрийн нарийн бичгийн дарга тэргүүн түшмэл гэсэн үг. Тэргүүн түшмэлд томилогдохын тулд төрийн албанд 16 жил ажилласан байх үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан, тэргүүн түшмэлээр мэргэшсэн багц сургалтад хамрагдсан байх зэрэг өндөр шалгууртай болчихсон учраас ажлаа өгчхөөд буцаад томилогдоно гэсэн ойлголт байхгүй. Хэрэв буцаж орвол шалгалт өгнө. Шалгалт өгөх шаардлагыг хангахгүй тохиолдолд бүртгэхгүй.
Холбоотой мэдээ