Төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгохыг завдсан үндэслэлээр хуулийнханд шалгагдаж, Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял авсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын дарга Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нар өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд давж заалдсанаар хэрэг нь прокурор руу буцсан.
Тодруулбал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан, 60 тэрбумын бичлэгийг анх олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Ингэснээр 60 тэрбумын схем боловсруулсан гэх Г.Доржзодов шалгагдах болж байна.
Энэ талаар А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэнээс тодруулахад “Сар гаруйн өмнө давж заалдах хурал болоод өнгөрсөн Баасан гаригт /2020.01.17/ анхан шатны шүүхэд материал нь очсон. Анхан шатны шүүхэд очсоноос 30 хоногийн дотор прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. Прокурор эсэргүүцэл бичихгүй бол суллах эсэх ээ шийднэ” гэж тайлбарлалаа. Ц.Сандуй, А.Ганбаатар нар өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.
Д.ГАНТУЛГЫН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ НЭГДҮГЭЭР САРЫН 23-НД БОЛНО
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм.
Тэрбээр давж заалдах хүсэлтээ шүүхэд өгснөөр өнгөрөгч долоо хоногт давж заалдах шатны шүүх хурал товлогдоод байсан юм. Гэвч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хурал нэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл хойшилжээ.
Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Э.АРИУН
Холбоотой мэдээ