Богд уулын чиглэлд 6 автобус 11 минутын зайтай үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Богд уулын чиглэлд 6 автобус 11 минутын зайтай үйлчилж байна

Амралтын өдрөөр иргэд гэр бүлээрээ агаарт гарч, эрүүл мэнддээ анхаарахыг илүүд үзэж байна. Тухайлбал, амралтын өдрүүдэд Богд хан ууланд авирах иргэдийн тоо нэмэгддэг бөгөөд явган алхах нь хөдөлгөөний дутагдал, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчнөөс сэргийлэхэд тустай гэж эмч нар зөвлөдөг. Ийнхүү иргэдийн зөв, дадал хандлагыг дэмжих зорилгоор хотын төвөөс Богд хан уул руу иргэдэд үйлчлэх автобус өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлэн үйлчилгээнд гарсан байна. Амралтын өдрүүдэд дунджаар 1000 гаруй хүн тус автобусаар зорчдог ажээ.

NEWS агентлагийн сурвалжлах баг өнгөрөгч Бямба гаригт тус автобусаар үйлчлүүлж, ууланд гарч буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Уг автобус нь Сүхбаатарын талбайн автобусны буудлаас хөдөлж, Богд хан уулын энгэр хүртэл явдаг юм байна.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АВТОБУСААР 1000 ГАРУЙ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

“Автобус-3” компанийн жолооч Д.Баатар

Энэ талаар “Автобус-3” компанийн жолооч Д.Баатар “Манай автобус өглөө 6.40 цагт эхэлж, орой 22.00 цаг өнгөрөөж шугамаас буудаг. Амралтын өдрүүдэд харьцангуй их хүнтэй байна. Дөнгөж үйлчилгээнд явж эхэлсэн болохоор хүмүүс буудлаа мэдэхгүй байдал ажиглагдсан. Сүхбаатарын талбайгаас 10 гаруй буудал явдаг. Нэг талдаа 70 минут явна. Богд хан уулын чиглэлд зургаан автобус 11 минутын зайтай үйлчилж байна. Ажлын өдрүүдэд заримдаа хоёр, гурван хүнтэй явах тохиолдол бий. Түгжрээнд орчихоор автобус хүлээлгийн зай 15-20 минут байх шиг байна. Иргэд смарт картаа дараад зорчино. Бусад автобустай яг л адилхан дамжин сууж болно. Ер нь Богд уул руу явган аялал хийж байгаа хүмүүс их явж байгаа харагддаг” гэлээ.

Богд уул руу автобус явж эхэллээ зурган илэрцүүд

УУЛАНД АЛХАХ НЬ ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДЛААС СЭРГИЙЛЭХ ҮР ДҮНТЭЙ АРГА

Ханиад томуу ихтэй байгаа энэ үед иргэд агаарт гарч, амралтын өдрөө үр дүнтэй өнгөрүүлж байлаа. Биднийг очиход Богд хан ууланд хүүхдээ салхилуулж байгаа хүмүүс, хүүхэд хөгшид цөөнгүй байв. Иргэдийн хэлснээр ууланд алхсанаар олон эерэг өөрчлөлт гарч байгааг ярьж байсан юм.

Б.Өнөболд “Анх удаа энэ автобусанд сууж байна. Өнөөдөр хүн ихтэй байна. Богд хан уул руу автобус явдаг болсныг мэдээгүй. Миний хувьд сардаа нэг удаа ууланд авирдаг. Улаанбаатарчууд ерөнхийдөө хөдөлгөөний дутагдалд орчихсон байгаа шүү дээ. Түүнийгээ нөхөх гэж сард тогтмол ууланд авирдаг” .

Б.Цэцэгсүрэн “Өмнө автобус явж эхэллээ гэдгийг интернэтээс уншиж байсан. Өнөөдөр Богд хан ууланд ирчхээд автобус явж байгаа юм болов уу гэж харсан. Гэтэл автобус ямар ч хүлээх шаардлагагүй төд удалгүй ирлээ. Анх удаа л автобусанд сууж үзэж байна. Өмнө нь Зайсангийн эцсийн буудал дээр буугаад дээшээ алхдаг байсан бол одоо Богд уулын эцэс хүртэл явдаг болсон нь илүү давуу талтай. Дулаахан өдөр хотоос зайдуу, агаарт гарснаар эрүүл мэнддээ анхаарч байгаа хамгийн тод жишээ”  гэлээ.

А.Цолмон “Хичээл орохоос өмнө найзуудтайгаа хамт агаарч гарч байна. Хотоос автобус явдаг гэдгийг нь мэдэхгүй Зайсангийн буудлаас суусан. Өнөөдөр анх удаа гарч үзэж байна. Одоо буцахдаа автобусаар явах болохоор даарахгүй байх”.

Ж.Лхагваа “Амралтын өдөр хүмүүс олшрох төлөвтэй байна. Богд ууланд агаар усанд өргөнөөр гарч байгаарай гэж зөвлөе. Миний хувьд амралтын өдрүүдэд энд зогсдог. Чарга бол хүмүүс гайгүй авдаг. Чанараас шалтгаалж 20-70 мянган төгрөгийн чарга байна. Шугамын автобус явдаг болчихсон нааштай байна. Доороос автобусаар ирсэн. Дулаахан бас тохитой автобус байна лээ” гэв.

Н.Дабпиер “Бид гурав саяхан ирсэн. Нарлаг сайхан өдөр болж байна. Жоохон хүүхэдтэй болохоор байнга агаарт гардаг. Улаанбаатар утаатай болохоор хүүхэд ханиад томуу хүрэх нь хурдан байдаг. Тиймээс агаарт гарах нь эрүүл мэндэд сайн гэж боддог. Ууланд бас авирах сонирхолтой. Орон нутгийн хүмүүс учраас агаар салхитай ойр учраас ууланд гарах сайхан байдаг юм. Хүмүүсийн хандлага ер нь сайжирсан байна. Хогоо ил задгай хаяхгүй байгалиа хамгаалаад сайхан болж байгаа”.

 

Н.Билгүүн “Улиралд нэг удаа ууланд алхдаг. Өнөөдөр хүмүүс зөндөө байна. Ихэнх нь хүүхдүүд байх шиг байна. Миний хувьд өглөө 10.00 цагт энд ирсэн. Ажлынхаа хүмүүстэйгээ хамт ууланд гарч байна. Бие засах газрыг байгуулмаар байна. Сая замдаа ил задгай бие засч байгаа хүн харсан. Их эвгүй харагдлаа” гэлээ.

БОГД ХАН УУЛАНД АЛХАХАД АВТОБУС ЯВДАГГҮЙ, ИРГЭД ХУВИЙН АВТОМАШИНААР ЗОРЧИХ ЗЭРЭГ ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ ГАРДАГ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Эрүүл мэндийг сайжруулах үүднээс эмч нар иргэдийг ууланд алхахыг зөвлөдөг. Гэвч Богд хан ууланд алхахад автобус явдаггүй, иргэд хувийн автомашинаар зорчих зэрэг хүндрэлтэй асуудал гардаг. Тиймээс уг ажлыг нэн чухал гэж үзэж байна. Мөн бие засах газрын асуудлыг шийдэх шаардлагатайг иргэд хэлж байгаа. Тиймээс уг асуудлыг шийдэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тэмдэглэлээр үүрэг өгсөн. Үүнээс гадна автобус явуулах цаг зэргийг нарийвчлан тооцож, төлөвлөлттэй явуулах хэрэгтэй. Цаашид Хонхор тосгон зэрэг газруудын энэ мэтээр автобус явуулахыг судлах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Хэдийгээр ууланд алхах нь зөв дадал боловч иргэд татсан тамхины иш, уусан ундааны савыг ил задгай хаях байдал цөөнгүй гарч байна. Цэвэр агаарт гарч, ууланд авирснаар олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Манай улсын иргэдийн хувьд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй зүрх судасны өвчин элбэг тохиолддог. Тиймээс хөдөлгөөний дутагдлаас сэргийлж тогтмол ууланд алхахыг зөвлөе.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж