Үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн асуудалд нэр холбогдож дуулиан тарьсан. Тодруулбал, Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан юм. Тэрбээр "Б" сорьцын шинжилгээ хийлгэхээс татгалзсан байдаг. Түүний барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг Улсын баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос гаргаж, тус саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд тав, зургаан сар болж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга түүний цолыг хураах эсэх талаар шийдвэр гаргаагүй байгаа нь ч хардлага төрүүлж буй.
Шинэ жилийн үеэр Э.Оюунболдод Хэнтий аймгийнхан "Оны шилдэг" гардуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн.
Э.Оюунболд нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Угтаалцайдам суманд болсон “Атар газар эзэмшсэний 60 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд барилдаж түрүүлсэн нь улсын баяр наадмаас хойш анх удаагаа олны өмнө гарч барилдсан тохиолдол болсон билээ. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа удахгүй барилдана гэдгээ дуулгалаа. Түүний хэлснээр допингийн асуудал бол нэр төрд нь халдсан хэрэг гэнэ. Энэ талаар Улсын аварга Э.Оюунболд “Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу утсаар залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай. Би удахгүй барилдана” гэсэн байна. Үүнээс харахад Э.Оюунболд сар шинийн баяраар зодоглож магадгүй аж.
Б.ЦЭЦЭГ