“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтад хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлч нэгдэн, Б.Чинбатын гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлэх, рок попын “Niciton &Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт” тоглолт хийхээр болсон. Энэхүү хандивын аян хоёрдугаар сарын 1-нд “Niciton &Friends” тоглолтоор эхэлнэ. Орой 17:00 цагаас болох уг тоглолтод “Харанга”, “Соёл-Эрдэнэ”, “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, “Люмино” хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.
Харин хандивын тоглолтын үргэлжлэл болох мэргэжлийн уран бүтээлчдийн “Аравт” тоглолт хоёрдугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагт болох юм. Тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватор, “Морин хуурын чуулга”, “Түмэн эх” чуулга зэрэг урлагийн салбарынхан оролцох юм. Тоглолтын тасалбарын үнэ: “Niciton &Friends” тоглолт 30.000, 40.000, 50.000 төгрөгийн үнэтэй бол “Аравт” тоглолт 25 мянган төгрөгийн үнээр тус тус борлуулж буй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ