УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 лны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Чуулганы хуралдаанд 54 гишүүн оролцсоноос 45 нь дэмжиж кноп дарсан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Ерөнхий сайд хааччихав аа. Сонгуулийн дараах ажил юм, надад ямар хамаа байна ялагдахаас хойш гэж байгаа юм уу. Есөн яамтай ажиллахаа 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлчихэж болдоггүй юм уу. Ялсан нам нь Засгийн газрынхаа бүтцийг хийнэ, бид харин энд яриад суудаг. Ингэж болж байгаа юм уу. Эсвэл сонгууль болоод та нар ялчихсан юм уу.
Сайд С.Баярцогт та төрийн албыг цомхотгохдоо дээрээс нь эхэлье гэх юм. Дундаас нь эхлүүлэх гээд байгаа юм биш үү. Агентлагийг цөөлж, татан буулгах гэж байгаа чинь дээрээсээ биш дундах нь биз дээ” гэж санал хэллээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам хэд болов, 1990 онтой харьцуулахад хэдэн хувиар өсөв. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний үнэ хэд байна. Авто бензин дээрх аймгуудад болоод Улаанбаатар хотод ямар үнэтэй борлуулагдаж байгааг хариулж өгөөч. Хамгийн багадаа 20-30 хувийн ялгаа байгаа. Яагаад энийг асууж байна вэ гэхээр алслагдах тусмаа орлого нь багасч зарлага нь ихэсдэг. Нэр бүхий гишүүд Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг санаачилсан, УИХ хэлэлцэхгүй 5 жил болж байна. Өнгөрсөн долоо хоногт Бүсийн хөнгөлөлтийн тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын удирдлагад өргөн мэдүүлэх гэтэл хүлээж авахгүй байна. Хямралтай хүндрэлтэй үед нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулахын оронд Засгийн газар ОАТ-ыг нэмэгдүүлнэ гэж байна. Хямралтай үед орлого багатай иргэдээ дэмжих ёстой”.
Сангийн сайд Б.Болор “Шатахууны татвар нэмсэн тухайд нэлээд ярьсан. Төвийн боомтууд дээр орж ирж байгаа шатахуун дээр татварыг дээд хэмжээнд нь тогтоох асуудал яригдаж байгаа. Хуучин НИК байхад үнийг 100 хувь хянаад явах боломж байсан, өнөөгийн нөхцөлд боломжгүй болсон. Тогтвортой барихын тулд татварын бодлогоор зохицуулахаас аргагүй байгаа. Сүүлийн 10 жилийн түүхийг харахад бензины үнэ буусан ч бусад бараа буусан жишиг үгүй. Харин нэмсэн тохиолдолд шударга өрсөлдөөний хуулиар үндэслэлтэй нэмж үү гэдгийг шалгуулах боломжтой. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буусан үед буулгаагүй, төр хамгийн боломжтой нь татвараар тохируулга хийх боломжтой гэж үзсэн учраас энэ арга хэмжээг авч байна. Бензины үнэ харилцан ялгаатай байгаа бол тэгш болгох зарчим барьж байна.
Эрчим хүчний сайд Д.Зоригт “Баруун бүсийн гурван аймгийн эрчим хүчний 80 гаруй хувийг ОХУ-аас импортоор авдаг. 1 квт нь 200 гаруй төгрөг, айл өрхөд өгөхдөө 100 гаруй төгрөгөөр тооцдог. Алдагдлыг нь улсын төсвөөр нөхдөг. Жил бүр төсөвт хөрөнгө суулгаж. Энэ жилээс үнэ тарифт өөрчлөлт ороод ирэх жилээс 90 гаруй хувь нь татаасгүй ажиллах боломж бүрдэнэ. Баруун аймгийн хувьд татаас үргэлжилнэ”.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Статистик мэдээгээр 1990 онд нийслэл 400 мянга орчим мянган хүн амтай, хамгийн сүүлийн мэдээгээр 2011 онд 1.2 саяд хүрсэн байна. 21 жилийн хооронд хүн ам гурав дахин өсчээ”.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Улаанбаатар хотын хүн ам яагаад өсөөд байна вэ гэвэл аятай тухтай, орлоготой байх бололцоо нь байгаа учраас. Гэхдээ хүн амын нягтаршлаас болж хөрсний бохирдол агаарын бохирдол бий болсон. Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээгээ хөдөөд бага тогтоогоод өгчихвөл хөдөө, нийслэлд үүсээд байгаа сөрөг байдал арилна. Үүн дээр УИХ, Засгийн газар шийдэл гаргаад өгөөч ээ”.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Сангийн яам төсвийн хууль дээр нэлээн гайгүй ажиллаж, олон юмыг шинээр хийхээр санаачлага гаргаж оруулж ирсэн нь зөв. Гэхдээ зарим нэг зүйл анхаарал татаж байна. Ардын намынхан хариуцлагагүй байна гэж үдээс өмнөх хуралдаан дээр Н.Алтанхуяг гишүүн ярьсан. Эдийн засаг өнөөдөр яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдэгт УИХ үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Яагаад өнөөдөр өр зээлийн хэмжээ энэ хэмжээнд хүрэв. Яагаад төсвийнхөө орлогын 63.5 хувийг өрийн хүүний зээлийн төлбөрт өгөхөөр болсон бэ гэвэл Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхий сайд байх үеэс эхэлсэн. 2016 оны төсөвтэй холбогдуулаад хэлэхэд, татан буулгах санд байгаль хамгаалах санг оруулсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар гадаадын эх үүсвэр санхүүжилт татах хэрэгтэй. Гадны тусламж дэмжлэг авахын тулд байгаль хамгаалах сангаа байлгах ёстой. Төсвөөс гадуур орлого бүрдүүлэхэд том дэмжлэг болно. Тийм учраас 2 тэрбум төгрөгийг нь үлдээчих, тэгж байж 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татна. Улсын төсөвт л тус болно.
Шинжлэх ухааны салбарын төсвийг хасч оруулж ирж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг дээр хөгжинө. Эрдэмтэн судлаачдынхаа мэдлэг боловсролыг нь ашиглах ёстой. Тус байгууллагын төсвийг 40 хувь хасахгүйгээр өмнөх оных нь хэмжээнд батлаад өгчих.
Дөрөвт, бараа ажил үйлчилгээгээ хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэнд нь нэн тэргүүнд зардлыг нь олгох. Эхлүүлсэн ажлаа дуусгахад анхаарах хэрэгтэй байна”.
Сангийн сайд Б.Болор “Байгаль хамгаалах сангийн хувьд бид нэлээд ярилцсан. Улс оронд ямар байдаг вэ гэдгийг судалж үзсэн. Орон нутаг чиг үүргийг нь хариуцаад явдаг юм билээ. УИХ дээр санал гаргаад энэ асуудлыг төсөвтөө багтаах бүрэн боломжтой.
Шинжлэх ухааны салбарын төсвийн хувьд 2011-2012 оныхтой харьцуулбал нэлээн нэмэгдсэн. Санхүү хүнд байгаатай холбоотойгоор тодорхой хэмжээгээр бууруулсан. Нөхцөл байдал хүнд байгаа үед тодорхой хэмжээгээр жаахан бууруулсан. Байдал сайжраад ирэхэд буцаагаад өсгөх боломжтой.
УИХ-ын гишүүн А.Бакей “Засгийн газар өөрснийхөө хэмжээнд хэмнэлтийн төсөв оруулж ирсэн. Том хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ гэхээр өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал хүнд байгаа. Ямарч байсан хувилбар оруулж ирсэн. Болох ч юм байна, болохгүй ч юм байна. Ирэх жилийн төсвийн байдлыг авч үзэхэд улс төрийн албан тушаалтан гэдэг ангилал дотор УИХ-ын гишүүдийн туслахын цалин 500 мянга. Түүнийг 30 хувь бууруулахаар оруулж ирсэн. Захиргааны албан тушаалын цалинг 10 хувиар бууруулна. Хамгийн мэргэшсэн хүмүүс ажиллах ётсой. Эргэж харах сайжруулах шаардлага байна. хаа, хаанаа ойлголцоод дэмжээд явах нь зүйтэй байна.
Чуулганы хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ