Хүйтний улирал чангарч яваа энэ өдрүүдэд улс орны эдийн засаг, улс төрийн үйл явдал ч чангарах шинжтэй. Долоо хоног бүхэн дуулиантай, сенсаацитай байдаг нь жам болжээ.
УИХ-ын дарга гадаадад, Ерөнхий сайд дотооддоо томилолтоор ажилласан долоо хоногийн гол дуулиан нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий проукрор Б.Жаргалсайхан УИХ-д ирүүлсэн явдал байлаа. Томчууд нь "эзгүй" учраас Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор хуралдах хуулийн заалтаа зөрчин, уг асуудлыг хэлэлцэх хугацааг хойшлуулсан юм.
"Өвчтэй" гэх шалтгаанаар үүрэгт ажлаа орлогч С.Алиманцэцэгт нэг хэсэг шилжүүлсэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажилдаа ирсэн анхны өдрөө ийнхүү сенсааци тарьсан шалтгаанаа нууцалж, "хэн нэгнийг эргүүлэн татах асуудал яриагүй" хэмээн сэтгүүлчдэд мэлзэв.
Ямарч байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудал "хүндэрч" байна. Тэрбээр одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Түүний дараагаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирнэ гэсэн мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяраар салхийг нь хагалуулж, МАН-ын ЖДҮчдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕП удахгүй тавина гэсэн хов яриа албажиж магадгүй байна.
Долоо хоногийн эхний өдөр ардчилсан Үндсэн хууль баталсны ойн өдөр тохиосон бөгөөд энэ өдөр ардчиллын алтан хараацай гэгддэг Э.Бат-Үүл нийтлэл бичиж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө шүүхийн хаалга татсан юм. Түүнийг АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан ардчилсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжилсэн гэж шүүх дуудсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан нь олон нийтийн дунд мөн л шүүмжлэл маргаан дагуулсан. Товчхондоо ардчилсан Үндсэн хууль баталсан өдөр ардчиллын алтан хараацай гэгддэг Э.Бат-Үүлийг шүүх дуудсан нь санамсаргүй тохиолдол биш гэж дүгнэх хүмүүс цөөнгүй байлаа.
УИХ-ын чуулганаар хоёр чухал хууль баталсан нь малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах ялыг нэмэгдүүлж, мөн Эрүүгийн хуулийг баталсан явдал. Дээрх хуулиудын өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлж, худал мэдээлэл тараавал шоронд суухаар болж байгаа юм.
Тэтгэврийн зээлийг тэглэх шуугиан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлжээ. Засгийн газар ямар нөлөөлөлгүй гэж мэдээлсэн ч сонгууль угтсан шоу нь иргэдийн халаасыг тэмтэрч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нэг гараараа Засгийн газар мөнгө тарааж, нөгөө гараараа иргэдийнхээ халаасан дахь мөнгийг тэмтэрч эхэлснээр төгрөгийн ханш улам л суларч байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ