Дэлхийн томоохон цахим сүлжээний нэг Facebook компани техникийн алдаатай орчуулгаас үүдэн Хятадын удирдагч Ши Жиньпинээс уучлалт гуйлаа. Учир нь тус цахим сүлжээн дээр Ши Жиньпиний нэрийг бирм хэлнээс англи хэл рүү хөрвүүлэхэд Mr.Shithole хэмээн орчуулагдаж байжээ.
Энэхүү орчуулгын алдаа нь БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний Мьянмарт хийсэн айлчлалын хоёр дахь өдөр буюу тус улсын төрийн зөвлөх Ан Сан Су Читэй Бээжин дэд бүтцийн арав гаруй том гэрээнд гар үсэг зурах үеэр илэрчээ. Мөн Ан Сан Су Чигийн Facebook-ийн албан ёсны хуудсан дээр тус айлчлалын талаарх мэдээг бирм хэлнээс англи хэл рүү орчуулахад “Mr Shithole” хэмээн гарч иржээ.
Тиймээс "Facebook" компани өөрсдийн мэдэгдэлдээ “Facebook дээр бирм хэлнээс англи хэл рүү алдаатай орчуулж буй техникийн асуудлыг бид зассан. Ийм алдааг дахиж гаргахгүй байх тал дээр ажиллана. Ийм алдаа гргасандаа гүнээ харамсч байна" гэжээ.
Хонгконгоос бусад эх газрын Хятад улсад "Facebook"-ийг хориглосон байдаг ч тус улс нь Facebook компаний АНУ-ийн дараа орох хамгийн том орлогын үүд юм. Учир нь Хятадын бизнессийн компаниуд дэлхийн бусад улсууд руу Facebook-ээр дамжуулан зар сурталчилгаа ихээр явуулдаг байна. Үүнээс улбаалан "Facebook" компани Хятадын зар сурталчилгааны бизнесст онцгой анхааран инженерийн баг бүрдүүлж байгаа тухай мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ : REUTERS.COM
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ